Дэлхий дээрх хамгийн алслагдмал атлаа үзэсгэлэнт газрууд

Ольхон арал, Орос

Дэлхийн хамгийн гүн цэвэр уст нуур болох Байгаль нуурыг бүслэн оршдог Транс Сибирийн төмөр замаар Москвагаас гурван өндөр хагас, Бээжин хотоос гурван өдөр аялсаны эцэст энэ газар ирнэ. Гэсэн ч аян замын адал явдал, Байгаль нуурын бахдам дүр Ольхон арлын холыг ойртуулах увидастай. Дэлхийн нийт цэвэр усны 20 хувийг бүрдүүлдэг Байгаль нуурын төв цэгт 72 км урттай Ольхон арал оршдог. Цаг уурчдын шинжилгээгээр Байгаль нуур доторх хамгийн том арал Ольхон нь Хар далайн эргийн дагуух нутгаас ч илүү нарлаг бөгөөд нуурын бусад хэсгийг бараан үүл дарж байхад зөвхөн энэ хэсэгт л өдөр бүр нартай байдаг байна.

Куттинирпаак үндэсний хүрээлэн, Канад

Куттинирпаак нь Канадын хоёр дахь том үндэсний хүрээлэн ч хүн хамгийн бага зочилдог газруудын нэг. Хойд Америкийн хамгийн хойд цэгт орших энэ арлыг Канадын ар нуруу гэж хэлж болно. Аялагчдын халаасны гүн, түрийвчний зузаантай ярьдаг энэ газарт очихын тулд 32 мянган канад ам.долларыг хуваарьгүй нислэгт зарцуулахдаа бэлэн байх хэрэгтэй. Куттинирпаакт орчин үеийн аялал жуулчлалын хөгжил, засмал зам, ногоон модны аль нь ч байхгүй. Гэсэн ч цагаан баавгай, цайран харагдах үзэсгэлэнт уулс бий. Куттинирпаак хэмээх нэрийг 1999 онд өгсөн бөгөөд дэлхийн дээвэр гэсэн утгатай үг ажээ.

Робинзон Крузогийн арал, Чили

Уран зохиолын түүхэн дэх хамгийн алдартай ганцаардмал нэгэн бол Робинзон Крузо бизээ. Тэгвэл түүний нэрээр нэрлэгдэж, түүнтэй адил ганцаардмал ертөнцөд оршиж ирсэн нэгэн арал Өмнөд Америкийн эргээс 670 км-ийн зайд байдаг байна. 1704 онд хөлөг онгоцныхоо ахмадтай маргалдсан Александр Сельскирк өөрийг нь арал дээр буулгахыг түүнээс шаарджээ. Тэрбээр энэ арал дээр дөрвөн жил амьдарсан бөгөөд хожим нь зохиолч Даниел Дефод Робинзон Крузо зохиолоо бичихэд гол сэдэл, түлхэц нь болж өгчээ. Номхон далайн ганцаардсан энэ арал дээр өнөөдөр 500 гаруй хүн амьдардаг ч гаднаас зочилж ирэгсэд тун ховор. Жилд хамгийн ихдээ л 100 хүн тус арал дээр ирдэг байна.

Скоттийн шилтгээн, Калифорн, АНУ

1920-иод оны үед Чикагогийн саятан Альберт Жонсон Скотт хэмээн эрхэмд мэхлэгдэн, алтны томоохон уурхайн эрэлд Калифорн мужын “Үхлийн хөндийг” зорин ирсэн байдаг. Гэсэн ч удаан хугацаанд ядарч чилээрхсэн Жонсон энэ нутгийн халуун, хуурай нөхцөлд алтнаас илүү үнэтэй эрдэнэсийг олсон гэдэг. Түүнийг тэнд байх хугацаанд бие нь дээрдэж, эрүүл мэнд нь илт сайжирч эхэлсэн байна. Тиймээс Жонсон дэлхийд халууны температураар хоёрт бичигддэг энэхүү цөл бүхий хөндийд шилтгээн барихаар шийджээ. Үхлийн хөндийгөөс 70 км-ийн зайтай орших испани загварын Скоттийн шилтгээн нь өнөөдөр хэнд ч хэрэггүй цаг мөнгөний гарз мэт сүндэрлэдэг. Гэсэн ч 1000 гаруй төмөр хоолойноос бүрдсэн театрын орган хөгжимтэй энэ шилтгээн нь халуунд хонины нэхийний ард нуугдсан мэт тав тухтай.

Руб-эль Хали, Саудын Араб

Англиар “Хоосон” хэмээн орчуулагддаг Руб-эль Хали дэлхийн дээрх хамгийн их элсээр бүрхэгдсэн газар ажээ. Арабын хойгийг тэр чигт нь элсээр бүрхсэн энэ хэсэг Франц, Бельги, Нидерланд улсыг нийлүүлснээс ч том газар нутгийг эзлэн оршдог байна. Түүнчлэн Руб-эль Халид Эфелийн цамхагаас ч өндөр элсэн манхантай олон тааралдах бөгөөд зуу, зуун км үргэлжлэх 300 метрийн өндөртэй элсэн цамхагууд байх ажээ. Эфелийн цамхаг Парисийн хөрсөнд хөдөлгөөнгүй бат бөх сүндэрлэж байх зуур эдгээр элсэн манхан нь хүчит салхины эрчинд жилд 30 метр шахам газар нүүдэллэдэг байна.

Камчаткын хойг, Орос

Орос улс хэр том байж болох талаар төсөөлөл байна уу. Тэгвэл үүнийг бодол санаандаа дүрслэх гээд үз. Нутгийн зүүн захын далайн эрэгтэй хиллэх Камчаткын хойг нь Оросын нийслэл Мосвагаас илүүтэй АНУ-ын Лос Анжелест ойрхон оршдог. Орост айлчин гийчний бараа сураг барагтаа гардаггүй цөөнгүй газрар байдгийн нэг нь энэ. Ойролцоогоор 1200 км үргэлжлэх энэхүү хойг нь 200 гаруй галт уултай учир газрын гадаргын тогтоц, дулааны хэмжүүрээр маш идэвхтэй бүсэд тооцогддог байна. Эргэн тойрон галт уулын нурманд хучигдсан байх тул Оросын сансрын хөлгүүдийг энд туршиж үздэг байжээ. Нэгэн цагт Камчаткын хойгт хүрэхийн тулд зургаан сарын урт аялал хийдэг байсан бол өнөөдөр Москвагаас шууд нислэгээр ирэх боломжтой болжээ. Гэсэн ч онгоцоор 11 цаг ниснэ гэдэг дэлхий дээрх хамгийн урт дотоодын нислэг ч байж мэднэ.

Кейп-Йорк, Австрали

Австрали Улс нь эзгүй зэлүүд газруудаараа алдартай. Кейп-Йорк нь австраличуудад ч тэр алслагдмал, хаалттай хязгаарын нутаг мэт санагддаг байна. Нутгийн хойд үзүүрт хүрэхийн тулд 4X4 хэмжээтэй бартаа саад ихтэй замаар аялах хэрэгтэй болдог. Кейп-Йорк нь Австралийн Кэрнс хотоос 1000 км-ийн зайд оршдог бөгөөд энэ нь Брисбен хотоос 2700 км, Сиднейгээс 3700 км зайд байрладаг гэсэн үг ажээ. Кейп-Йоркт хамгийн ойрхон оршдог Кэрнс хотоос л гэхэд олон өдөр машинаар явахаас гадна махчин матар олонтой гол горхийг сонголтгүйгээр дайран өнгөрөх ёстой. Харин энэ хүртэл зорьж ирсэний чинь шагналд хүний мөр цөөн, гүн цэнхэр далайн усаар хүрээлэгдсэн хадархаг булан тохой хүлээж байх болно. Үзэх харах зүйл үүнээс цааш үгүй нь эргээд харих дохио мэт.

Конкордяа, Пакистан

Пакистаны хойд бүс нутаг болох Балтистаны Балторо, Гольдвин Остин болон Вигне зэрэг мөсөн голын уулзвар цэг Конкордяад хүрэхийн тулд арван өдөр явган алхах ёстой. Эцэст нь Каракорум уулсын нэг хэсэг дэлхийд өндрөөрөө Эверестийн дараа ордог К2 уулын бэл таныг угтана. Амар хялбар аргаар тэнд хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Уулсын дунд, хамгийн гүнд үүрд нойрсох боломжтой дэлхий дээрх цөөн газрууд байдгийн нэг нь энэ. Зурагчин Гален Роүвэль Конкордяа хэтэрхий хол оршдог ч “Уулын бурхадын өргөө” мэт хэтийдсэн гоо үзэсгэлэн нь юутай ч зүйрлэмгүй ганцхан юм хэмээн хэлж байжээ. Европын судлаачид газар орны байдал нь Европын өндөр уулстай ихээхэн төстэй байсан учир Конкордяа хэмээх нэрийг өгчээ.