Еврогийн аялал дуусах уу

Зуунд ганц тохиох сансар огторгуйн онцгой үзэгдэл уржигдар болсон талаар дэлхий нийт шуугиж байна. Хайрын бэлгэдэл Venus буюу Сугар гариг нарны өмнүүр зургаан цаг гаруй “аялж” өөрийн төрхийг цэнхэр гаригийн иргэдэд гайхуулаад буцсан. Үүний адилаар дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн нууцлалтай гэгдэх еврогийн аялал энд хүрээд дуусах уу.

Австрийн уран бүтээлч Роберт Калинагийн загвараар еврог даавуун материал дээр математикийн цогц дүрмээр зохицуулсан тоон илэрхийлэл ашиглан хэвлэдэг. Калина дэвсгэртэд тус бүсийн газрын зургийг шигтгэн, урд талд нь хамтын ажиллагаа болон ил тод байдлын бэлгэдэл хэмээн нээлттэй цонх, хаалгыг дүрсэлсэн байдаг. Дэвсгэртийн ард зурсан гүүр нь Европын иргэд хоорондын эв найртай харилцааг бэлгэдэх аж. Орон бүрт хэвлэгдэх еврогийн дэвсгэртээс хамааран тухайн улсын газрын зургийг жижгээр онцолсон байдаг. Зоосон еврог харин Хятад төмөрлөгөөр Дорнын уламжлалт аргаар үйлдвэрлэдэг аж.

Евро хэмээх мөнгөн тэмдэгт дэлхийг эзлэхээр “мэндэлж” байсан нь саяхан. Шинэ зууныг евротой угтах чин хүсэлтэй 12 орон байсан бөгөөд тэд шинэ мөнгөн тэмдэгтээ алгаа тосон хүлээн авсан юм. Европын Төвбанкны төв штаб байрлах Франкфурт ам Майн хот еврог өлгийдөн авсан хамгийн анхны хот байв. Австри, Бельги, Герман, Испани, Итали, Грек тэргүүтэй евро бүсийн 12 улсын иргэд шинэ мөнгөн тэмдэгтээр хэтэвчээ чимэх болсон. Тэдний дунд Франц, Германчууд нүд ирмэх зуур хуучин мөнгөн тэмдэгтээсээ нүүр буруулсан билээ.

Евро бүсийн хэсэг орны хувьд хөршүүдээ даган хөөрсөнгүй. Швейцари, Дани болон Их Британни үндэсний мөнгөн тэмдэгтдээ үнэнч үлдэхээ тунхаглаж байлаа. Харин Швед, Унгар, Чехийн иргэд еврог нэвтрүүлэхэд төдий л яарахгүй байсан юм. Харин Латви, Литви зэрэг жижиг улс үймээн дунд учраа олохгүй давхиж явав. Гэвч жижиг улсын эдийн засгийг орвонгоор нь эргүүлсэн 2008 оны санхүүгийн хямрал тэдэнд евро руу хөрвөх боломжийг хаасан гэж болно.

Еврогийн түүх 1999 оноос эхтэй. Евро бүсийн орнууд хоорондын мөнгөн гуйвуулгыг еврогоор хийж эхэлсэн тэр үед Европын нэгдсэн мөнгөн тэмдэгт буюу ECU гэх ойлголт гарсан. Энэ нь еврогийн анхны загвар байсан юм. Еврог нэвтрүүлсэн нь тус бүсийн орнууд хоорондын худалдаа хийхэд бэрхшээл үүсгэж байсан валютын хэлбэлзлийг багасгах зорилготой “могойн валют” гэх санаанаас улбаатай аж. Гэсэн ч нэгдсэн мөнгөн тэмдэгт олныг нэгдүүлж чадсангүй.

Нэгдлийн нэг шалгуур бол тогтвортой байдал. Хаврын тэнгэр мэт хувирах еврогийн “ааш” мөнгөн тэмдэгтэд нэгдэх олон нөхцөл зааж байлаа. Тухайлбал, еврогоор гангарах хүсэлтэй орнуудын өрийн дээд хэмжээг бүсийн хамгийн тогтвортой эдийн засагтай орнуудын үзүүлэлтээс 1.5 хувиас хэтрэхгүй хэмээн заажээ. Нээлттэй өрийн хэмжээ тухайн улсын ДНБ-ний 60 хувиас их, улсын төсөв нь ДНБ-ий гурван хувиас давсан зарлагатай бол шинэ мөнгөн тэмдэгтэд нэгдэх боломжгүй юм.

Сүүлийн 10 жилийн хугацаанд бүсийн таван орон дээрх шаардлагыг ханган бусадтайгаа нэгдэж чадсан. Тухайлбал, 2007 онд Словени, удаах онд Кипр болон Малта үндэсний мөнгөн тэмдэгтээ халсан. Өнгөрсөн онд Эстони уг эрхийг авсан байдаг. Ийнхүү евро бүсийн 17 орон валютаар нэгдсэн аж. Түүнчлэн Ватикан, Сан Марино, Андорра, Монакогийн хаант улс мөн Гуалүпэ, Мартиник болон Францын Хавана гэх Европ тивд орших арлууд тус мөнгөн тэмдэгтийг дотооддоо зах зээлийн эргэлтэд оруулдаг гэнэ. Португаль улсын Мадейра болон Азорес, Монтенегро зэрэг газарт еврогоор гүйлгээ хийхийг зөвшөөрчээ. Тогтвортой байдлын бэлгэдэл болгон Грек цагаан толгойн “Е” буюу ипсилоныг голлосон хос шугам оршдог. Гэвч Грекийн эдийн засагт “хуй” дэгдээсэн евро бэлгэдэл төдий үлдэв. Алгаа тосон авсан еврогоо зүхэх болсон Итали, Испани иргэд ч хямралын шуурганд өртөөд буй.

Их Британийн шинжээчдийн үзэж буйгаар 2012 он евро бүсийн хувьд ангалд ойртох эхний алхам гэнэ. Евро бүсийн уналт мөнгөн тэмдэгтийг хөлдөө чирэх нь гарцаагүй боловч холбогдох удирдлагууд тогтвортой байдлаа хадгалах гэж хүчээ шавхан тэмцэж байгаа юм. Тийм боловч ерво үнэгүйдсээр байгааг Европын Төвбанкнаас мэдэгдсээр байгаа.