Дэлхий дахинд бодлогын хүү

Он гарсаар дэлхийн орнууд эдийн засгийн өсөлтөө хадгалах, нэмэгдүүлэх үүднээс бодлогын хүүгээ бууруулах болжээ.

Урд хөршийн бодлогын хүү өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар 5.31 хувьтай байв. Тус улсын Засгийн газар юаниа ам.долларыг орлохуйц дэлхийн хэмжээний гадаад валютын нөөц болгохоор зорьж байгаа аж. БНХАУ өнгөрсөн сард Австралитай своп хэлцэл хийсэн нь валютын зах зээлд шинэ хувьсгал хийсэн бөгөөд австрали доллартай юаниар шууд худалдаа хийх боломж бүрджээ.

Харин хойд хөршийн бодлогын хүү өнгөрсөн сарын байдлаар 7.75 хувьтай байв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гаднын хөрөнгө оруулагчид тус улсаас 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа буцаан татсан аж.

АНУ-д 0.25 хувийн бодлогын хүү баримталж буй. Тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.5 хувьтай байхаар таамаглаж байгаа бөгөөд аж үйлдвэр, автомашин үйлдвэрлэл зэрэг томоохон салбарт өсөлт харьцангуй сайн байгаагийн зэрэгцээ ажилгүйдлийн түвшин нэлээд буурч, 7.5 хувь болжээ.

Европын Төвбанк бодлогын хүүгээ энэ сарын 2-нд 0.75-аас 0.5 хувь болгон бууруулсан нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Евро бүсийн 17 гишүүн оронд ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдэж, инфляцийн түвшин сүүлийн гурван жилд хамгийн доогуур үзүүлэлттэй байсантай холбоотой аж.

Япон улс “Тэг хувийн бодлогын хүү” баримталж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой. Шинэ Засгийн газрын тэргүүн Шинзо Абэ хоёр дахь удаагаа сонгодсоноос хойш зоригтой алхмуудыг хийж, тус улсын Төвбанк инфляцийг 0.7 хувь болгон бууруулаад байгаа билээ. Мөн ихээхэн хэмжээний иенийн дэвсгэртийг зах зээлд шинээр оруулж, инфляцийг албаар унагах болсон. Учир нь экспортыг дэмжих зорилготой юм байна.

Азийн гуравдагч том эдийн засаг бүхий Энэтхэгийн Төвбанк зогсонги байдалд орсон эдийн засгаа сэргээх зорилгоор өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 7.5-аас 7.25 хувь болгон бууруулаад байна. Он гарсаар гурав дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулсан аж. Тус улсын эдийн засгийн өсөлт удааширсан нь аж үйлдвэр гэх мэт голлох салбаруудын өсөлт буурснаас шалтгаалжээ.

Харин манай орны хувьд Монголбанк бодлогын хүүгээ өнгөрсөн сард нэг хувиар буулгаж, 11.5 хувь болгосон бөгөөд одоогийн байдлаар инфляци 9.8 хувьтай байна.