Дөрвөн эгнээ толийсон замаар нүүрс тээвэрлэнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газраас 2011 онд нийт арваад төсөл зарлахаар төлөвлөсөн байна. Үүнээс аравдугаар сарын 28-ны байдлаар гурван тендерийн сонгон шалгаруулалт зарласнаас хоёр дахь төслийн гэрээг байгууллаа. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн автозам барих-ашиглах-шилжүүлэх төрлийн онцгой эрх олгох концессын гэрээнд ТӨХ-ны дарга Д.Сугар, Ар Ди Си Си ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунзоригт нар гарын үсэг зурав.

Хатуу хучилттай дээрх авто зам барихад хоёр жил болох юм. Концесс эзэмшигч уг төслийг хэрэжүүлэхэд нийт 98 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг өөрөө бүрэн хариуцна.
Гэрээний хугацаа дуусахад авто замыг төрийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэх ба энэ хугацаанд улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг, баталгаа гаргахгүй аж. Ажил гүйцэтгэгч хувийн хэвшлийн тал гаргасан хөрөнгө оруулалтаа 15 жилийн хугацаанд олох юм байна. Өөрөөр хэлбэл, концесс эзэмшигч нь дээрх хугацаанд толийтол нь тавьсан шинэхэн замаар тээвэр хийж байгаа автомашин бүрээс нэг тонн тутмаас 1500 төгрөгийн хураамж авах байдлаар гэрээнд заасан хугацаанд ашгаа олно гэсэн үг.

Уг ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэнгийн хилийн боомтын хооронд хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, 47.5 км зам тавина. Энэ зам нь жилд 40 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай. Төслийн авто замыг Нарийнсухайт, Овооттолгойд олборлолтын үйл ажиллагаа явуулж буй МАК, “Чинхуа МАК”, “Саусгоби сэндс” ХХК ашиглана.

Дээрх уурхайнууд 2014 он гэхэд бүтээгдэхүүн олборлолотоо 18.5 сая тонн болгож, 60 орчим хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаа аж. Замын барилгын ажлыг энэ оны аравдугаар сарын 25-наас эхлэн 2013 оны аравдугаар сарын 26-нд дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү бүтээн байгуулалтын төсөлд 200-гаад хүн ажиллах бөгөөд үүний 100 хүртэлх ажилтан нь орон нутгийн иргэд байх гэнэ.

Технологийн хувьд Швейцарийн “Лайка” брэндийн гурван хэмжээст удирдлагын төхөөрөмжийг зам барилгын үндсэн техник болох автогрейдэр, бульдозерт суурилуулан ашиглах юм байна. Уг төхөөрөмж тодорхой зайтай байрлах геодезийн хэмжилтийн багажаас мэдээлэл авч боловсруулан, техникийг залж гадаргууг тэгш хэмтэй засдаг аж. Замын далангийн гадаргуу тэгш баригдсанаар хучилт тэгш хийгдэж, чанартай болох нь. Нүүрсний тээврийн чиглэлд ийнхүү автозам тавьснаар машин механизмын эвдрэл багасан, тээвэрлэлтийн хурд дээшлэн, аюулгүй байдал сайжрах зэрэг давуу талтайг албаныхан тэмдэглэж байна.

Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто зам ашиглалтад орсноор орон нутгийн уул уурхайн компаниуд бүтээгдэхүүн олборлолтоо нэмэгдүүлэн, экспортлох таатай боломж бүрдэх ач холбогдолтой. Эдийн засгийн хувьд ашигтай энэхүү төсөл нь улсын төсөвт орох татварын орлогыг нэмэгдүүлж, улмаар уул уурхайн үйлдвэрлэлийн байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг багасгахад чухал хувь нэмэр оруулах юм.