Евробүс хямралаас гарч байна

Евробүс 18 сарын туршид хямралын байдалтай байсан бөгөөд энэ оны хоёрдугаар улиралд хямралаас гараад байна. Евробүсийн орнуудын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд 0.3 хувиар өссөн нь урьдчилан таамаглаж байснаас бага зэрэг дээгүүр үзүүлэлт болохыг “Eurostat” агентлаг мэдээлэв. Евробүсийг бүрдүүлэх 17 орны (еврог мөнгөн тэмдэгтээр хэрэглэдэг) эдийн засгийн бүтэц харилцан адилгүй тул дээрх тоо баримт зарим үзүүлэлтийг нуун дарагдуулж байж болох талтай.

Энэ хугацаанд Германы эдийн засаг 0.7 хувиар, Франц 0.5 хувиар тус тус өссөн нь таамаглаж байснаас харьцангуй өндөр үзүүлэлт болжээ. Евробүсийн хувьд хамгийн жижигхэн, тааруухан өсөлттэйд тооцогдох Португаль гэхэд 1.1 хувиар өсчээ. Банкны салбараа авч гарахын тулд гаднын тусламжийг эрэлхийлэх болсон Испанийн хувьд өнгөрсөн улиралд эдийн засаг нь 0.1 хувиар, Итали болон Нидерланд 0.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Европын комиссын дэд ерөнхийлөгч Олли Рехн Европын эдийн засаг аажмаар хүчээ авч байгаа хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр “Бидний өмнө олон сорилт бий. Цаашид өсөлтийн түвшин доогуур байх хандлагатай бөгөөд өсөлтийн шинж тэмдэг хэврэг байх болно. Гишүүн орнуудад ажилгүйдлийн түвшин маш өндөр байгаа бөгөөд Европын холбоо даяар хийх шинэчлэлийн ажил эхлэл шатанд явагдаж байна” гэжээ.

“Capital Economics”-ийн шинжээчид “Евробүс бүхэлдээ эдийн засгийн өсөлтийн дундаж түвшинд хүрсэн ч энэ нь хэт гүнзгий хямарсан эдийн засаг, санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэсэн үг биш” хэмээн хэлж буй.

Евробүсийн 17 орны эдийн засгийн түвшин 2010-2013 оны хооронд ямар байсныг доорх хүснэгтээс харна уу.