“Дэлхий” дэмжье, та нар зүтгэ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага/FAO/ Монгол улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний хангамжийн өнөөгийн үйлдвэрлэлийг сайшааж, дотоод нөөц бололцоогоо улам сайн ашиглахыг уриалж, “дэлхий” дэмжье, та нар зүтгэ хэмээн зоригжуулж байна гэж үзэж болох нь ээ. НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал Грациано Да Силва энэ сарын 04-нөөс 05-нд манай улсад айлчилж байна. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон Шадар сайд нарт бараалхахын зэрэгцээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай таван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Дэлхийн хүнсний байгууллага Монголд ийн ач холбогдол өгч байгаа нь олзуурхах зүйл билээ.

Шинэчлэлийн гэх тодотголтой шинэ Засгийн газрын бүс нутагтаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлээр экспортлогч орон болох зорилт ноён Силвад тун догь санагджээ. Тэрбээр “Бидний өнөөдрийн үзэглэсэн санамж бичгийн хүрээнд Монгол орон газар тариалан болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй экспортлогч орон болоход НҮБ-ын ХХААБ-аас дэмжин хамтран ажиллахад таатай байна. Мөн монгол орон цэнгэг усны нөөцтэй учраас загасны аж ахуйг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ” гэв. Мөн тэрбээр ирэх арванхоёрдугаар сард Ром хотноо болох НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий ассамблейд манай Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг оролцохыг урилаа. Түүнчлэн 2014 онд Монголд тус байгууллагаас Суурин төлөөлөгчөө суулгахаа ч мэдэгдлээ.

Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х. Баттулга НҮБ-ын ХХААБ-ын даргын айлчлалыг Монгол улс өмнө нь энэ байгууллагаас байнга тусламж хүсэж байсан бол өдгөө тариа ногоо, улаан буудайгаа дотооддоо тариалж улмаар экспортлох хэмжээнд хүрч байгаа ололтыг баталгаажуулах үйл явдал юм гэж дүгнэв.

Дээрх таван жилийн хугацаанд хоёр талын хамтран хэрэгжүүлэх ажлуудын шаардлагатай санхүү, техникийн тусламжийг НҮБ-ын ХХААБ-аас энэ оны сүүлч болон ирэх оны эхээр үзүүлнэ гэдгийг Силва онцоллоо. Тэрбээр маргааш Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай уулзах юм байна.