Нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэх тендерт оролцох хүсэлтээ 218 компани ирүүлжээ

Дэнсмаа
2023-01-20 10:55:33
Ангилал: Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтын явц, тендерт оролцогчдын талаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах үүргийг даалгасан.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хил нөхцөлөөр нүүрс борлуулахтай холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 30 хоногийн хугацаатайгаар зарласан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 9.30 цагт дуусаж, тендерийн нээлтийг 9.50 цагт нээхэд нийт 218 компаниас 23 багцад 377 тендер ирүүлсэн байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийн үнэлгээг шуурхай хийж 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт багтаан шийдвэрийг хүргүүлэхээр ажиллаж байгаагаа мэдээлэв. Нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд нийт зургаан удаа сургалт зохион байгуулж, тендерийн өмнөх уулзалтыг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 290 хүнийг оролцуулан зохион байгуулан ажилласан байна.

 

 

 

 

Дэнсмаа