Европын Төвбанкны бодлогын хүү хамгийн бага

Европын Төвбанкны ерөнхийлөгч Марио Драги тус банкны бодлогын хүүг цаашид нэмэгдүүлэхгүй хэвээр нь хадгалах, эсхүл бүр доогуур түвшинд байлгахаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Мөнгөний бодлогыг шаардлагатай бол аль болох урт хугацаанд тохиромжтой түвшинд хадгалах болно” гэжээ.

Энэ нь тус банкны бодлогын хүүгийн түвшин Евробүсэд цаашид ямар байх талаар өгсөн хамгийн анхны чиглэл байв. Өчигдөр тус банк бодлогын хүүгээ түүхэндээ байгаагүй буюу 0.5 хувь болгон бууруулсан аж.

Уг мэдэгдлийг хийснийхээ дараа Марио Драги тухайн шийдвэрийг холбогдох хүмүүс санал нэгтэй гаргаж, тодорхой хугацаагаар сунгасан бөгөөд хэдий хугацаагаар сунгасан болохыг хэлэх боломжгүй хэмээн хэвлэлийн хурал дээр хэлжээ.

Цаашид тус банкны бодлогын хүү доогуур ханштай байх нь тодорхой болсон тул еврогийн ханш ам.долларын эсрэг даруй 0.8 хувиар унаж, 1.2903 болсон байна.