Европын Холбоо Монголыг хар жагсаалтдаа орууллаа

Mongolian Economy
2020-05-06 16:34:42
Ангилал: Эдийн засаг

Европын комисс мөнгө угаах эрсдэлтэй улсуудад тавих хяналтаа сайжруулах зорилгоор санхүүгийн гэмт хэрэг болон банкуудыг нарийн хянах тусдаа байгууллагатай болохоор судалж байна.

Пүрэв гарагт (5 сарын 7) олон нийтэд дэлгэх баримт бичигт Панам тэргүүтэй улсуудыг хар жагсаалтад оруулж байгаа хэдий ч өмнө нь урьдчилсан жагсаалтад ороод байсан Саудын Араб болон АНУ-ын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг өршөөжээ. Мөнгө угаах эрсдэлтэй орнуудын жагсаалтад өмнө нь 16 улс багтаж байсан бол шинэчилсэн жагсаалтаар 22 улс болж нэмэгдсэн бөгөөд аравдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхлэх аж. Европын комисс Панам, Багамын арлууд, Маврикий, Барбадос, Ботсван, Камбож, Гана, Ямайка, Монгол, Мьянмар, Никарагуа болон Зимбабве зэрэг улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа учир тус холбооны “санхүүгийн тогтолцоонд ноцтой аюул заналхийлж буй улсууд”-ын хар жагсаалтдаа нэмжээ. Ингэснээр банк, санхүү болон татварын байгууллагууд эдгээр улстай харилцаж буй үйлчлүүлэгчдээ анхааралтай шалгах үүрэг хүлээх юм. Түүнчлэн, жагсаалтад багтсан улсуудад бүртгэлтэй компаниудыг ЕХ-ноос шинээр санхүүжилт авахыг хориглох аж. Гэхдээ цар тахлын улмаас бий болсон нөхцөл байдлын улмаас хатуу хяналт шалгалтыг аравдугаар сараас эхлэн хэрэгжүүлэх аж. 

Эл жагсаалтад өмнө нь Афганистан, Ирак, Вануату, Пакистан, Сири, Йемен, Уганда, Тринидад ба Тобаго, Иран, Хойд Солонгос зэрэг улс орсон байжээ. Хойд Солонгосоос бусад улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй илүү эрчимтэй тэмцэхийн тулд дүрэм, журмаа өөрчлөхөө мэдэгдсэн байна. ЕХ-ны шинэчилсэн жагсаалт нь Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF -ийн жагсаалттай дүйцэж буй. 

 

 

Mongolian Economy