Д.Далайжаргал: Хайгуулын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татаж, хамтран ажиллах боломжтой

Mongolian Economy
2020-12-09 11:31:47
Ангилал: Уул уурхай

“Мон-Атом” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай компанийн үйл ажиллагаа болон хамтарсан төслүүдийнх нь талаар ярилцлаа.

-Та компанийнхаа талаар товч танилцуулна уу?
– “Мон-Атом” компани Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан. Бид уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.

Мөн Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 04-р тогтоолоор “Мон-Атом” ХХК-ийн нийт хувьцааг “Эрдэнэс монгол” ХХК-д шилжүүлснээр тус компанийн охин компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна.

– Цөмийн эрчим хүч, шар нунтаг гэх мэт сэдвээр манай иргэдийн мэдлэг сул байгаагаас шалтгаалж, эсэргүүцэх чиг хандлага давамгай байх шиг санагддаг. Танай компани иргэдэд зөв мэдээлэл түгээхэд хэрхэн анхаарч ажиллаж байна  вэ?
-Олон нийт сөрөг хандлагатай байгаа гэдэгтэй санал нэг байна. Энэ нь асуудлыг зөвөөр тайлбарлахгүй, үнэн зөв мэдээллийг нийтэд хүргэхгүй байгаатай холбоотой юм. Уран бол алтнаас 400 дахин, мөнгөнөөс 20 дахин их тархалттай, далай тэнгис, хөрс, газар доорх ус, нүүрс зэрэгт түгээмэл байдаг өргөн тархацтай металл. Харин шар нунтаг бол ураныг байгаль дээрх бусад хольцоос нь салгасан нэгэн төрлийн ашигт малтмалын баяжмал юм. Энэ нь цөмийн түлш шиг цацраг гаргахгүй бөгөөд байгальд оршиж буй урантай адилхан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, шар нунтаг нь цацрагийн хувьд гаж нөлөө үзүүлэхгүй, хамгийн тогтвортой бөгөөд ураны хамгийн аюулгүй хэлбэр нь гэж мэргэжилтнүүд үздэг.

Манай компани 2018 онд “Бадрах-энержи” ХХК үйл ажиллагаа явуулдаг Дорноговь аймгийн төр, захиргааны бүх байгууллагын холбогдох албан тушаалтныг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөний зорилго нь тус уурхайд технологийн туршилт эхлэхтэй холбоотойгоор төслийн хяналт, удирдлага, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч, санал солилцох байлаа. 2019 онд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аймгуудын мэргэжлийн хяналтын байцаагч нарт зориулсан сургалт зохион байгуулсан.

Цаашид ч тодорхой төлөвлөгөөний дагуу зорилтот бүлгүүдэд чиглэсэн зохих мэдээлэл сурталчилгааны ажлыг байнга хийнэ.

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны хайгуулын улмаас байгаль орчин, хөрс, ундны ус бохирдож, хүн, мал, амьтан хордож буй талаар мэдээлэл гарч байсан. Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, бодит байдлыг тогтоох зорилгоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар 2013 онд 104 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, 2019 онд Мал эмнэлгийн ерөнхий газрын ажлын хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сайдын тушаалаар энэ оны тавдугаар сард ажлын хэсэг гарч тус суманд ажилласан.

Эл гурван ажлын хэсэг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дахь Зөөвч овоо, Дулаан уулын ордын байрлах бүс нутагт ураны хайгуул болон хагас үйлдвэрлэлийн туршилтын олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх өвчин эмгэг гараагүйг тогтоосон.

Хүмүүсийн их сонссон жишээний талаар энэ ташрамд тайлбар хэлье гэж бодож байна. Малчин Энхбатын малаас найман хөлтэй ишиг гарсан нь тус төслийн талбайгаас 50 км зайтай буюу нөлөөлөлд өртөх боломжгүй бөгөөд Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр маеда-весна гэх малын өвчнөөр өвчилснийг тогтоосон. Мөн Сайншанд сумын малчин Д.Норсүрэнгийн нэг үхэр, нэг хонь нь уранд хордоогүй, малын боом, цусан халдварт өвчнөөр хорогдсоныг тогтоосны зэрэгцээ малаа боом өвчнөөр өвчилсөн үед шүлхий өвчний вакцин тариулсан байсныг ажлын хэсэг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, зарим төрийн бус байгууллага олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл түгээж байсан.

-“Мон-атом” компани хэдэн лиценз эзэмшиж байна вэ? Хэдэн төсөл дээр ажиллаж байгаа вэ?
-“Мон-Атом” ХХК өөрийн нэр дээр уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй.

Харин бид ураны хэтийн төлөв бүхий талбайн судалгаа хийж байна. Энэ ажлын хүрээнд цаашид тусгай зөвшөөрөл авч, хайгуулын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татаж хамтран ажиллах боломжтой гэж харж байгаа.

“Мон-Атом” ХХК Францын “Орано” групп, Хятадын “Си Эн Эн Си” корпорац, ОХУ-ын “Росатом” корпорац, Чехийн “Ураниум индастри” ХК-тай хамтран ажилладаг. Эдгээрээс Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” ХХК Дорноговь аймагт гурав, Монгол-Чехийн хамтарсан “Гурвансайхан” ХХК Дундговь, Сүхбаатар аймагт ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Цөмийн энергийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 3-т заасны дагуу манай компани “Бадрах энержи” ХХК-ийн 34 хувь, “Гурвансайхан” ХХК-ийн 15 хувийн хувьцааг тус тус эзэмшин ажиллаж байна.

-Цөмийн эрчим хүч бол ихээхэн зохицуулалт, дүрэм журам шаардах салбар. Манай улсад энэ талын хууль эрх зүйн орчин ямар байна вэ?
-Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, тэр дундаа олборлолт, ашиглалтын салбар нь Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтад байдаг онцгой салбар юм.

Төрөөс цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмалын салбарт баримтлах бодлогыг 2009 онд баталсан. Энэ бодлогын хүрээнд ураны олборлолтын салбарт дэлхийд тэргүүлэх туршлага хуримтлуулсан, санхүүгийн хувьд бүрэн бие даасан, манай орноос олборлосон бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулж чадах зэрэг нэлээд өндөр хэмжээний стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахаар заасан байдаг.

Энэ салбарт төрийн төлөөллийг зохих хуулийн дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй компанийн хувьд өнөөгийн зарим хууль хоорондоо зөрчилтэй, зарим үйл ажиллагааны зохицуулалт нь төрийн хүнд суртал бий болгодог зэрэг сул тал ажиглагдаж байгаа. Иймд эдгээрийг засаж сайжруулах шаардлагатай юм. Хууль эрх зүйн орчин тааруу, зохицуулалт бүрхэг байх нь эргээд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч болон дотоодын төрийн өмчийн компанийн хувьд ч ажил явуулахад хүндрэл бэрхшээл дагуулах нь цөөнгүй байна.

-“Бадрах энержи ХХК”-ийн үйл ажиллагаа ямар явцтай байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар тус компани технологийн туршилт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. “Бадрах энержи” ХХК-ийн 66 хувийн хувьцааг эзэмшигч “Орано” групп нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын салбарт дэлхийд тэргүүлэх Франц улсын төрийн өмчит компани юм. Монгол Улсад 1997 оноос хойш цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа хийж байгаа. Зөөвч овоогийн ордын нөөцийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2020 оны нэгдүгээр сард хэлэлцэж, ордын нөөцийг 93.0 мянган тонн гэж баталсан.

Зөөвч овоо төслийг ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах, үндсэн параметрүүдийг тодорхойлох, техник, эдийн засгийн бодит тооцооллыг гаргах зорилгоор туршилтын үйлдвэрлэлийг холбогдох хуулийн дагуу бүх зөвшөөрлөө авч, энэ оны гуравдугаар сард багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн боловч цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор өнөөдрийг хүрээд байна.

-Манай улсад ашиглах боломжтой хэдэн орд байдаг вэ? Цөмийн эрчим хүчний салбарын ирээдүйн төлвийг та хэрхэн харж байна вэ?
-Ашиглах боломжтой ураны ордын тоо нь тухайн орд газрыг ашиглах арга, ТЭЗҮ болон дэлхийн зах зээл дээрх ураны үнээс шууд хамааралтай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрдэс баялгийн санд бүртгэлтэй ураны 13 орд газар байна. Үүнээс Дорнод аймаг дахь Мардайн ордыг 1989-95 оны хооронд олборлож байсан түүхтэй.

Дэлхийн зах зээлд ураны үнэ нэг фунт нь 30.5 ам.доллар байна. Энэ нь 2007 онд 137 ам.доллар хүрч байсантай харьцуулахад бараг тав дахин бага үнэ. Гэсэн хэдий ч байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөө үзүүлэх газрын доор уусган олборлох арга нэвтэрснээр ураны орд газрууд эргэлтэд орох боломж өссөн.
Цөмийн цахилгаан станц барих асуудлаар албан болон албан бус байдлаар мэргэжлийн хүмүүсийн дунд яригддаг асуудал. Энэ асуудлаар ОУАЭА-т хандаж байсан тохиолдол бий.

Цөмийн цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэх асуудлыг ярихаас өмнө бид санхүү, эдийн засгийн нөөц бололцоогоо сайтар тооцож, байгаль орчны нөлөөллийн судалгааг хийж гүйцэтгэх нь чухал болов уу. Үүнээс гадна ТЭЗҮ-г нарийвчлан боловсруулж, хэрвээ эцсийн хариу ашигтай гарсан тохиолдолд ОУАЭА-тай хамтран ажиллаж, анх удаа цөмийн цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн улс орнуудад зориулсан гарын авлагынх нь дагуу бэлтгэл ажлуудыг сайтар хийх нь зайлшгүй. Ер нь бидэнд дотооддоо хийж гүйцэтгэх, бэлтгэх, шийдвэрлэвэл зохих асуудал их байна.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн 2020 оны 9-10-р сарын дугаараас

 

 

Mongolian Economy