Дэлхийн худалдааны байгууллага ОХУ-ыг шүүмжилжээ

Импортын хуучин машинаас авах “Ашиглалтын татвар” –ийн асуудал ОХУ болон Дэлхийн худалдааны байгууллагын харилцааны мухардмал байдлын гол шалтгаан болоод байгаа юм. ДХБ-ын дүрмийн дагуу болон авто машин импортлогчдын зүгээс шимтгэл авахыг болиулахыг шаардаж байгаа бол Орост өөрийн үйлдвэртэй иргэд хэвээр үлдээхийг хүсч байгаа аж.

Оросын Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров “Манай улс импортын тээврийн хэрэгслээс ашиглалтын татвар авахаа зогсоох талаар ямар нэг төлөвлөсөн зүйл байхгүй. Энэ бол зөвхөн эхлэл. Цаашдаа өөр төрлийн үйдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдэд дээрхтэй ижил татвар ногдуулж магадгүй юм” гэжээ.

Түүний уг мэдэгдэлд ДХБ-ын тэргүүн Паскал Лами илт дургүйцэж “Оросын төрийн тэргүүнүүд ДХБ-ын гишүүн атлаа ийм өнгө аястай ярьж байгаад гайхаж байна. Нэгэнт гишүүн болсон бол дүрмийг дагаж мөрдөх нь зүйтэй” гэсэн байна. ОХУ 2012 оны зургаа дугаар сард ДХБ-ын 152 дугаар гишүүнээр элссэн билээ.

Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны дор үйл ажиллагаагаа явуулдаг Худалдааны хэлэлцээрийн тэнхимийн тэргүүн Максим Медведков “Дэлхийн худалдааны байгууллагад ашиглалтын татвар авдаг орон гишүүн олон бий. Түүгээр ч барахгүй Хятад, Энэтхэг, Бразил зэрэг оронд хуучин машин импортлохыг хориглодог. Тэдгээр орны талаар сүр дуулиан болгож ярьсан зүйл байдаггүй шүү дээ” гэжээ.

Түүнчлэн ОХУ ДХБ-д элссэний дараахан АНУ болон Европын холбооноос тус улсын ашиглалтын татварыг эсэргүүцсэн албан ёсны санал ирүүлж байжээ. ОХУ улс хөнгөн тэрэгт 20.000 орчим рубль (665 ам.доллар), хүнд даацын тээврийн хэрэгсэлд 150.000 рублиэс багагүй (4990 ам.доллар) –ын ашиглалтын татвар ногдуулдаг аж. Машин хуучин байх тусам татвар өндөрсөнө.
Ашиглалтын татварын хувьд зөвхөн импортын хуучин машинд хамаарна. Шинэ машинд ногдох татварын хэмжээ бага. Оросын газар нутагт үйлдвэртэй авто машин үйлдвэрлэгчдэд харин хамааралгүй юм.