Дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэг хувиар буурчээ

Дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард нэг хувиар буурчээ. Энэ нь цаашид хүсний бүтээгдэхүүний хангамж сайжирч, нөгөө талаас улаан буудай, эрдэнэ шишийн ургац хураах улирал эхэлж байгаатай холбоотой болохыг НҮБ-ын Хүнсний байгууллагаас мэдэгджээ.

Өнгөрсөн онд АНУ-д болсон ган гачигийн улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж байсан бол энэ онд дэлхий дахинд үр тарианы хангамж дахин сэргэж байгаагийн зэрэгцээ цаг агаарын төлөв ч сайжирч байгаа нь дэлхийн зах зээлд эерэгээр нөлөөлж байгаа аж.

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргадаг амуу тариа, ургамлын тос, сүү, мах, элсэн чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс хоёр сар дараалан буурсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрээд буй.

Тус байгууллагын ахлах эдийн засагч Абдолреза Аббассиан “Ургац хураалтын төлөв бидний таамаглаж байснаас сайн үзүүлэлттэй байгаагийн зэрэгцээ хэрэгцээ харьцангуй буурсан. Цаашид хүнсний бүтээгдэхүүний үнэ илүү тогтвортой байх хандлагатай” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор тус байгууллага Хөдөө аж ахуйн зах зээлийн мэдээллийн систем (Amis)-тэй хамтран гаргадаг зарим хүнсний бүтээгдэхүүний 2013-2014 оны үйлдвэрлэлийн төлөвөө нэмэгдүүлжээ. Тухайлбал, улаан буудайн 2013-2014 оны үйлдвэрлэлийг хоёр сая тонноор нэмэгдүүлж, 704 сая тонн, эрдэнэ шишийн үйлдвэрлэлийг есөн сая тонноор нэмэгдүүлж, 972 сая тонн байхаар тус тус тооцжээ.