Дэлхийн хамгийн том нисэх компани

АНУ-ын American Airlines болон US Airways гэсэн нисэхийн хоёр компани нэгдэх гэж байгаа талаар 2011 оноос хойш яригдсаар ирсэн. Тэгвэл тус хоёр компани саяхан нэгдээд байгаа аж. Ингэснээр дэлхийн хамгийн том нисэх компани байгуулагджээ.

Ингэснээр нэг тэрбум гаруй ам.доллар хэмнэх боломжтой хэмээн хоёр компанийнхан үзэж буй. Шинэ компанийн нэр American Airlines. Өдөр тутам 50 гаруй орны 330 гаруй чиглэлд 6700 орчим нислэг үйлдэхээр төлөвлөөд байна. Тус компанийн нийт ажилтны тоо 100,000 орчим байх аж.

Үүнтэй холбоотойгоор Nasdaq хөрөнгийн бирж дээр шинэ компанийн нэр дээр гаргасан AAL хэмээх хувьцаа ихээхэн өсөлттэй байна. US Airways компанийн тэргүүн асан Доу Паркер шинэ компанийн захирал нь болсон аж. Тэрбээр “Дэлхий дахинд буй манай ажилтнууд, үйлчлүүлэгчид болон олон нийт шинэ компани байгуулагдахыг тэсэн ядан хүлээж байсан. Бид хоёр компанийн хамгийн шилдгийг бүрдүүлж, бүх оролцогч талд үйлчилгээ хүргэхэд илүү тохиромжтой болгосон. Компанийн нэгтгэлийг аль болох түргэн хугацаанд үр дүнтэй хийхээр ажиллаж байна” гэжээ.