Д.Лхагвасүрэн: Малаа салхи сөрүүлж бэлчээрлүүлэх дуртай

Монгол малчдын тэсвэр тэвчээр, хөдөлмөрийг шалгасан он жилүүд тохиох боллоо. Цас зуд, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт гээд л хувиран өөрчлөгдөх байгалийн үзэгдлүүдэд дасан зохицох, даван гарах арга зам хайх шаардлагатай болж байна. Сүүлийн хэдэн жилд тохиогоогүй хүйтэнд манай улс малаа хэдэн мянгаар нь алдаж, хоолноосоо салсан малчдын тоо ч нэмэгдсэн дүр зураг үргэлжлэх болсон. Тэгвэл байгалийн энэхүү ширүүн дүр зургийг хөдөлмөр, зүтгэлээрээ эрсдэлгүй даван туулж буй малчид ч олон байгаа. Засгийн газраас Сар шинийн баяраар Улсын сайн малчдыг тодруулж урамшуулан шагнадаг уламжлалтай. 2010 оны Улсын сайн малчныг ган гачиг, цас зудыг хэрхэн давж гарсан гэсэн гол үзүүлэлтээр шалгаруулсан хэмээн Засгийн газрын сайдууд онцлон хэлж байсан юм. Өнгөрсөн оны Улсын сайн малчин өргөмжлөлийн эзэн Төв аймгийн Баянцагаан сумын IV багийн малчин Д.Лхагвасүрэнгийнд Сар шинийн баярын дараахан зочилж, ийн хөөрөлдсөн юм.

-Сар шинэдээ сайхан шинэлэв үү?
-Сайхан шинэллээ.

-Тарган тавтай өвөлжиж байна уу?
-Сайн өвөлжиж байна.

-Туулай жилийн өнгө хэр байна даа Лхагвасүрэн гуай?
-Сайхан жил болох төлөвтэй байна. Сар шинээр дулаахан байлаа.Өнгөрсөн жил цастай, хүйтэн их хэцүү байсан шүү дээ. Манайх отор нүүдэл нэлээд хийсний хүчээр зудыг эрсдэл багатай туулсан. Ер нь сүүлийн дөрвөн жил нутгаасаа гарч, өөр сумдын нутгаар отор хийж явна даа.

-Цас зудыг хэрхэн давах тухайд туршлагаасаа хуваалцахгүй юү? -Зунаас л ихэд сайн бэлтгэл хангах хэрэгтэй дээ. Малаа сайн тарга тэвээрэг авахуулж, өвс тэжээлээ базааж, отор нүүдэл хийх нь хамгийн чухал. Мөн дулаан хувцас, хүнсний зүйлсээ ч хангалттай нөөцлөх ёстой. Манайх сүүлийн жилүүдэд өвөлдөө хоёр ч нүүж байна. Бог малын тоо толгой нэг хотонд 500 хүрээд ирэхээр өвс тачир болж, бэлчээрийн даац мууддаг талтай. Ер нь би малаа бөөцийлөөд дулаанд дасгах гээд байдаггүй, аль болох салхи сөрүүлж бэлчээрлүүлэх дуртай.

-Танайд ажлын байраар хангасан тул... гэсэн өргөмжлөл байна. Ажлын байраар хэрхэн яаж хангаж байгаа талаараа ярина уу?
-Улирлын чанартайгаар түр зуурын ажлууд малчин бидэнд гарч ирдэг. Ямаа самнах, хонь хяргах гэх мэтчилэн их ажил эхэлсэн үед хүмүүсийг түр ажиллуулдаг. Ажилгүй, малгүй болсон 2-3 өрхийг дэргэдээ авч ажиллуулах замаар тэднийг тодорхой тооны малтай болгож, амьжиргааг нь дээшлүүлэх саналыг сумынхаа Засаг даргадаа хэлсэн. Гэхдээ залуу малчдыг дэргэдээ 2-3 жил дагалдуулахгүй бол бас л хэцүүднэ шүү дээ. Одооны залуус нэлээд залхуу талдаа болжээ. Малаа цас зуднаар алдчихаад сумын төв рүү орж, хийх ажилгүй, төрд найдаад л суух юм. Бэлэнчлэх сэтгэлгээнд л их суралцаад байх шиг. Бас төрөөс өгсөн малыг үржүүлэн өсгөөд амьдралаа авч яваа хөдөлмөрч залуучууд ч байна аа. Манайх малжуулах бодлогын хүрээнд сумынхаа цэцэрлэг, сургуульд 500 гаруй мал өгчээ.

-Хөдөө амьдрал ямар байна, төр, засгаас ямархуу арга хэмжээ авмаар байх юм?
-Малчдын амьдрал дээшилж байгаа. Нэг үеэ бодвол гэрэл цахилгаан, гар утастай болж, зурагт үзэж байна. Гэрийнхээ гадна унаа тэрэггүй малчин ер нь л ховор доо. Харин төрөөс иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд л сургах бодлого явуулаад байна уу гэж бодогдох юм. Бэлнээр мөнгө тараагаад байгаа нь хэр зөв юм бол доо. Уг нь хөдөлмөрлөж хоолоо олж идэх арга зам, боломжийг нь олговол зүгээр сэн. 20 000 төгрөг өгсний оронд аймаг суманд жижиг, дунд үйлдвэрүүд байгуулж, ажилгүй иргэдээ ажлын байраар хангавал хорин мянган төгрөгөөс хамаагүй илүү хөрөнгө оруулалт болно шүү дээ. Дээр нь малчин, мах хоёрын хооронд зуучлах ченжүүдийг зохицуулмаар байна. Ченжүүд биднээс махыг маш хямдаар аваад хотод очоод өндөр үнээр зарж борлуулаад хүнсний үнийг өсгөөд байна. Мал махаар баян оронд махны үнэ нь тэнгэрт хадна гэдэг байж боломгүй зүйл. Сүүлийн үед Хятад руу мах гаргаад байна гэж дуулдах юм. Буруу л зүйл хийгээд байх шиг санагдах. Мөн бэлчээрийн талаар төрөөс ямар нэг бодлого явуулах ёстой байх. Бэлчээр нийтийн эзэмшлийнх байхаар хүндрэлтэй асуудалтай их тулгардаг. Өвөлжөө, намаржааныхаа ойр орчмын бэлчээрийг хаших эрхийг малчдад олгох, отрын нутгийг тодорхой болгох ёстой. Хэдийгээр фермерийн аж ахуй, хоршоог хөгжүүлэх бодлого барьж байгаа ч нүүдлийн мал аж ахуй байсаар л байх болно шүү дээ.

-Нийгмээ дагаад малчдын сэтгэлгээ өөрчлөгдөх ёстой гэсэн үзэл бодол зарим хүмүүст явдаг. Та ямар бодолтой байдаг бол?

-Малчдын сэтгэлгээ өөрчлөгдөх ёстой. Малчдын бүлэг байх шаардлагатай. Байгалийн янз бүрийн эрсдэлтэй хамтын хүчээр тэмцэж даван туулах нь чухал. Би бүлэгт бүртгүүлсэн байгаа. Бүлгийн гол зорилго нь хашаа хороог засах, худаг гаргах, өвс тэжээлээ хамтран бэлтгэхэд чиглэдэг. Мөн дундаасаа тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх асуудал ч байгаа. Байгалийн ширүүн үзэгдлүүдтэй олны хүчээр хамтран тэмцэх нь үр дүнтэй.

-Та аль намын гишүүн бэ?
-Нам бус хүн. Миний бодлоор томчуудын хооронд улстөржих явдал их байна уу даа. Бас намын хагарал байх шиг байгаа юм. Огцорсон хүмүүс нь шинүүдээ татаж унагаах гээд л байдаг юм шиг ойлгогдох юм. Уг нь улстөржих явдлаа багасгаж, бүтээн байгуулалт, улс орныхоо хөгжилд бодитой зүйл хийж ажиллаасай.

-Та морь уралдуулдаг уу?
-Уралдуулна аа. Аймаг сум, бүсийн наадамд айраг түрүүтэй л явдаг. Одоо морь уях ажлаа хүүдээ датгасан. Ер нь бидний үеийнх шиг морь уядаг цаг биш болжээ. Нийгэм цаг үеэ дагаад өвс тэжээл нь ч өөр болж дээ. Бэл бэнчинтэй хүмүүс нь хурдан морьдыг мөнгөөр зодож аваад л үнэтэй тэжээл өвс өгч байна. Янз бүрийн эрлийз хурлийз морьд ч олшроод, дийлдэхгүй болж байна.

-Та удмын малчин хүн үү?
-Тиймээ. Багаасаа л мал маллаж өссөн хүн дээ. Би өвөөгөөрөө овоглож явдаг. Өвөө маань 1944 онд Улсын сайн малчны зөвлөлгөөнд оролцож явсан хүн бий. Миний хувьд хүүхэд байхаасаа л малын дэргэд тоглож өсч өдий зэрэгтэй яваа учраас мал сүргээ сайхан өсгөж, сайн сайхан амьдрах л чухал юм даа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүүгээ удам залгах малчин болгоод дэргэдээ авч явна. Бусад хүүхэд маань эрдмийн мөр хөөсөн.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.