Дэлхийн шинэ хандлага ба ногоон хөгжил

Өмнөд Солонгос далайгаар хүрээлэгдсэн ногоон улс мөртлөө Засгийн газраас нь ногоон хөгжлийг эрчимтэй дэмжиж, тусгай бодлого боловсруулан ажиллаж байна. Бүр мужаараа, дүүргээрээ, гудамжаараа ногоон болохын төлөө солонгосчууд идэвхи санаачилгатай ажиллаж байна. Харин төрөөс нь орчин тойрноо, компанийн үйлдвэрлэлээ ногоон болгоход анхаарч ажилласан байгууллага, хувь хүнийг урамшуулан, үйл ажиллагааг нь дэмждэг аж. Ер нь дэлхийн олон улс орон уламжлалт хөгжлийн загвартаа өөрчлөлт хийж, дэлхийн хөгжлийн шинэ хандлагыг даган бодлого, төлөвлөгөөгөө боловсруулаад явж байна.

Харин манайх шинэ хөгжлийн аянд хөл нийлүүлэн алхах талд нэлээд хойрго хандаад байна уу даа гэсэн бодол төрөх. Нэгэн эрдэмтний манай улсыг хөгжлийг яст мэлхийн хурдтай зүйрлэсэнтэй адил ногоон хөгжилд ч мөн тийм байдлаар хандаж байна. Нөгөө талаар уул уурхайн баялагтаа хамаг анхаарлаа төвлөрүүлээд байгаль орчны асуудлыг хойш нь тавиад буйг эрдэмтэн докторууд ярьж, хэлсээр байгаа билээ. МҮХАҮТ-аас ногоон эдийн засаг, бизнесийг хөгжүүлэх анхны санаачилгыг гаргаж, олон ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, 3 Ц буюу цэвэр байгаль орчин, цэвэр хүнс, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд, тухайлбал, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг ногоон хөгжил рүү чиглүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, оны шилдэг компаниудыг шалгаруулан урамшуулахдаа ногоон чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг нь голчлох зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа. Мөн “Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд заасны дагуу Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих үндэсний хөтөлбөр (“Таван 20”)-ийг боловсруулаад байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь 20/20/20/20/20 буюу 2020 он дуустал хугацаанд
-эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх,
-сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилагдсан чадлын 20 хувьд хүргэх,
-хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах,
-байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх,
-“Ногоон худалдан авалт”-ыг Засгийн газар, орон нутгийн төсвийн нийт худалдан авалтын 20 хувьд хүргэхэд чиглэжээ.

Одоо уг хөтөлбөрийг Засгийн газартай хамтран амьдралд буулгаж, хэрэгжүүлэх л ажил үлдээд байгаа аж.
Хэдийгээр төрийн бус байгууллагуудаас байгаль эхээ хайрлан хамгаалах, байгаль дэлхийд хал балгүй үйлдвэрлэл явуулах санаачлага гаргаж, ажиллаж байгаа ч хамгийн гол нь төрийн зүгээс тууштай дэмжиж, хөрөнгө оруулалт хийж, хөгжин дэвшихийн дэлхийн шинэ өнгө төрхтэй хөл нийлүүлэн хурдацтай алхах шаардлагатай байна.