Д.Зоригт: Боломжийг алдах бус атгах нь чухал

Манай тусгай сурвалжлагчид Шанхайгаас мэдээлж байна.

Энэ сарын 10–13–нд Шанхай хотноо болж буй “Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт–Цэвэр нүүрсний Азийн дээд хэмжээний уулзалт 2012” хурлын үеэр илтгэл тавьсан ЭБЭХЯ-ны сайд асан Д.Зоригттой “Mongolian Economy” сэтгүүлийн сурвалжлах баг уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Хоёр дахь удаагаа болж байгаа тус чуулга уулзалтын талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ удаагийн чуулга уулзалтаар олон чухал зүйлийн талаар нэлээн дэлгэрэнгүй ярилаа гэж бодож байна. Тэр дундаа Монгол улс төдийгүй дэлхий дахинаа тулгамдаад байгаа эрчим хүчний хэрэглээг хэрхэн байгаль экологид ээлтэй болгох вэ. Үүнд Монголын хувь нэмэр ямар байх талаар талууд онцолж байна. Монголын талаар ийнхүү онцолж байгаа нь манай улсын нэр хүнд олон улсад өссөнтэй холбоотой юм. Мөн цэвэр нүүрсний технологийн талаар хэлэлцлээ. Өнөөдөр АНУ шатдаг занарыг ихээхэн сонирхож, энэ салбарт хөрөнгө мөнгө хаяж эхэлсэн. Энэ нь ч үр дүнгээ өгч шатдаг занараас гаргаж авдаг хийн үнэ дэлхийн зах зээл дээр нэлээн буурч байгаа. Үүнийг дагаад эрчим хүчний түүхий эд тэр дундаа нүүрсний үнэ мөн адил буурч байна. Гэхдээ дэлхий нийт эрчим хүчээр цангаж байгаа энэ үед нүүрснээс шууд татгалзаж чадахгүй. Тиймээс л нүүрсийг аль болох байгаль орчинд ээлтэй болгох тал дээр дэлхий нийтээр ихээхэн анхаарч байгаа учраас шинэ технологи тус салбарт хэдийнэ нэвтэрсэн гэж хэлж болно. Уг өндөр технологийг Монгол улс нутагшуулах зайлшгүй шаардлагатай юм. Учир нь манай улс бол нүүрс экспортлогч орон. Нөөцийн хувьд ч их. Манай нүүрсний зах зээл урд хөршөөс шууд хамааралтай байна. Хэрвээ бид байгальд ээлтэй нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх гэх мэт шинэ технологийг амжилттай хэрэгжүүлж чадвал дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх боломж бий болно. Мөн хамгийн чухал нь нүүрс боловсруулах шинэ технологи нь манай улсад тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэж чадна. Тухайлбал, шатахууны асуудал байна. Цаашилбал Улаанбаатар хотыг утаагүй болох гэдэг ч юм уу.

-Таны тавьсан илтгэлд Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийн талаар дурдагдаж байсан. Энэ тал дээр гаднын хөрөнгө оруулагчид ямар санал санаачилга гаргаж байна вэ?

-Өнөөдөр бид дан ганц нүүрс гэлтгүй нар, салхи гээд асар их эрчим хүчний нөөцтэй. Харин дэлхий нийт ногоон хөгжлийн зүг явж байна. Чухам энэ үед бид сэргээгдэх эрчим хүчний эдгээр шавхагдашгүй нөөцөө нэн тэргүүнд ашиглах нь зөв юм. Гэхдээ тус салбарт эхний ээлжинд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө хаях хэрэгтэй болно. Тиймээс уул уурхайгаас орж ирж байгаа тэр хөрөнгийн урсгалын зарим хэсгийг мөн гаднын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг сэргээгдэх эрчим хүчний салбарт татах хэрэгтэй. Эхнээсээ ч манай улсад “Ньюком” групп 50 мВт-ын салхин станцийн ажлыг эхлүүлсэн. Хэдийгээр 50 мВт гэдэг монголчуудын хувьд том тоо ч сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцийн дэргэд харьцангуй бага юм. Монголын сэргээдэх эрчим хүчний нөөцийн талаар дурдахад манай говийн нарны эрчим хүчний нөөц Сахарын цөлийн дараа буюу дэлхийд хоёрдугаарт ордог. Япон улсад суурьлагдсан нийт эрчим хүчнээс даруй 12 дахин их гэсэн үг. Тиймээс бид энэ их сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нэн даруй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй. Ямартай ч эхлэл нь тавигдсан. 2007 онд сэргээгдэх эрчим хүчний хууль батлагдаж манай улс 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэдэг зорилт тавьсан байгаа. Уг зорилгодоо хүрэх хэрэгтэй. Ингэж чадвал тус салбарын цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр болох юм.

-Зарим хүн сэргээгдэх эрчим хүчний томоохон төслийг биелэх боломжгүй мөрөөдөл мэтээр хүлээж авах нь бий. Тухайлбал, Япон, Монголын хамтарсан “Азийн супер сүлжээ” гэх төсөл яригдаж байгаа. Энэ төслийн тухайд таны бодол ямар байна вэ?

-Энэ бол ойрын хэдэн жилийн дотор биелэж болох бизнес төсөл гэж хэлмээр байна. Сахарын цөлийн нарны эрчим хүчийг ашиглаж Европыг эрчим хүчээр хангах асуудал саяхнаас яригдаж эхэлсэн. Яг л үүнтэй адил Азийн эрчим хүчний хэрэглээг ногоон болгох асуудал мөн саяхнаас л яригдаж байна. Харин уг санаачлагын гол тоглогч нь Монгол байх болно. Учир нь бидэнд хаа ч байхгүй тэр их нөөц нь байна шүү дээ. Тиймээс одоо Азийн томоохон орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн гурав дахь том эдийн засаг бүхий Япон улс Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцийг сонирхож эхэлсэн гэдэг нь л өөрөө маш том хөшүүрэг тус салбарыг дэмжих боломж шүү дээ. Энэ боломжоо бид алдах биш атгаад л авах учиртай.

-Энэ удаагийн чуулга уулзалтаар Монголын эдийн засгийн огцом өсөлтийн талаар талууд нэлээн ярьж байна. Гэхдээ бидний хувьд эдийн өсөлтөөс илүү улс эх орны хөгжил чухал. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Өнөөдөр манай улсын эдийн засгийн өсөлт дэлхийн чихийг сортолзуулж байна. Тиймээс ч олон улсын томоохон бизнесмэнүүд манайд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Уул уурхайтай холбоотой бий болсон энэ нэр хүндээ бид юуны түрүүнд зөв ашиглах учиртай. Түүнчлэн дан ганц уул уурхай гэлтгүй аж үйлдвэрийн салбараа дэмжих. Цаашлаад гаднын орнуудын технологийн дэвшил, мэдлэг, чадварыг өөрийн оронд оруулж ирэх хэрэгтэй байна. Ингэж чадвал бид эдийн засгийн өсөлтийг хөгжил болгож чадна.

-Чуулга уулзалтын эхний өдөр Монголын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчны талаар байсан. Ер нь гаднын томоохон хөрөнгө оруулагчид Монголчуудаас чухам юу хүсэмжилж байна вэ?

-Чуулганы үеэр тавьсан илтгэл, гаднын томоохон банк санхүүгийн байгууллагын төлөөлөгч нарын санал бодлыг ерөнхийд нь багцлаад хэлэхэд яг одоогоор тэд Монгол улсын шинэ Засгийн газраас дорвитой хариу хүлээж байгаа нь илт байна. Сонгуулийн дараах улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг хүлээлтийн байдалтай болгочихож. Дээрээс нь өнөөдөр гаргасан хууль нь маргааш өөрчлөгдөөд байвал ямар ч хөрөнгө оруулагч манай улсад тогтохгүй. Хамгийн чухал нь шинэчлэлийн Засгийн газар үнэн бодит, баталгаатай хариу хөрөнгө оруулагчдад өгөх учиртай. Бид өнөөдрийнх шиг дэлхийн анхаарлын төвд үүрд байхгүй шүү дээ. Тиймээс Засгийн газар гаднын хөрөнгө оруулалтын тал дээр эртхэн анхаарах хэрэгтэй байна.

“Монголын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт–Цэвэр нүүрсний Азийн дээд хэмжээний уулзалт 2012” хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шанхай. 2012.12.12