Дэлхий ногоон эрчим хүч рүү

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дулаарал нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, хүмүүсийн өдөр тутмын амьдралд нөлөөлж эхэллээ. Цаг агаарын онц аюултай үзэгдлүүд сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа төдийгүй манай улсад олон тохиох боллоо. Энэхүү цаг уурын өөрчлөлт дэлхийн улс орны өнцөг булан бүрт ажиглагдаж, эрдэмтдийн таамаглаж байснаас илүү хурдацтай түрэн орж ирж, хүн төрөлхтөний өмнө тулгарсан хамгийн бодит аюул болсныг улс орнууд тэмдэглэхийн зэрэгцээ хамтын хүчээр тэмцэхийг уриалсаар байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо хуралдсан Дэлхийн ирээдүйн эрчим хүчний чуулга уулзалтаар ирээдүй хойч үедээ эх дэлхийгээ хадгалж үлдээхийн тулд одооноос юу хийх ёстой, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн багасгах талд ямар арга хэмжээ авч ажиллах тухайд ярилцаж, нийтээрээ хамтран тэмцэх уриалга гаргасан байгаа. Мөн тус уулзалтаас байгаль орчны доройтол болон хоол хүнсний дутагдал үүссэнээс санхүүгийн хямрал нүүрлэсэн. Энэхүү хямралыг даван туулахад сэргээгдэх эрчим хүч чухал үүрэгтэй гэж тэмдэглэсэн нь бий. Олон улсын эрдэмтэн судлаачдын хувьд карбоны татвар буюу нүүрсхүчлийн хийн ялгаралтад ногдуулах татвар хүчин төгөлдөр болсноор сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг ихтэй орнууд стратегийн давуу талтай болно. Нөгөө талаар ногоон эдийн засгийн эрин үе нь хөгжиж байгаа орнуудын хувьд сэргэн мандах том боломж гэж үзэж байгаа юм. Тиймээс улс орнууд ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна.

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, бороо, далайн давалгаа, газрын гүний дулаан зэргээс гарган авдаг, байгалиас тасралтгүй сэргээгддэг энергийг хэлэх ба Олон улсын эрчим хүчний агентлаг" Сэргээгдэх эрчим хүч нь байгалийн процессоор үүсэх ба тасралтгүй нөхөгдөнө. Эдгээр нь нарнаас шууд эсвэл дэлхийн гүнээс үүсэж болно. Энэ тодорхойлолтод нар, салхи, далай, ус, биомасс, газрын гүний дулаан, биотүлш, сэргээгдэх эх үүсвэрээс үүдэлтэй устөрөгч зэргээс гарган авсан цахилгаан, болон дулааныг хамааруулан ойлгоно" хэмээн тодорхойлжээ. 2008 оны мэдээллээр дэлхийн нийт эрчим хүчний 19 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан бөгөөд үүний 13 хувийг уламжлалт түлш болох модноос, 3.2 хувийг уснаас, үлдэх 2.7 хувийг шинэ эх үүсвэрүүд болох нар, салхи, био, газрын гүнийн дулааны эрчим хүч зэргийг ашиглан гарган авчээ.

2009 оны байдлаар дэлхий хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал нь 158 ГВт (GW)-д хүрч, салхины эрчим хүчний ашиглалт жилд дундажаар 30 хувиар нэмэгдэж байгааг судлаачид онцолсон. Салхины эрчим хүчийг Европ, Азийн орнууд болон АНУ-д өргөнөөр ашигладаг байна. Харин дэлхийн нарны эрчим хүчний үйлдвэрлэл мөн оны байдлаар 21 ГВт-аас давж гарч. Ийм эх үүсвэрийг Герман, Испанид түгээмэл ашигладаг бөгөөд хамгийн том нарны дулааны станц АНУ-ын Калифорнийн Можави цөлд бий. Уг станцын суурилагдсан хүчин чадал нь 354 MВт. Тэгвэл дэлхийн хамгийн том газрын гүний дулааны станц 750 МВт хүчин чадалтай АНУ-ын Калифорни дахь Гейзер станц юм. Бразил улсын хувьд чихрийн нишингээс гарган авсан этанолийг хамгийн ихээр хэрэглэж байгаа оронд тооцогддог. Тус орны автобензины 18 хувийг этанол түлш хангадаг бйана. АНУ-д уг түлшийг мөн өргөнөөр хэрэглэдэг аж.

Их чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдээс гадна алслагдсан жижиг суурингуудыг эрчим хүчээр хангахад бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглах нь маш тохиромжтой юм. Дэлхий дахинд гурван сая айл өрх гэрийн нарны цахилгаан үүсгүүр ашигладаг тооцоо бий. Үүнээс гадны 30 сая айл өрх ахуйн зориулалтаар (гэрэлтүүлэг, хоол хийх) биохий, 160 сая айл өрх биомасс түлдэг зуухыг ашиглаж байна. Мөн жижиг хот болон суурингуудын цахилгааны хэрэглээнд зориулан бага оврын усан цахилгаан станцыг олноор байгуулсаар байгаа.
Цаг уурын өөрчлөлт, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаанд ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна.

Сэргээгдэх эрчим хүч Монголд

Манай улсын хувьд ногоон эрчим хүчийг хөгжүүлж, ашиглах талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй анхаарч эхэлсэн. Төрөөс Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, 100 000 нарны гэр хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж байгаа. Одоогоор ногоон эрчим хүчийг ашиглан гаргаж авсан цахилгааны хэмжээ 37,4 МВт буюу нийт эрчим хүчний суурилсан чадлын 4,52 хувийг эзэлж байна. Энэ нь бусад оронтой харьцуулахад маш бага үзүүлэлт. Гэхдээ Монгол орны цаг уурын өөрчлөлт, дулаарал, ган гачиг, зуд турхан гэсэн байгалийн өөрчлөлтүүд нүдэнд илхэн харагдаж, мэдрэгдэж байгаа учраас байгаль орчинд ээлтэй арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүргэж байна. Ялангуяа дулаарлын явц манай улсад харьцангуй хурдацтай явж байгаа гэсэн судлаачдын тооцоо цөлжилтийг сааруулсан, дулаарлыг багасгахад чиглэсэн бодитой арга хэмжээг авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Мөн төрөөс ногоон эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах байгууллага, компанийг бодлогоор дэмжиж, урамшуулдаг механизмыг бүрдүүлэх нь чухал юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөрт нийт 81 сумыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, дизель хослуулсан цахилгаан станц байгуулах, үүнээс 40 суманд нар диель, долоон суманд ус-диель, 25 суманд салхи-нар-дизель хосолсон цахилгаан станц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.Ойрын таван жилд Завхан, Говь-Алтай, Говийн аймгийн нутаг дэвсгэр дээр салхин станц барих, тэдгээрийг төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын дулааны цахилгаан станцтай холбох боломжийг судлах, Төвийн бүсэд салхин станцын парк барьж, төвийн эрчим хүчний системд холбох ажээ.

Дунд шатны хугацаа буюу 15 жилд Баянхонгор аймагт салхин станц болон Төвийн бүсэд усан цэнэгт цахилгаан станц барих судалгаа хийж, нэгдсэн системд холбох асуудлыг шийдвэрлэх юм байна. Говийн аймгуудад нарны эрчим хүчийг ашиглан том хүчин чадлын станц барих боломжийг судалж, төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдох боломжгүй алслагдсан сумдыг дизель-ус дизель-нар гэх мэт эрчим хүчний хосолсон эх үүсвэрээр хангах бодлогыг баримтлах аж.

Одоогоор малчин өрхийг цахилгаанжуулах төслийн хүрээнд 100 гаруй мянган малчин өрх гэртээ телевиз үзэж сууна. Олон жил сайн муугаар яригдсан Тайшир, Дөргөний усан цахилгаан станц ажиллаж эхэлснээр дээрх аймгуудын иргэд байнгын гэрэл цахилгаантай залгалаа. Салхины эрчим хүчээр алслагдсан сумд хангагдаж эхэллээ. Ийнхүү манай улс нар, салхины баялаг нөөцөө ашиглан ногоон эрчим хүчийг хөгжүүлж, байгаль орчинд ээлтэй бодлого явуулснаар даян дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх, цөлжилтийг сааруулах уриалгыг дэмжин ажиллах үйлсэд том хувь нэмэр оруулах нь ойлгомжтой.