Д.Бэхбаяр: “Mongolian economy” сэтгүүл цэвэр сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна

Монголын эдийн засгийн сэтгүүл зүйд өөрийн өнгө төрх бүхий “Mongolian Economy” сэтгүүл өнгөрсөн жилийн өдийд мэндэлсэн билээ. Сүүлийн үед сэтгүүлийн зах зээл эрчимтэй өргөжин тэлж, хөгжиж буй ч тус сэтгүүл нийтлэлийн бодлого, өнгө үзэмжээрээ бусдаасаа нэлээд ялгаатай юм. Ингээд нэг нас хүрээд буй “Mongolian Economy” сэтгүүлийн Эрхлэгч Д.Бэхбаяртай ярилцлаа.

-“Mongolian Economy” сэтгүүлийн үүсэн байгуулагдсаны нэг жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа.

-Танай сэтгүүлийн анхны дугаар Монголын эдийн засгийн форумын үеэр гарсан болохоор хүмүүст их хүрсэн байх.

-Цаг хугацаа хурдан юм аа. Өнгөрсөн жилийн өдийд бид анхны дугаараа гаргаад уншигчдын зүгээс ямархуу хандлага ирэх бол хэмээн сэтгэл догдлон хүлээж байлаа. Анхны маань дугаар сэтгүүлийн цаашдын ирээдүйг тодорхойлох байсан тул бид тэгж их догдолсон хэрэг. Бас их хөдөлмөрлөсөн. Бид 2011 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн ч эдийн засгийн сэтгүүл учраас ямар асуудлуудыг анхны дугаартаа хөндөж бичих вэ, ямар өнгө дизайнтай байх вэ, сэтгүүлийн гол зорилго, бодлогыг тодорхойлох, англи хэл дээр гаргах зэрэг олон зүйлийг бодолцож ажилласан тул багагүй хугацаанд бэлтгэгдэж анхны дугаар Эдийн засгийн форумын үеэр гарч таарсан юм. Хамгийн түрүүнд Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг утасдаж, форумд сэтгүүл авах захиалга өгсөн. Ингэж Монголын эдийн засгийн форумын төлөөлөгчид манай сэтгүүлийн анхны уншигчид болсон билээ. Хүмүүсийн зүгээс маш олон мэссэж ирсэн. Базаад хэлвэл эдийн засгийн ийм сэтгүүл хэрэгтэй байсан юм, цаг үеэ олж, эдийн засгийн сэтгүүл зүйн орон зайд гарч ирж байгаад талархаж байна, өөрийн өнгө төрхтэй, сайн мэдээлэлтэй өвөрмөц сэтгүүл байна гэсэн байв. Олон хүн цаашид ямархуу өнгө төрхтэй байх, ямар асуудлуудыг хөндөж бичих тухайд санал бодлоо хэлж, маш үнэтэй зөвлөгөө болоод шүүмж өгч байсан. Бид тэдгээр урмын үг, шүүмжлэл, санал бодлыг тусган авч, улам сайн сэтгүүл гаргахын төлөө ажиллаж ирсэн. Мөн анхны дугаар гарсан өдрөөс захиалга эхэлсэнд маш их урамшиж бас “Хүмүүс ийм хурдан захиалдаг юм байх даа” гэж гайхаж билээ. Гэхдээ хүмүүс утасдаад танай сэтгүүлийн ард аль нам, хэн гэдэг улстөрч, ямар компани байгаа вэ гэж асуух нь олонтаа байсан. “Бидний ард ямар ч улстөрч, нам байхгүй ээ, улс төрөөс ангид цэвэр сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилготой юм” гэсэн хариултыг сонсоод, дуртайяа захиалж байлаа. Эндээс иргэд аль нэгэн нам болоод улс төрийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг ихээхэн хүсэн хүлээж байгаа юм байна гэдгийг ойлгосон.

-Танай ард хэн нэгэн улстөрч, нам эсвэл улс төрийн сонирхолтой олигархи үнэхээр байхгүй гэж үү?

-Сэтгүүл гарсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ийм асуулт биднийг байнга дагаж ирсэн. Энэ нь Монголын сэтгүүл зүй бохирдсоны илрэл юм л даа. Ямар нэг шинэ телевиз, сонин хэвлэл гарч ирнэ, ард нь дандаа улстөрчид, нам, эсвэл улс төртэй ямар нэг байдлаар холбоотой бизнесмэнүүд, олигархиуд байна. Энэний, тэрний телевиз, сонин гэж цоллодог. Монголын сэтгүүлчдийн хувьд мөнгө төгрөг, нийгмийн хангамж муутай нь үнэн. Энэ байдлыг хөрөнгө мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс ашиглаж, сэтгүүлчдийг маань мөнгөөр худалдан авч, өөрсдийн үзэл бодлоор хөдөлгөж байгаа нь Монголын сэтгүүл зүйн хөгжлийг хойш татаад байна гэж ойлгодог. Сэтгүүл зүйн салбар нь хараат бус, цэвэр тунгалаг байж гэмээнэ тухайн улс орны хөгжил төдий чинээ урагшилдаг гэдэг шүү дээ. Тиймээс бидний гол зорилго эдийн засгийн цэвэр сэтгүүл зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, улс төрөөс хараат бус байх. Өөрөөр хэлбэл, хэн нэгний гар хөл болж, тэдний үзэл бодлоор үзгээ хөдөлгөхийг хүсээгүй, бие даасан сэтгүүлийн редакци байхыг хүссэн. Энэ зорилгоо нэг жилийн хугацаанд хатуу мөрдөж ажилласан тул багагүй амжилт дагаж ирсэн. Одоо манай уншигчдын хувьд хэнээс ч хараат бус эдийн засгийн сэтгүүлчдийн баг энэ сэтгүүлийг гаргаж байгааг ойлгосон. Мэдээж сэтгүүл гаргах өртөг өндөртэй бизнес. Санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудал бий. Монголд хэнээс ч хараат бус ядахдаа нэг ч гэсэн сэтгүүл байгаасай гэж хүсдэг хүмүүс байдаг юм байна. Тийм хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс, байгууллагын дэмжлэгтэйгээр бид дээрх зорилгоо сайн биелүүлж, улам ихийг бүтээхийн төлөө чармайн ажиллаж байгаа.

-Танай нийтлэлийн бодлогын жанжин шугам юу вэ?

-Эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээ мэдээллийг үнэн бодитой, олон эх сурвалжтайгаар олон нийтэд хүргэх гол зорилготой ажилладаг. Монголын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед иргэдэд эдийн засгийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх нийгмийн шаардлага тулгарч байна. Мөн сэтгүүлийнхээ нийтлэлүүдийг хууль тогтоогч, шийдвэр гаргагчдад гарц хайж, шийдэл олоход нь тус хүргэх үүднээс тал бүрийн баримт судалгаан дээр үндэслэж, мэргэжлийн хүмүүсийн байр суурьтайгаар хүргэхийг чухалчилдаг. Түүнчлэн сэтгүүлчдийн нийтлэл, ярилцлагаас гадна мэргэжлийн эдийн засагчдын, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн үзэл бодлыг хүргэхэд анхаарал хандуулдаг. Энэ хүрээнд тодорхой булангууд ажиллуулж байгаа. Тухайлбал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу манай гурав дахь дугаараас эхлээд бичиж байгаа. Хүмүүстэй уулзаж ярилцаж байхад, түүний буланг уншигч, захиалагчид нэлээд сонирхон уншдаг нь анзаарагддаг. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбатын булан бий. Улстөрч гэдгээр нь бус түүний бичсэн ногоон хөгжил, цахим ертөнц, мэдээллийн технологитой холбоотой нийтлэл нь маш сонирхолтой, өргөн мэдээллийг агуулсан байдаг. Мөн “Шинжээч бичиж байна” буланд UMC компанийн эдийн засагч Л.Бямбаа болон санхүүгийн чиглэлийн мэргэжлийн шинжээчид бичдэг.

-Танай сэтгүүлийн хэдэн дугаарыг уншсан. Нэг сэдвийг төрөлжүүлж бичдэг юм шиг санагдсан.

-Тиймээ, нэг сэдвийг цогцоор нь хөндөх нь зөвхөн сэтгүүлийн онцлог байж ч болох юм. Энэ нь нэг талаас уншигчдын хувьд тухайн асуудлаар олон эх сурвалжийн мэдээллийг авах боломжтойгоос гадна цогц мэдлэг олж авахад ч тустай байдаг юм шиг санагддаг. Түүнчлэн төр, засгийн хүмүүст ч гэсэн уг асуудлыг шүүн тунгааж анализ хийх боломж олгодог болов уу. Тухайлбал, манайх хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, банк санхүү, эрчим хүч, компанийн нийгмийн хариуцлага, ядуурал гээд чухал сэдвүүдийг цогцоор нь хөндөж чадсан. Хамгийн сүүлд агаарын бохирдол болон утааны асуудлаар олон талаас нь бичиж гаргасан. Мөн манайх асуудлыг ингэж цогцоор нь хөндөхийн зэрэгцээ тухайн сэдэвтэйгээ уялдсан шог зураг ахиу оруулж өгдөгөөрөө бусдаас онцлогтой. Манайд ялангуяа сэтгүүлүүд шог зураг нэг их оруулаад байдаггүй. Эдийн засгийн сэтгүүлд бол энэ зайлшгүй байх ёстой зүйл гэж бид үзсэн. Манай зургийг зохиолч, шог зураач А.Амарсайхан ах нийлүүлдэг.

-Танай сэтгүүл англи хэл дээр гардаг. Англи хэл дээр сэтгүүл гаргахад хүндрэлтэй юу?

-Монголын эдийн засаг ертөнцийн анхаарлын төвд орсон энэ үед нэгэнт л эдийн засгийн мэргэжлийн сэтгүүл гаргах гэж зорьсон учраас монгол, англи хэл дээр гаргахаас аргагүй. Мэдээж англи хэл дээр сэтгүүл хийнэ гэдэг тийм амар биш л дээ. Тиймээс бид сэтгүүлийнхээ англи талд хамгийн их санаа зовдог. Хурдтай ажиллах шаардлагатай болно. Монгол хэл дээрх нийтлэлүүдийг орчуулаад, англи хэлний редакторын гараар ороод эргээд олон дахин хянах шаардлага байдаг учраас нэлээд хугацаа авдаг. Тэгээд ч манай уншигч, захиалагчдын олонх нь эдийн засгийн төрийн болоод төрийн бус байгууллагынхан, Элчин сайд нар, олон улсын байгууллага, томоохон компанийнхан байдаг. Түүнчлэн “Нарантуул” захаас ч захиалга орж ирдэг. Монголд ажиллаж, амьдарч буй гадаадынхан манай сэтгүүлийн гол захиалагчид. Хилийн чанадаас ч захиалах нь бий.

-Эдийн засгийн сэтгүүлийн давтамжийг 14 хоног тутамд болгох шаардлага байсан уу?

-Бидний төлөвлөгөө маань анхнаасаа л 14 хоног тутмын эдийн засаг, санхүү, бизнесийн сэтгүүл гаргах байсан юм. Эхний жил сэтгүүлээ хүмүүст таниулах, үйл ажиллагаагаа жигдрүүлэх үүднээс сард нэг гаргаж байгаад энэ оны нэгдүгээр сараас 14 хоног руу оруулсан. Эдийн засгийн мэдээлэл хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж, энэ чиглэлийн мэдээлэл, мэдлэг авах нийгмийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас сэтгүүлийн давтамжийг ойртуулсан. Цагт шахагдаад чанараа алдах вий хэмээн зарим уншигч хэлж байсан. Бид чанараа алдахгүйгээр урагшлах болно. Үүнд итгэж болно. Харин нэг зүйлд маш их баярласан. Сар тутам гаргаж байсан сэтгүүлээ 14 хоногийнх болгохоор захиалагчид маань хэрхэн хүлээж авах бол гэж ялимгүй эмээж байлаа. Гэтэл бүх захиалагч маань сэтгүүлийн захиалгаа үргэлжлүүлсэнд үнэхээрийн их баярласан. Тиймээс тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд улам илүү хөдөлмөрлөж, маш сайн чанартай сэтгүүл гаргах юм шүү гэсэн бодол, зорилго тээн ажиллаж байна, манай хамт олон.

-Он гараад цахим хуудас, телевизийн студийн нээлт хийсэн. Нэг жилийн хугацаанд ихийг амжуулжээ.

-Өнөөдөр сэтгүүл дэргэдээ www.mongolianeconomy.mn цахим хуудас, “Economy” ТВ студи болоод “Ногоон эдийн засгийн өсөлт” ТББ-тай боллоо. Эдийн засаг, бизнесийн мэдээ мэдээллийг цогцоор нь хүргэхийг ийн хичээж ажиллаж байна. Цахим хуудсаараа эдийн засаг, санхүү, бизнесийн мэдээллийг англи, монгол хэл дээр дагнан хүргэхэд анхаарч байна. Манай сайт руу хандалт сайн байгаа. “Economy” ТВ студийн хувьд мөн л эдийн засгийн мэдээллийг дагнан хүргэнэ. Ингэхдээ сэтгүүлээр хөндсөн зарим нийтлэлийг ч телевизийн нэвтрүүлэг болгож олон нийтэд хүргэх юм. Одоо студийнхээ энэ зорилтот ажил руу нэлээд түлхүү орохоор төлөвлөж байна. Манай студид мөн л телевизийн салбарт олон жил ажилласан туршлагатай баг ажиллаж байна. Ер нь амжилтын үндэс хүн хүчдээ байдаг гэж нэгэн компанийн захирал хэлсэн нь бий. Үнэхээрийн амжилт бол хамт олонд л байдаг юм байна. Туршлагатай болоод сурах, ажиллах хүсэл эрмэлзлэл дүүрэн залуу сэтгүүлчдийн баг сэтгүүлийн хүнд ажлыг нугалж явна. Мөн Монголын хэвлэлийн хүрээлэн, Дэлхийн банктай хамтарсан төслийн хүрээнд олон улсын эдийн засгийн сэтгүүл зүйн сургагч багш Грэм Уоттсын зөвлөмжийг авч ажиллаж байна. Financial Times сонины эрхлэгч, редактороор олон жил ажилласан, туршлагатай энэ мундаг хүн Монголд ирээд манай редакцид зочилж, бидэнд үнэтэй зөвлөгөө өгч, харилцан ярилцсан нь бидний нүдийг нээсэн гэж хэлж болно.

-“Mongolian Economy” сэтгүүлийг “The Economist”-тэй адилхан байна гэх хүмүүс байдаг юм билээ.

-Олон хүн ингэж хэлж байсан. Мэндлээд нэг их удаагүй манай сэтгүүлийг дэлхийн нэр хүндтэй том сэтгүүлтэй харьцуулж жишиж байгаад баяртай байна.Тус сэтгүүлээс санаа авсан зүйлүүд бий. Сайн сэтгүүл гаргахын тулд дэлхийн хэмжээний сэтгүүлээс санаа авч яагаад болохгүй гэж. Тиймээ, бид Монголын “Economist” болох зорилготой. Гэхдээ бид өөрийн гэсэн нийтлэлийн бодлого, имиж, төрхтэй Монголын “Economist”-ийг төрүүлэхийг хичээж байна.

-Нэг жилийн ойгоороо мэндчилгээ дэвшүүлэх үү?

-Ингээд манай сэтгүүлийн бүх захиалагч, уншигч болоод хамт олондоо нэг жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхний үнэтэй санал, зөвлөгөө, шүүмжлэл, чин хүсэл эрмэлзлэлээр сэтгүүл маань нэг насны ойтойгоо золгож байгаа шүү гэдгийг онцлон хэлье.

Эх сурвалж: "Өдрийн сонин"