Женнифер Мартин: Эмэгтэйчүүдийг бизнесийн салбарт тууштай дэмжих хэрэгтэй

Sarangerel
2025-08-26 11:14:37
Ангилал:

Английн Кэмбрижийн Жадж Бизнесийн Сургуулийн Гүйцэтгэх MBA (EMBA) хөтөлбөрүүд хариуцсан гүйцэтгэх захирал Доктор Женнифер Уоллер Мартинтай товч ярилцлаа.

-Mongolian Economy сэтгүүлд ярилцлага өгч байгаад танд талархаж байна. Та дэлхийн бизнесийн орчин хаашаа чиглэж байна вэ? Ямар гол чиг хандлагууд гарч ирж байна, мөн ирээдүйн стратегиа зөв чиглүүлэхийн тулд бизнес эрхлэгчид юунд анхаарах хэрэгтэй вэ гэсэн эхний асуулт тавья.

-Дэлхий нийтээрээ тулгараад буй хамгийн том чиг хандлага бол хиймэл оюун ухаан болон технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх явдал гэж би үздэг. Ихэнх нь шинэ дэвшлийг ашиглахыг хүсдэг ч, яг ямар технологи өөрт нь бодит үр өгөөж өгөхийг мэдэхгүй хэвээр байна. Эргэлзээ, болгоомжлол нь тодорхой хэмжээнд байх хэрэгтэй бөгөөд мөн түүнчлэн санхүү болон цаг хугацааны томоохон хөрөнгө оруулалт байснаар л энэ салбар руу эрэлт нэмэгдэх нь тодорхой. Гэвч энэ үйл явц илүү хурдан өрнөх нь ашигтай байхад, үйл явц өнөөдөр харьцангуй удаан урагшилж байна. Гэсэн ч энэ бол хамгийн том боломж юм.

Хоёрдугаарт, цаг агаарын хэлбэлзэл улам ихсэж, урьдчилан таамаглахад бэрхшээлтэй болж буй өнөөгийн нөхцөлд байгууллагууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлс хэрэгт хүлээсэн хариуцлагаа хэрэгжүүлэх нь туйлын чухал. Хүүхдүүддээ бахархах төдийгүй тогтвортой амьдрах боломжтой дэлхий ертөнцийг үлдээхийг хүсэж байвал бид улс төрийн тогтолцоо, салбарын зохицуулагч байгууллагуудаа идэвхжүүлж, стандарт тогтоон, хариуцлагажуулах системийг бүрдүүлэх ёстой. Ингэснээр бид нүүрстөрөгчийн ялгаруулалт ихтэй орчинд бодит нөлөө үзүүлж эхлэх боломж бүрдэнэ.

-Бизнесийн таатай орчныг хэрхэн бүрдүүлэх тал дээр санал бодлоо хуваалцана уу. Энтерпренёршипийг дэмжиж, тогтвортой өсөлтийг хангахад ямар бодлого, эрх зүйн орчин, дэмжлэгийн тогтолцоонууд чухал вэ?

-“Хүртээмжтэй/Хамруулах манлайлал” (inclusive leadership)-ын бодлого нь бизнесээр зогсохгүй нийгэмд ч мөн нэн адил чухал. Энэ нь ёс суртахуун талаасаа ч нийгмийн шаардлага төдийгүй бизнесүүдэд өрсөлдөх чадвар олж авахад зайлшгүй хэрэгтэй нөхцөл гэдэгт итгэдэг. Энэ нь зөвхөн авьяаслаг хүний нөөцийг татах, тогтоон барихад ч бус, хөрөнгө оруулагчдын хүсэж буй гол зүйлсийн нэг юм. Төр, хувийн хэвшил аль аль нь гарал угсаа, нийгмийн давхарга хамаарахгүй бүх хүндээ бодитоор хөрөнгө оруулснаар бүрэн оролцоотой нийгмийн өгөөжийг хүртэж, санхүүгийн болон бүтээлч чадавхаа нэмэгдүүлж, илүү тэсвэртэй, хөгжин цэцэглэх эдийн засаг бүтээнэ.

-Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцооны талаар таны үзэл бодол? Эмэгтэйчүүд улсын хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулж чадах вэ?

-Нийгэм хөгжихийн тулд бид эмэгтэйчүүдийг бизнес, улс төрийн салбарт түлхүү оролцуулахыг дэмжих нь туйлын чухал. Эдийн засагт оролцогчдын тоо нэмэгдэх нь тухайн улсын ДНБ-ийг өсгөхөөс гадна бид хэрэглэгчдээ, хүн амын хэрэгцээ шаардлагыг илүү сайн ойлгох боломжтой болдог. Би эмэгтэйчүүдийг бизнесийн салбарт дэмжих хэрэгтэй гэдэгт тууштай итгэдэг. Учир нь тэдэнд шаардлагатай ур чадварууд бий. Гэвч дээд түвшний удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг ажиллуулахдаа зөвхөн тоон үзүүлэлт хангахын тулд томилох хандлага буюу “tokenism” огт байж болохгүй. Ихэнх нийгэм ийм хатуу тоон шаардлагын улмаас л алдаа гаргадаг. Эмэгтэй манлайлагчдын дараагийн үеийг хөгжүүлэхийн тулд үндсээс нь буюу эхний шатнаас эхлээд бүх түвшинд анхаарал хандуулах шаардлагатай. Бид энэ сэдвийг манлайллын зөвлөх, дэмжигч харилцаа (mentoring and allyships)-ын ач холбогдлын хүрээнд ирэх 2026 онд хэвлэгдэх “Хамтдаа Манлайлахуй” (Inclusive Leadership) номдоо онцлон хөндсөн.

-Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн үр дүнтэй бодлого болон арга хэмжээг та юу гэж харж байна вэ?

-Жинхэнэ утгаараа ахиц дэвшил гаргахын тулд бид эмэгтэйчүүдийг боловсрол, гарааны бизнес, хөрөнгө санхүүжилтийн түвшинд илүү ихээр дэмжих шаардлагатай. Дэлхий даяар эмэгтэй бизнес эрхлэгчид зах зээлд гарах анхан шатандаа ч хангалтгүй төлөөлөлтэй байдаг. Үүн дээр нэмээд венчур хөрөнгө оруулалтын ердөө хоёр хувийг л эмэгтэйчүүд эзэлдэг гэдгийг бодолцох хэрэгтэй. Бид эмэгтэй бизнес эрхлэгчдийг зөвхөн эмэгтэй учраас бус, харин илүү оновчтой үнэлгээ, хөрөнгө оруулалт, өсөлтийн системийг бий болгохын тулд судалж, хөрөнгө оруулах ёстой. Үүний тулд бид илүү олон бизнес инкубатор, дэмжлэгийн тогтолцоо, сүлжээ бий болгох хэрэгтэй болж магадгүй ч үүний эцсийн үр дүн нь хүн бүхэнд үлэмж ашигтай байх болно.

-Монголын талаар, мөн Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн тухай та юу гэж бодож байна вэ?

-Монголчуудын энэрэнгүй, халуун сэтгэл надад үнэхээр гүн сэтгэгдэл үлдээлээ. Эндхийн хүмүүс үнэн сэтгэлээр ханддаг. Тэд биднийг тухтай, сайхан байна уу гэдгийг байнга лавлаж, сэтгэгдлийг маань чин сэтгэлээсээ сонирхож байгаад их баярлаж байна. “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форум”-ын үеэр илүү олон монгол эмэгтэйчүүдтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

/Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч тусгай дугаараас 2025.08 сар/