Европын бонд ба “Их-20”-ын уулзалт

“Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах газрын бондноос дахин худалдан авах талаар ярихад Хятадын хувьд хэтэрхий эрт байна” хэмээн манай урд хөршийн Сангийн яамны дэд сайд Зу Гуангияо дэлхийн удирдагчдын хурлын босгон дээр Францын Каннын сэтгүүлчдэд мэдэгдэв. “Хэдийгээр уг газрыг дэмжих талаар яригдаж байгаа ч одоогоор нарийн төлөвлөгөө хийгдээгүй байгаа учраас цаашид хөрөнгө оруулах талаар ярих боломжгүй байна” хэмээн хэлэв. Мөн тэрбээр Хятадын хөрөнгийн багцын нэг хэсэг болсон эрсдэлийн сан нь манай орны хувьд зээлийн хямралаас гарах нэг чухал хэрэгсэл гэжээ.

Европын холбооны удирдагчид цаашид үүсч болзошгүй хямралаас сэргийлэх мөн Грекд дахин тусламж үзүүлэх зорилгоор өнгөрөгч долоо хоногт 440 тэрбум еврогийн санг нэг триллионд хүртэл нэмэгдүүлэх асуудалд санал нэгдсэн. Уг төлөвлөгөөг өнгөрөгч сарын 27-нд танилцуулсаны дараа Францын ерөнхийлөгч Николас Саркози Европын зээлийн хямралд үзүүлэх Хятадын тусламжийн талаар тус улсын удирдагч Хуа Жинтаотой ярилцахаар болсон хэмээн мэдэгдсэн. Мөн Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах газрын гүйцэтгэх захирал Клаус Реглинг өнгөрөгч долоо хоногт Хятадын удирдлагуудтай уулзахаар Бээжинг зорьсон.
Европын Холбооноос дээрх санг арвижуулах хоёр үндсэн арга замыг гаргасан. Үүний нэг нь бонд худалдах харин нөгөөх нь ард түмэн, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хөрөнгө оруулалтын шинэ гарц олох явдал юм. Уг хоёр арга замыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг энэ сардаа багтаан гаргах гэнэ.

Хятадын Ард түмний банкны гадаад харилцааны хэлтсийн дарга Чанг Тао хэлэхдээ “одоогоор хэнд ч уг хоёр төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар ойлголт байхгүй учраас энэ тал дээр сайн ажиллах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.

Европыг аврах зорилготой дээрх сан Грекийн Ерөнхий сайд Жорж Папандриугийн хүсэлтээр улс орных нь эмх замбараагаа алдсан зах зээлийг хэрхэн аврах тухай бүх нийтийн санал асуулгаас хойш гурван тэрбум еврогийн бондыг зах зээлд гаргах асуудлыг хойшлуулаад байна. Энэ сарын 3-наас 4-нд Каннд болох “Их-20”-ийн уулзалтын үр дүнг гартал бонд худалдаанд гарахгүй бололтой.

Европын санхүүгийн тогтвортой байдлыг хангах газар нь 2010 оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд “Bloomberg”-ийн мэдээллэж байгаагаар өнгөрсөн хугацаанд гурван төрлийн бондноос нийт 13 тэрбум еврогийн хөрөнгө босгосон байна.