Евробүсийн инфляци хамгийн доод түвшинд хүрэв

Евробүсийн инфляци буурч, сүүлийн гурван жилд байгаагүй доод түвшинд хүрээд байна. Үүнд эрчим хүчний үнийн бууралт голлон нөлөөлсөн гэж үзэж буй. Түүнчлэн хоол, хүнс, спиртийн төрлийн ундаа, тамхи зэрэг бараа, бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаатай холбоотой аж.

“Евростат” статистикийн агентлагаас гаргасан мэдээллээр хэрэглэгчдийн үнийн инфляци өнгөрсөн наймдугаар сард 1.3, есдүгээр сард 1.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь евробүсийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх боломжийг Европын Төвбанкинд олгож буй хэрэг хэмээн эдийн засагчид үзэж буй. Тус банкнаас инфляцийн ханшийг хоёр хувиас ялимгүй доогуур байлгах бодлого баримталж байгаа билээ.

“Capital Economics” макро эдийн засгийн судалгааны компанийн Европыг хариуцсан эдийн засагч Жеймс Ховат “Европын Төвбанкинд цаашид мөнгөний бодлогоо хөнгөвчлөх боломж хангалттай бий. Хамгийн наад зах нь гэхэд банкны салбарын хөрвөх чадварыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авах бүрэн бололцоотой юм” гэжээ.

Доогуур ханш

Европын Төвбанкнаас евробүсийн банкуудад доогуур ханштай, харьцангуй удаан хугацаатай зээл авах боломжийг ганцхан удаа санал болгож, банкны салбарын өсөлтийг дэмжих боломжтой аж. 2011 оны сүүл үеэр банкуудад гурван жилийн хугацаатай хямдхан санхүүжилт санал болгож байсан нь зээлийн зардлыг хямд байлгахад дэмжлэг үзүүлэх зорилготой байсан гэж үздэг аж.

Жеймс Ховатын хэлж буйгаар Европын Төвбанк энэ сард хийх уулзалтаараа дээрхтэй төстэй бодлого гаргаж, олон нийтэд танилцуулж магадгүй юм байна. Харин бусад эдийн засагч энэ сард тус банк бодлогын хүүний ханшаа бууруулахгүй хэмээн үзэж буй. Учир нь эдийн засаг сайжирч буй шинж тэмдгийг сүүлийн үеийн тоо, баримт харуулах болсон гэжээ.

Европын Төвбанкны бодлогын хүүний ханш өнөөдөр 0.5 хувьтай байна.