Ерөнхийлөгчийн ивээл дорх үндэсний чуулган эхэллээ

Монгол хүн өглөөний наранд хууртаж нимгэн хувцаслах нь ховор билээ. Харин гаднын зочид, төлөөлөгчид олон ааштай хавар цагийн хуурмаг нарыг үл мэднэ. Их Тэнгэрийн амны “Хан-Уул” харшид дөхөн ирэхэд гялалзсан хар машинууд гадаа нь эгнэн зогсчээ. Харуулын хатуу шалгалтыг давсаны эцэст бид дотогш нэвтэрлээ. Хэдэн арван жилийн настай мөнх ногоон модод зам дагуу ургасан байх агаад сэрүүн салхинд сэвэлзэн, навчис нь сэрчигнэнэ. Монгол Улсын төрийн далбаа мэндчилж буй мэт намилзаж, улаан хивс өлмийд угтлаа.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зохион байгуулж байсан “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт үндэсний чуулган энэ жил “Эдийн засгийн өсөлтийн өгөөж ба эрх зүйн шинэтгэл” хэмээх өргөн сэдвийг хөндөн энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн ивээл дор үргэлжилж байна. Эдийн засгийн хөгжил, эрх зүйн орчин хоорондоо нягт уялдаатай болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан тус чуулганыг нээж үг хэлэхдээ онцолж байсан юм.

Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганд гадаад, дотоодын 200 гаруй зочин, төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд мэдээллийн түншээр “Bloomberg”, “Financial Times” сонин оролцож байна. Энэ ч үүднээс “Financial Times” сонины хүсэлтээр тус хэвлэлийн Азийг хариуцсан сэтгүүлч Девид Пиллингийн манай улсын Ерөнхийлөгчтэй хийсэн сонирхолтой ярилцлагаар чуулган эхэлсэн юм. Түүнчлэн хурлын үеэр Монгол Улсын хууль эрх зүйн орчин, худалдаа ба түүний зохицуулалт, гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, хөрөнгийн зах зээл гээд сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Манай “MongolianЕconomy” сэтгүүл дээрх ярилцлага тэргүүтэй сэдвийг бүрэн эхээр нь ирэх дугаартаа нийтлэхээр зэхэж байгаа тул та бүхэн дэлгэрэнгүйг сэтгүүлээс хүлээн авч уншина уу. Чуулган үргэлжилж байна.