Д.Даваасүрэн: Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааны шинэ шатны эхлэл тавигдаж байна

B Shurenchimeg
2023-08-02 13:32:54
Ангилал: Ярилцлага

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Даваасүрэнтэй ярилцлаа.

 -Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр тал жилийн турш төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, 31 жилийн ойн босгон дээр хаалтаа хийлээ. Та энэ талаар тодруулж өгнө үү.

 -Манай хоёр орны иргэдийн харилцаа өргөжиж байгааг эдгээр үйл явдал харууллаа. Ер нь аливаа хоёр талын харилцаанд иргэд хоорондын харилцаа, соёлын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулдаг. Тухайлбал, Монголын язгуур урлагийг Америкийн ард иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Хөсөгтөн” хамтлагийн аялан тоглолтыг АНУ-ын томоохон хотууд, нэр хүндтэй театруудад зохион байгуулсан. Мөн АНУ-ын “Их таван” симфонийн нэгд зүй ёсоор тооцогддог Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад айлчилж, тоглосон. Монголд сонгодог урлаг өндөр түвшинд хүрсэн юм байна гэж үнэлж байсан шүү. Хоёр орны хүүхэд, залуучуудын дунд найрсаг, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдэнд байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил бий болгох зорилгоор “Хүрээлэн буй орчин” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг хоёр талдаа зохион байгуулж, уралдаанд шалгарсан Монголын 30, Америкийн 30 хүүхдийн нийт 60 бүтээлээр Улаанбаатар хотноо үзэсгэлэн гаргасан. АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Fulbright”, “FLEX”, “LEAD” зэрэг олон хөтөлбөр, төслүүдэд манай орны иргэд, залуучууд хамрагдаж байгаа. 1990-ээд оноос хойш манай 10 мянга гаруй иргэн АНУ-д суралцсан байна. Мөн хугацаанд Америкийн 1300 гаруй сайн дурынхан Монголд ирж ажилласан. Тэдний хоёр орны харилцаанд оруулж буй хувь нэмэр маш их. 

-Саяхан Монгол, Америкийн улс төрийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болсон. Америкийн талаас хэд хэдэн яам, агентлагийн төлөөлөл бүхий цөөнгүй албан тушаалтан ирсэн. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын онцлог юу байв?

 -Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод удаагүй байхдаа хоёр талын харилцааны асуудлаар тогтмол ярилцаж, санал солилцдог яриа хэлцээний механизмтай болох нь зүйтэй гэж үзэж, анхны зөвлөлдөх уулзалтыг 1999 онд Бангкок хотноо олон улсын арга хэмжээний үеэр эхлүүлж байсан. Түүнээс хойш уг уулзалтыг Улаанбаатар, Вашингтон хотод ээлжлэн зохион байгуулж ирлээ. Арван хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтаар талууд өмнөх жилийн ажлаа дүгнэж, дараа жилийн ажлаа тодорхойлдог уамжлалтай. Асуудлын хүрээ жилээс жилд л өргөжиж байна. Энэ удаагийн уулзалтад хоёр талын салбарын яамдын төлөөлөл нийт 60 орчим төлөөлөгч оролцсон нь харилцааны далайцыг илтгэж байгаа хэрэг. Бид 2016 онд Вашингтон хотноо болсон XI уулзалтын дүнг хэлэлцлээ. Тохиролцсон, төлөвлөсөн олон чухал арга хэмжээ хэрэгжсэн байна. Тухайлбал, өнгөрсөн жил манай тал эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж, АНУ-ын талаас Олон улсын валютын сантай хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Америкийн тал манай нөхцөл байдлыг сайтар ойлгож, дэмжлэг үзүүлснээр манай улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан ажиллаж байна. АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн Удирдах зөвлөл Монгол Улсыг Хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан. Манай улсын махны экспортыг дэмжих 10 орчим сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжиж эхлээд байна. Хоёр улсын Эрчим хүчний бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсыг “Н2” ангиллын визийн хөтөлбөрт хамруулах шийдвэр гарлаа. “LEAD Mongolia”, “FLEX” зэрэг залуучуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж ирэв. Мөн хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нэмэгдүүлэх, ялангуяа Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэж, Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт, Худалдаа, Хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн уулзалтыг зохион байгуулахаар ярилцлаа. 

-H-2 визийн талаар хүн бүр л ярьж байна

-АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сард тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан. Монгол Улс ийнхүү H-2A болон H-2B ангиллын виз мэдүүлэх эрх бүхий орнуудын жагсаалтад анх удаагаа багтлаа. Энэхүү жагсаалтанд орох хүсэлтийг 2016 онд Вашингтонд болсон зөвлөлдөх уулзалтын үеэр Америкийн талд тавьж, хамтран  ажилласнаар энэ үр дүн гарлаа. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог.

H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авдаг.

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ 2018 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхлэх төлөвтэй байна. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг бүртгэх, ажил олгогчтой холбох гэм мэт асуудлыг тусгасан нарийвчилсан журмыг АНУ-ын ЭСЯ-тай тохиролцохоор ажиллаж байна. Тодорхой болмогц олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Сошиалаар гараад байгаа элдэв мэдээлэл, зарлалд иргэд маань төөрөлдчих вий, залилуулчих вий гэж бид санаа зовж байгаа. Тиймээс ГХЯ, АНУын ЭСЯ-тай хамтран үнэн зөв мэдээллийг дэс дараатай хүргэхээр ажиллаж байна. 

-Өнгөрсөн хугацаанд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд хүрэв? Ирэх он жилүүдийн зорилтоосоо манай уншигчдад танилцуулаач гэвэл юуг онцлохсон бол? 

-АНУ нь манай улсын гуравдагч хөршийн бодлогод чухал байр эзэлж ирсэн. Өнөөдөр хоёр талын харилцаа олон салбарт өргөжин хөгжиж байна. Манай хоёр улсын хооронд улс төрийн өндөр түвшний итгэлцэл тогтсон. Хоёр улсын иргэд хоорондын харилцаа жилээс жилд өргөжиж байна. Бид АНУ-тай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаагаа иж бүрэн түншлэлийн гэж тодорхойлдог. Алсдаа бид харилцааг стратегийн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Ер нь хоёр талын өндөр түвшний айлчлалын дүнгээр гарсан тунхаглал, мэдэгдэлд манай хоёр орны хамтын ажиллагааны зорилтыг тунхагласан байдаг. Тухайлбал, “стратегийн нийтлэг эрх ашиг болон үнэт зүйлст тулгуурласан хамтын ажиллагаа, иж бүрэн түншлэлийн шинэ эрин үе”, “он удаан жилийн нөхөрлөл, стратегийн нийтлэг эрх ашиг болон үнэт зүйлст тулгуурласан харилцаа” зэргээр харилцаагаа тодорхойлж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Юуны өмнө бид эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлж тэлэх шаардлагатай байгаа.

Манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтыг америкийн тал бүрэн дэмжиж байгаа. Бид цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ярилцсан. Ийм боломж их байгаа юм.

Эрхзүйн үндэс суурь нь ч тавигдсан. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулсан 30 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан. Хамгийн сүүлд хоёр орны хооронд байгуулсан Ил тод байдлын тухай гэрээ 2017 оны гуравдугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр үйлчилж байна. Ойрын үед гэвэл АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай Хоёр дахь компакт гэрээ байгуулах бэлтгэлийг хангаж байна. Манай Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий 350 сая ам.долларын энэхүү буцалтгүй тусламж бол Америкийн ард түмнээс Монголын ард түмэн, Монголын ирээдүйн сайн сайханд оруулж байгаа өгөөмөр хөрөнгө оруулалт юм гэдгийг онцолъё. Америкийн талаас манай эдийн засаг, банк, санхүүгийн дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэх хүрээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, хил, гаалийн хяналтын дэд бүтцийг бэхжүүлэх зэрэгт онцгой анхаарч хамтран ажиллаж байна. Товчхондоо талууд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд хоёр талын харилцаанд хүрсэн амжилтаа дүгнэж, ололтоо бататган, ирэх олон арван он жилүүдийн хамтын ажиллагааны зорилго, зорилтыг хамтран тодорхойлох алхамуудыг эхлүүлсэн гэж хэлж болно.

 

 

Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан тусгай дугаараас 2018.02 сар

 

 

B Shurenchimeg