Дэлхийн хамгийн урт автобус

ХБНГУ-ын Дрезден хотод дэлхийн хамгийн урт автобусыг бүтээлээ гэж “T-Online” мэдээлэв. Энэхүү автобусын урт нь 30 метр, өргөн нь 2.55 метр, өндөр нь 3.4 метр аж. Тус автобус нэг дор 256 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Зохион бүтээгчид өөрсдийн бүтээлээ “автотрам” гэж нэрлэж байна. Энэхүү өвөрмөц унааны загварыг Фраунхофын институт боловсруулжээ. Германы Шинжлэх ухаан, боловсролын яамны захиалгын дагуу энэхүү төслийг хэрэгжүүлсэн билээ. Нийтийн тээврийн хэрэгслээс багтаамжаараа ялгарах шинэ автобусыг бүтээхдээ байгаль орчинд ээлтэй байх асуудлыг мөн харгалзжээ. Автобус цахилгаан мотортой бөгөөд үүнийхээ тусламжтайгаар найман км замыг батарейгээр явдаг гэнэ. “The Local”-ын бичсэнээр жирийн автобус жолоодохтой адилхан тул шинэ унааны жолоочыг давтан сургах шаардлаггүй аж. Одоогийн байдлаар Дрезден хотын захын дүүргүүдэд дээрх автобусыг унах туршилт хийж байна. Ирэх аравдугаар сараас шугаманд гарахаар төлөвлөжээ. Институтын захирал Маттиас Клингерийн хэлснээр, шинэ автобус олон үнэтэй трамыг орлож чадах аж. Урт унааг Германд төдийгүй ОХУ-д мөн сонирхож эхэлжээ.