Дэлхийн хэмжээний уулзалт Монголд

Бельгийн Вант улсын Брюссель хотноо 2010 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний найм дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид ороцож, уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эдийн засаг, санхүүгийн засаглал", "Тогтвортой хөгжил, "Глобал асуудлууд" гэх мэт сэдвээр өөрийн орны байр суурийг илэрхийлж байсан билээ. Түүнчлэн тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Ус ба ойн асуудлаарх байгаль орчны сайд нарын ээлжит чуулганыг өөрийн улсад зохион байгуулах санаачлага дэвшүүлсэн. Улмаар санал дэмжигдэж, хоёр жилд нэг удаа зохиогддог Байгаль орчны сайд нарын олон улсын уулзалт манай оронд энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уулзалтын талаар БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар “Уг хурлыг өөрийн оронд зохион байгуулснаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, байр суурийг олон нийтэд сурталчилан таниулах, эл чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээх зэрэг ихээхэн ач холбогдолтой” гэсэн юм.

АСЕМ нь улс төр, нийгэм, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаарх яриа хэлэлцээр хийдэг дэлхийн хэмжээний байгууллага. Одоогийн байдлаар АСЕМ нь дэлхий дахинаа Ази-Европын залуу удирдагчдын форум, Терроризмтэй тэмцэх асуудлаарх семинарь, Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааны хөтөлбөр, Хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагаа, Мэдээллийн технологи, холбоо харилцааны хөтөлбөр, Эрчим хүчний асуудлаарх семинар, ДОХ-ын эсрэг хамтын ажиллагааны хөтөлбөр гээд улс төрийн 14, эдийн засгийн 51, нийгэм, соёлын 41 салбарт тус тус үйл ажиллагааг явуулдаг байна. Түүнчлэн Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны гишүүн 10 орон, Монгол, Австрали, БНХАУ, БНСУ, ОХУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон зэрэг 46 улс болон Европын Комисс АСЕМ-ын гишүүнээр нь ажиллаж байгаа аж. Эдгээр улсын байгаль орчны сайд нар чуулга уулзалтад оролцохоор манай улсад айлчлаад байна.