Д.Энхтөр: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй болсон

Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төс­лүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөртэй ярилцлаа.

-Өнгөрсөн жил НЗДТГ-аас “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний үр дүн, хэрэгжилтийн явц ямар байна вэ?

-Биднийг ажил авахад буюу 2016 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.4, ажилгүйдлийн түвшин 9.1, шинээр ажлын байр жилдээ 15 мянгаар нэмэгдэж байсан. Мөн нийслэлийн хэмжээнд 380 мянган өрх байгаагаас 240 мянгад нь “Нэг өрх-Нэг ажлын байр хөтөлбөр”-ийн хүрээнд судалгаа явуулсан. Хамрагдсан өрхийн 59.8 хувь нь хөдөлмөр эрхлээгүй иргэнтэй өрх байна. Үүнээс нэг гишүүн нь ажилгүй 98.600 өрх. Таван гишүүн нь ажилгүй 1122 өрх байна. Харин 40.500 өрхөд тус бүр хоёр гишүүн нь ажилгүй гэсэн судалгааны дүн гарсан. Товчхоноор хэлбэл өрхийн хэмжээнд ажилгүй иргэдийн тоо их байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулна” гэж тусгасан. Энэ нь 2018 оны нэгдүгээр сард нээлтээ хийх гэж байна. Тус төв нь ажил олгогч болон ажил хайгч нарт зориулсан цогц үйлчилгээг нэг дороос үзүүлнэ. Бид 2016 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.4 хувь байсныг 60 хувьд хүргэнэ гэсэн өндөр зорилт тавьсан байна. Энэхүү зорилтдоо хүрэхийн тулд жилдээ 30 мянган ажлын байрыг шинээр бий болгох ёстой. Өнгөрөгч онд байнгын болон түр ажлын байрыг 18, Бичил бизнесийн чиглэлээр 9879, нийтдээ 27 мянган ажлын байрыг шинээр бий болгожээ. Ер нь цаашид өрхийн гишүүдийн хэд нь ажлын байртай болж буйгаар нарийвчилсан судалгаа, тооцоотой ажиллах болно. Ингэж ажилгүй иргэдийн тоог өрхөөр нь дамжуулан бодит болгох юм.

-Ер нь нийслэлийн хэмжээнд ажлын байрын олдоц болон шалгуурт тэнцэх иргэд хэр байна вэ?

-Өнгөрсөн жил хэд хэдэн удаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон төр хувийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг 70 гаруй аж ахуй нэгжтэй хамтраад нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулсан. Хэдий тухайн үед иргэд маш их хамрагдаж оролцож байгаа ч ажилд орж буй нь цөөхөн байсан. Учир нь ажил олгогчдын тавьж буй шаардлагад нийцэх иргэдийн тоо маш цөөхөн байсан нь ажиглагдсан.

-Тэгвэл цаашид ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн зүгээс ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Хэрвээ дүүргүүдэд төрийн чиглэлээр байгуулагдаж буй бүтээн байгуулалтын ажил эхэлбэл ажлын байр нэмэгдэх боломжтой. Тухайлбал, Эмээлт, Налайх, Багахангайд үйлдвэр технологийн паркууд байгуулсанаар 10 орчим мянган ажлын байр шинээр бий болно гэсэн тооцоо байна. Мөн бага дунд орлоготой 6000 өрхийг орон сууцжуулна. Үүний зэрэгцээ түрээсийн орон сууцанд 168 өрхийг хамруулахаар төлөвлөсөн ажлууд байна. Цаашид “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийнхөө хүрээнд залуучуудын болон өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ. Түүнчлэн өнгөрсөн онд 566 өрхөд агропарк буюу хүнсний ногоо тариалах чиглэлд тусламж үзүүлэн цахилгаан, ус хангамжийг шийдэж дэмжлэг болсон. Үүний зэрэгцээ ногоо тарих арга, технологийг нь заасан. Энэ нэг өрхөд өгч буй бодит дэмжлэг юм. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй өрхүүдэд өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулан бага хүүтэй зээл олгож ажилладаг.

-Нийслэл хотод амьдарч буй хүүхэд залуучуудын төлөө 2018 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Бид 2016 онд Залуучуудын хөгжлийн газрыг шинээр байгуулж залуучууд руу чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байна. Нэгдүгээрт хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд нэн тэргүүнд хотын залуучууд ямар ёс зүйтэй байхыг сурталчлах хэрэгтэй байна. Ядаж л хогоо хаядаггүй байх нь чухал. Тиймд хамгийн эхэнд залуучуудын хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажлуудыг түлхүү зохион байгуулна. Хоёрдугаарт мансуурах бодисын хэрэглээ, гэмт хэрэгт ихээр холбогдож байгаатай холбогдуулан хорт зуршлаас нь урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна. Гуравдугаарт нь бизнес хийх сонирхолтой залуучуудын бичил бизнесийн санаа болох старт апыг дэмжинэ. Өнгөрсөн жил есөн старт апын багаас зургааг нь шалгаруулж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн зэрэг ажлуудыг хийж байна. Түүнчлэн Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Энэ нь 0-5, 6-10, 11-15, 16-18 нас гэсэн шатлалтай. Тухайлбал 0-5 насны эцэг эхийн гар дээр хүмүүжиж буй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгээр дамжуулан эцэг эхтэй нь тодорхой сургалтын хөтөлбөрүүдэд хамруулах, 6-18 насны хүүхдүүдэд ерөнхий боловсролын бага, дунд, ахлах ангиар дамжуулан хөтөлбөрт хамруулна.