Европын Төвбанкны бодлогын хүү 0.5 хувь болжээ

Евро бүсийн эдийн засгийг тогтворжуулахын тулд Европын Төвбанкнаас “Шаардлагатай бол арга хэмжээ авахад бэлэн” гэж мэдэгджээ.

Өчигдөр тус банк бодлогын хүүгээ 0.75-аас 0.5 хувь болгон бууруулав. Учир нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Евро бүсийн 17 гишүүн орны эдийн засаг тун тааруухан үзүүлэлттэй байсантай холбоотой. Мөн хөнгөлөлттэй зээлээ наад зах нь 2014 оны долдугаар сар хүртэл сунгасан байна.

Евро бүс дэх ажилгүйдлийн түвшин маш ихээр нэмэгдэж байгааг өнгөрөгч мягмар гаригт мэдээлсэн бөгөөд инфляцийн түвшин сүүлийн гурван жилд хамгийн доогуур үзүүлэлттэй байгаа аж.

Тус банкны ерөнхийлөгч Марио Драги “Эдийн засгийн сул байдал цаашид үргэлжлэх нь. Харин инфляцийн түвшин хэвээр байх хүлээлттэй байна. Бодлогын хүүг бууруулсан нь энэ оны сүүлч гэхэд эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх ёстой” гэж хэлжээ.