Д.Бат-Октябрийн СТАРТАП буюу Монголоос Азид хүрсэн нь


Нэгэн гуйлгачин эр “Намайг сугалаанд хожуулж өгөөч” хэмээн өдөр бүр бурханаас гуйдаг байжээ. Энэ үйл явдал олон сар, жил үргэлжлэв. Гэтэл нэг өдөр бурхан “Чи ядаж сугалаагаа худалдаад авчих л даа” хэмээн арга ядан хэлсэн гэдэг.

Онигоо болон олонд тархсан энэхүү үлгэрийн бодит жишээ амьдрал дээр бишгүй л олон таардаг. Бидний эргэн тойронд ч гэсэн ингэж бодох хүн бий. Түүнчлэн хөдөлмөр хүнийг бүтээсэн болохыг, зүтгэл амжилтыг авчирсан болохыг мэддэг хэрнээ мартагсад нь олон билээ. Тэгвэл хөдөлмөр, зүтгэлийг хослуулан урагшилсаар хүссэн талбартаа мөрөөдөл болсон ажлаа эрхэлж буй монгол хүний бодит жишээ бол Д.Бат-Октябрь юм. Гарааны бизнесийн жинтэй зөвлөгч, хөрөнгө оруулалтын “Techstars” компанийн Ази Номхон далайн бүс хариуцсан захирал тэрбээр дугуйн дээрээс олон удаа унасан ч тэр тоолонд эргэж мордон, шантралгүй урагшилсаар өнөөдрийн байр суурьтаа хүрсэн.

Гэхдээ тэрбээр дугуй унаж суртлаа олон зүйлийг хийж, туршиж, алдаж, шантарч үзжээ. Тиймдээ ч өнөөдөр Монголд стартапыг эхлүүлж, нийгмийн сүлжээнд олон залуучуудыг зөвөөр байлдан дагуулан байна. Түүнчлэн шинэ салбарт өөрийн гэсэн байр суурийг тогтоон, монгол менежерүүд дэлхийд үнэлэгдэж байгаагийн нэг жишээ болж олон улсад ажиллаж байна. Тиймээс түүний туулсан амьдрал болон хөдөлмөрийн нь үр шимийн талаар Business.mn сайт хүүрнэж байна.



ТАВИЛАНГАА ӨӨРӨӨ БИЙ БОЛГОСОН НЬ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн Д.Бат-Октябрь аав шигээ цагдаа болохыг мөрөөддөг байв. Тэрбээр 14 настайдаа тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн АНУ-г зорьсон бөгөөд энэ тухайгаа “Миний хамгийн гоё аялал” хэмээн дурсан хэлсэн. Учир нь түүний дэлхийтэй танилцсан, техник технологийг мэдэрсэн анхны аялал нь байлаа. Энэ үеэс л Д.Бат-Октябрь цагдаа болох мөрөөдлөө АНУ-д дахин очих мөрөөдлөөр сольжээ. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хэнээс ч тусламж гуйгаагүй бөгөөд гагцхүү өөрийнхөө хүч бололцоонд найдаж олдох боломжийг янз бүрээр эрэлхийлэв. Ийм нэгэн боломж нь мэтгэлцээний олон улсын тэмцээнд оролцох байлаа. Тэрбээр15 настайдаа мэтгэлцэх чадварт суралцсанаар өөрийн гол зэвсэг болсон ярих ур чадварынхаа эхлэлийг тавьжээ. Үүнд суралцахын тулд олон удаа мэтгэлцэж, олон удаа давтсан. Өөрөөр хэлбэл, дугуйн дээрээс олон удаа унасан ч төдий хэмжээгээр эргэж мордсоор хүссэн чадвараа өөрийн болгож чадсан байна.

Ингэж хичээн хөдөлмөрлөсөн хүү 2000 онд мэтгэлцээний улсын аварга болж, улмаар дахин АНУ-г зорилоо. Тэрбээр АНУ-г гурав дахь удаагаа зорихдоо программистаар сурна гэж төлөвлөсөн ч түүний дуртай мэргэжил нь биш болохыг ойлгожээ. Нягтлан бодогчоор мэргэшье гэж бодсон ч бас л таалагдсангүй. Эцэст нь санхүүч дээр тогтсон байна. Тэрбээр энэхүү туршилтандаа бүхэл бүтэн дөрвөн жилийг зарцуулжээ. Гэвч түүний сэтгэл зүрх санхүүчээс өөр зүйлд төвлөрч байсан нь стартап. Цоо шинэ зүйлийг эхлүүлэх, эрсдэл дунд өөрийгөө сорих нь түүний дотоод хүсэл, тэмүүлэл ажээ.


МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛСОН НЬ

Стартап бизнесийг богино хугацаанд бусдын тэргүүнд аваачих тэсрэлтийг энтрепренер хүн л хийж чаддаг. Тэгвэл энтрепренер гэдэг нь Франц хэлний “эхлэх” гэсэн үгнээс гаралтай. Нэг ёсондоо, шинэ зүйлийг эхэлж, эрсдэл үүрч буй хүнийг хэлдэг. Бизнесмэн болон энтрепренер хүний гол ялгаа тэдний эрсдэл даах чадварт байдаг. Тодруулбал, бизнесмэн батлагдсан санааг давтдаг бол энтрепренер эргэлзээтэй байгаа зүйлийг хийдэг онцлогтой.

Тиймээс Д.Бат-Октябрийг энтрепренер гэж тодорхойлж болно. Учир нь тэр 2000-аад оны эхээр АНУ-д 20 нас ч хүрээгүй оюутан байхдаа анхны гарааны бизнесээ ангийнхаа гурван оюутантай хамт эхлүүлж байжээ. Уг стартап нь веб сайт хийж, хөгжүүлдэг компани байсан ч удалгүй дампуурав. Үүний дараа хувцасны, шөнийн клубийн, дуу хураагуурын болон монгол гэрийг АНУ-д борлуулдаг гэх мэт олон стартапыг эхлүүлж байжээ.

Харин одоо тэрбээр 12 ажил зэрэг эрхэлж байгаа. Эдгээрийн дийлэнх нь стартап компаниуд юм. iHotel.mn, erxes inc, Lend.mn зэрэгт зөвлөхөөр ажилладаг бол Gamma, Start зэрэг компаниудыг хамтран үүсгэн байгуулсан. Хамгийн сүүлд “Хүмүүн publish” ном орчуулгын компанийг үүсгэн байгуулав. Эдгээр ажлынхаа хажуугаар тэрбээр Монголынхоо олон стартапуудад зөвлөгөө өгч ажилладаг. Харин түүний бүтэн цагаар ажилладаг ганцхан ажил нь хөрөнгө оруулалтын “Techstars” компани юм.



Өнөөгийн нийгэмд нэг хүн нэгэн зэрэг олон ажил хийж чаддаг болсон бөгөөд энэ үзэгдэл залуусын дунд “халдварт өвчин” мэт хурдан тархаж байгаа. Дэлхийд тархсан уг “халдвар” Монгол залуусыг ч гэсэн дайрсан. Гэтэл уг шинэ зах зээлийг ахмад үеийнхэн буюу Монголын бизнесийн салбарын анхдагчид зарим талаараа шүүмжилдэг ч цаг хугацааны уртад хүлээн зөвшөөрч эхэлж байна.



“Techstars” компанийн 55 улсыг хамардаг Ази Номхон далайн бүсийг хариуцан ажилладаг Д.Бат-Октябрийг анх уг компанид ажилд ороход монгол хүн байгаагүй. Одоо ч гэсэн түүнээс өөр Монгол ажилтан байхгүй. Тэрбээр ажилд орж байхдаа Малайз улсын гарааны бизнесүүдийг хариуцсан менежер байсан бол ердөө зургаан сарын дараа зүүн Өмнөд Ази хариуцсан захирал болжээ. Үүнд түүний гарал үүсэл бус ажиллах ур чадвар, менежментийн мэдлэг, туршлага нөлөөлсөн хэмээн Монгол дахь багийн хамт олон нь хэлж байлаа.




СУРСАН ЭРДМИЙГ СУРААР БООДОГГҮЙ

Менежер гэдэг нь Д.Бат-Октябрийн сурсан, мэдсэн олон зүйлийн нэг. Тэрбээр зарим нөхцөлд хөрөнгө босгох, заримдаа хөрөнгө оруулах ажил хийдэг. Гэхдээ түүний хамгийн сайн хийж чаддаг зүйл нь хүнтэй илэн далангуй ярилцаж, тэднийг удирдан чиглүүлэх юм. Тиймдээ ч өнөөдөр тэрбээр олон компаниудад зөвлөгөө өгч, нэлээдгүй стартапыг үүсгэн байгуулан ажиллаж байгаа билээ.



Менежерийг бизнесийн салбарт тодорхойлохдоо эргэн тойрон дахь нөөц баялаг буюу хүмүүсээр өөрийнхөө гаргаж хийж чадахгүй байгаа зүйлийг өөрийн арга барилаар хийлгэх явдал гэдэг. Тиймээс менежментийн олон улсын туршлагатай Д.Бат-Октябрийн менежер болсон түүх болон түүний ажил амьдралдаа баримталдаг менежментийн арга барилыг уншигч, сонсогч, үзэгч танд хуваалцаж байна.




-Дэлхийн хамгийн урт хугацааны судалгааг Харвардын Их Сургуулийн багш, судлаач нар хийсэн байдаг. “Аз жаргалын нууцыг олох” тухай тус судалгааны үр дүнд тэд аз жаргалын нууцыг “Тойрон буй хүрээлэл” гэж тогтоосон. Тэгэхээр та өөрийн аз жаргалын нууцаа олсон уу? Тойрон буй хүрээллээ бий болгож чадсан уу?

-Би аз жаргалаа олчихсон шүү. Амьдралаас юу хүсч байгаагаа олоод мэдчихсэн. Хүн өөрийнхөө юу хүсч байгааг мэдчих юм бол бүх хүч энергиэ тэр зүйл рүүгээ чиглүүлж эхэлдэг. Харин амьдралаас хүсч байсан миний зүйл бол утга учиртай ажил хөдөлмөр, утга учиртай харилцаа холбоо юм. Үүнийгээ олчихсон болохоор би өдөр бүрийн 24 цагийг аз жаргалдаа зориулж байна.

-Таны хамгийн их таашаал авдаг зүйл юу вэ? Жишээ нь та өнөөдөр юунаас таашаал авсан бэ?

-Би ажлаасаа таашаал авдаг. Тухайлбал, өнөөдөр би өглөө босоод Нью Йорк хотод бизнесийн удирдлагаар сурч буй залууд 30 минут зөвлөгөө өглөө. Энэ нь надад маш их таалагдсан. Учир нь хүмүүстэй ярилцахдаа би үргэлж суралцаж байдаг. Үүний дараа зураг авалтад оролцсон. Дараа нь “Start” компанийн багийнхантайгаа уулзаж төлөвлөгөөгөө ярилцлаа. Дараа нь 1 цаг 30 минут олон улсын и-мэйлээ шалгаж онлайнаар гурван стартап компанид зөвлөгөө өгсөн. Үүний дараа Хонконгийн багийн хоёр гишүүнтэйгээ утсаар ярьж асуудлаа шийдэв. Дараа нь Gamma-ийн хамт олонтойгоо яриа хийлээ. Тэгээд л өдрийн цайны цаг болсон. Цайны цагаараа Монголд шинээр үүсч буй гарааны бизнесийхэнтэй уулзсан. Үүний дараа iHotel болон Lend.mn-ий хамт олонтой уулзаж яриа хийсэн. Тэгээд чамтай одоо ярилцлага хийгээд сууж байна.



-Та хэдий болтол энэ хэмнэлээрээ ажиллаж амьдаръя гэж боддог вэ? Хүмүүст амьдралын төлөвлөгөө гэж байдаг шүү дээ.

-Саяхан ээж надаас яг ингэж асууж байсан. Ахмад үеийн хүмүүсийн хувьд тогтвортой ажил хийж, тогтвортой цалин авч тэтгэврийн насандаа тэтгэвэрт гарах нь чухал байсан. Харин одоо шинэ үе ирсэн. Би өөрийгөө 80 нас хүртлээ яг одоогийнх шигээ буюу үргэлж аялж, хүмүүстэй ярилцаж, шинэ зүйл эхлүүлсээр байна гэж боддог. Учир нь би эрүүл саруул байна. Хоёрт, үүнийг хийхийн тулд надаас шаардаж буй зүйл нь бодох, ярих, зугаацах юм. Энэ бүгдэд би дуртай, надад зугаатай сонирхолтой байдаг.

-Ямар азаар хийх дуртай ажлаа олчихов оо гэж бодогдох үе байдаг уу?

–Би аз завшаанаа өөрөө бий болгосон хүмүүсийн нэг. Харамсалтай нь ихэнх хүмүүс өөрийн азаа олоогүй байдаг. Гэхдээ би ольё гээд олоогүй. Маш олон зүйлийг хийж, туршиж байж олсон. Миний амьдралдаа хийсэн бүх муу зүйл, буруу сонголтууд өнөөдрийн намайг бий болгосон шүү дээ.



-Биеэ эрүүл саруул байлгах хамгийн чухал арга нь нойроо хангалттай авах байдаг уу?

-Ганцхан нойр биш. Биеэ эрүүл байлгах энгийн жор нь биеэ чагнах юм. Хүний бие өөрийнхөө юу хүсч байгааг хэлдэг. Зөвхөн хүсч байгаа зүйлээ биш мөн хэрэгтэй байгаа зүйлээ хэлж байдаг. Надад дуртай хоол гэж байдаггүй. Тухайн үедээ юу хүсч байна түүнийгээ л сонгодог. Түүнчлэн би өдөр бүр нэмэлтээр Омега 3, Зинкметал гэх мэт амьд микроб уудаг.

-Дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны хувьд сквошоор хичээллээд Азийн наадамд ч хүртэл оролцсон. Та яагаад уг спортыг сонгон хичээллэсэн юм бэ?

-Сквошийг өндөр хурдтай шатар гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, дөрвөлжин өрөөн дотор нэг нэгнийгээ алдуулах гэж оролдох нь хүч хурд шаардахаас илүү дотроо төлөвлөж бодох нь чухал юм. Гурван нүүдлийн цаад талыг харсан стратеги боловсруулж тоглодог гэсэн үг. Мөн калори шатаалтаараа хамгийн өндөрт бичигддэг спортын төрөл юм. Тиймээс хөдөлгөөнтэй надад тохирсон спортын төрөл юм шиг санагддаг. Мөн бизнесийн орчинтой ойролцоо учраас дуртайяа хичээллэдэг.



Өдрийн төгсгөлд уулзалдсан бид ийнхүү олон сэдвээр ярилцлаа. Түүний яриа, үйлдэл, хандлага бүрээс нэг зүйл тод ажиглагдаж байсан нь Монголоо гэсэн сэтгэл. Монгол орондоо юу хийх вэ, монгол залуустаа юуг зөвлөх вэ гэсэн бодол сэтгэл дотроо тээж явдаг байна. Тиймээс ч монгол залуусын эхлүүлсэн цөөнгүй стартапуудад санаа тавьж, бойжин хөгжихөд нь дэм болж явна. Д.Бат-Октябрь олон улс орноор явах бүртээ ямар нэгэн шинэ зүйл сурахыг эрмэлздэг бөгөөд сурсан мэдсэн зүйлээ хамгийн түрүүнд Монголынхоо залуустайгаа хуваалцхаар яардаг ажээ. Тиймээс ч түүний зөвлөгөө сошиал сүлжээнд залууст хүчтэй хүрсээр иржээ.


Сэтгүүлч: Х.САРАНЗАЯА

Зурагчин: М.ЭНХ-АМГАЛАН

Хамтран ажилласан: SKY GARDEN RESIDENCE