Ерөнхий сайд Японыг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад энэ сарын 11-15-нд албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ё.Нодатай хэлэлцээ хийх юм. Мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын дарга Т.Ёкомичи, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга К.Хирата нарт бараалхан Гадаад хэргийн сайд К.Гэнба, Эдийн засаг, үйлдвэрийн сайд Ю.Эдано нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна. Түүнчлэн Токио хотноо болох Монгол, Японы бизнес уулзалтад оролцож үг хэлэхээр төлөвлөсөн байна. Ерөнхий сайд С.Батболд Японы зүүн бүсэд болсон байгалийн гамшгаас хойш нэг жил өнгөрч байгаатай холбогдуулан энэ сарын 11-ний өдөр Токио хотноо болох Гамшигт амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цуглаанд оролцох аж. Үүнээс гадна Осака мужид зочилж, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтийн ёслолд оролцон Японд ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ уулзалт хийх ажээ. Ерөнхий сайд энэ удаагийн айлчлалаа өндөрлүүлж, энэ сарын 15-нд эх орондоо ирэх юм байна.