Евро бүсийн эдийн засгаас аюул алсрахгүйг анхааруулав


Евро бүсийн удирдагчид ард түмэндээ хандсан Шинэ жилийн мэндчилгээндээ ирж буй онд евро бүсийн эдийн засгаас аюул алсрахгүй тул бэлтгэлтэй байж бүгдээрээ хамтаа тэмцье хэмээн уриаллаа.

Германы канцлер Ангела Меркель 2012 онд догшин давалгаа биднийг нөмрөн авахаар чиглэн ирж байгаа гэдгийг тэрбээр сануулахын зэрэгцээ евро мөнгөн тэмдэгтийг аварч, бүсийн хямралыг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийхээ амласан юм “Асуудлыг даван туулах бидний тэмцэл ухарч няцахыг мэдэхгүй урагшлах болно. Замынхаа төгсгөлд Европ тив хямралаас гарч, урд хожид байгаагүйгээр улам хүчирхэгжсэн байх учиртай. 2012 он өнгөрсөн жилээс харьцангүй хэцүү цаг үе байна гэдэг нь эргэлзээгүй үнэн” хэмээн тэрбээр өчигдөр телевизээр хэлсэн шинэ оны мэндчилгээндээ онцоллоо. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа төлөвлөсний дагуу Меркель энэ сарын 9-нд Францын ерөнхийлөгч Николя Саркозитай Берлин хотноо уулзаж, санхүүгийн дүрэмд засвар хийх талаар ярилцах юм.

Дээд хэмжээний уулзалтаар баталсан Герман-Францын удирдагчдын төлөвлөгөөнд тусгагдсан эцсийн арга хэмжээг энэ оны гуравдугаар сар гэхэд гүйцэтгэж дуусгасан байх юм. “Өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, эдийн засгийг хүчирхэгжүүлсэн билээ” хэмээн Меркель евро мөнгөн тэмдэгтийг өмөөрчээ. Өнөөдөр еврог чадавхжуулахын тулд би чадах бүхнээ хийнэ гэдэгт та бүхэн итгэж болно. Гэвч энэ бол зөвхөн Европ өнгөрсөн цаг хугацаанд гаргасан алдаанаасаа суралцаж чадсан тохиолдолд л амжилтад хүрэх юм. Нэгдсэн нэг мөнгөн тэмдэгтийн амжилттай байх эсэх нь урьд урьдынхаас илүү хамтын нягт үйл ажиллагаанаас хамааралтай” хэмээн тэрбээр мөн нэмж хэлжээ.

Ирэх жил дахин сонгуулийн тулаанд бэлдэж буй ерөнхийлөгч Николя Саркози “ Францын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ жил бол эрсдэл дүүрэн он. Тус улсын ирээдүй тэнцвэрээ олох гэж динжигнэж байна”. Дэлхий дээр болж байгаа үйл явдлууд 2012 онд маш их эрсдэл бас боломжийг дагуулна гэдгийг харуулж байна. Хямралаас гарах, хөгжлийн шинэ загварыг бий болгох, шинэ Европыг төрүүлэх нь биднийг хүлээж буй сорилтууд юм” хэмээн хэлсэн юм.

Харин Итали улсын ерөнхийлөгч Жиоржио Наполитано “Санхүүгийн хямралаас холуур өнгөрөхийн тулд бид алдагдал хүлээж, золиос гаргахаас өөр аргагүй. Италичууд хээл хахууль, татвараас зайлсхийх явдалтай тэмцэх ёстой. Улс төрийн шинэчлэлгүйгээр энэ оронд ирээдүй үгүй. Бид өдийг хүртэлх цаг хугацаанд маш их өсөн дэвжиж түүний хэрээр ихийг үрлээ. Эцэст нь улс орондоо шударгаар хувь нэмрээ оруулдаг хэсгээ татварын дарамтад оруулж, ирээдүйн үр хүүхдийнхээ мөрөн дээр өр зээл тавьсан тийм л төгсгөлд бид хүрлээ” хэмээн ард түмэндээ хандан хэлсэн шинэ жилийн мэндчилгээндээ онцолсон юм.

Яг энэ үед Грекийн ерөнхий сайд Лукас Пападемос цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ “Бидний өмнө хэцүүхэн жил ирж байгаа ч бид эдийн засгийн бутралаас зайлсхийж ,еврод үлдэхийн тулд идэвх чармайлтаа алдаж хэрхэвч болохгүй” хэмээн ард түмнээ зоригжуулжээ.