Европын Төвбанк азаа үзэхээр шийдээ юү

Европын Төвбанк жишиг бодлогын хүүгээ өөрчлөлгүй үлдээж, түүхэнд байгаагүй доод хэмжээ буюу 0.25 хувьд барихаар болжээ. Энэ нь дифляци үүсэх дохио.
Тус бүс нутгийн инфляци энэ гуравдугаар сард таван жилийн доод түвшинд хүрсэн ч Төвбанк бодлогын хүүндээ гар хүрсэнгүй.
Евробүсийн бодлогын хүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш өөрчлөгдөөгүй өдийг хүрсэн бөгөөд банкны зүгээс инфляцийг нам дор барих үүднээс энэхүү арга хэмжээг авч байгаа гэж тайлбарласан юм.
Энэ долоо хоногт бүс нутгийн инфляци гуравдугаар сард 0.5 хувь болтлоо буурсан талаарх мэдээлэл ил болсон. Төвбанкны зүгээс инфляцийг хоёр хувьд барина гэж амлаад байсан билээ. Гэвч 0.5 хувь гэдэг бол хэтэрсэн доод хэмжээ.
Энэ жилийн гуравдугаар сар нь Төвбанкны Ерөнхийлөгч Марио Драгигын нэрлэснээр “Аюултай бүс” буюу инфляци нэг хувиас доош ороод буй зургаа дахь сар болоод байна. Мөн өнгөрсөн сар нь инфляци бууралттай гарч буй гуравдахь сар юм.
Инфляци ийнхүү шалдаа бууж буй нь үнэ улам уруудах хүлээлтийг үүсгэн, хэрэглэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтэд нөлөөлж өндийж байгаа эдийн засгийг доош татаж магадгүй байна.
Мөн инфляцийн бууралт нь Засгийн газар болон бизнессийнхэн өрөө төлөхөд илүү хүндрэл учирч эхэлнэ гэсэн үг юм.
Ийнхүү Төвбанк бодлогын хүүгээ бууруулахгүй байгааг шинжээчид уламжлалт бус шинэлэг арга хэмжээнүүд авч эдийн засгаа дэмжих гэж буй оролдлого байж болох юм гэж тайлбарлаж байна.