Жижиг, дундынхан жилийн ажлынхаа үр дүнг хэлэлцэв

Урин дулаан цагийг угтаж, нар хур тэгширч, баяр давхцсан энэ өдрүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл хоршоо эрхлэгчид өөрсдийн бүтэн жилийн турш хийж бүтээсэн ажлынхаа дээжийг нийслэлчүүддээ танилцууллаа. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хоршоо-Жижиг, үйлдвэр- 2012” үзэсгэлэнд 200 орчим аж, ахуйн нэгж, 40 гаруй хоршоологч оролцон, бүтээгдэхүүнээ танилцуулж, бие биенээсээ туршлага солилцон таван өдрийн турш хамтран ажиллан, өнөөдөр хаалтаа хийсэн юм. Хаалтын үеэр ЖДҮГ-ын дарга Ц.Ням-Осор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулж, хоорондоо харилцаа холбоо тогтоон, шинэ үйлдвэрлэл, техник технологитой танилцан ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсоныг онцоллоо. Бүх аймгийн болон нийслэлийн ЖДҮ эрхлэгчид, хоршоодын төлөөлөл оролцож, үндэсний хувцас эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, ноос, ноолууран бүтээгдэхүүн болон нутгийн брэнд Увсын чацаргана, Сэлэнгийн Хөх тарианы гурил зэрэг хүний нүд хужирлаж, сэтгэлийг татах зүйл олон тавигджээ. Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийн газраас шилдэг Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, шилдэг Хоршоологч тус тус гурав, импортын бүтээгдэхүүн орлогч бүтээгдэхүүн, экспортын шилдэг бүтээгдэхүүн, шинэ дэвшилтэт технологийг шингээсэн бүтээгдэхүүн зэргийг шалгаруулж, цом өргөмжлөлийг гардуулсан юм. Сүүлийн жилүүдэд төрөөс хоршоолол, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогын хүрээнд нэлээдгүй дэмжиж буй. Гэхдээ үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгө санхүү болон ажлын байрны хүрэлцээгүй, зарж, борлуулахад сүлжээ дутмаг зэрэг олон асуудал тулгарч буйг энэ үеэр үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байсан. Энэ үеэр зарим үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж буй асуудал болон үзэсгэлэн хэр үр дүнтэй болж байгаа талаар тодрууллаа.

Импортыг орлох, монгол хүний онцлогт тохирсон гутал үйлдвэрлэж байна

Б.Тамир /”Golden style” гутлын үйлдвэрийн дарга/
Манай “Golden style” гутлын үйлдвэр нь өвөл, хавар, зун, намрын эрэгтэй, эмэгтэй гоёлын, ширэн гутал, хром үйлдвэрлэдэг. Ханбүргэдэй, Улсын их дэлгүүр, Номин зэрэг томоохон дэлгүүрт зарагддаг герман гутлын сайжруулсан загвар гэж хэлж болно. Герман, Италаас оруулж ирж буй гутал өндөр үнэтэй, монгол хүний хөлний шилбэд таарахгүй нарийхан байдаг. Манай гутал бол импортын бүтээгдэхүүнийг орлохоор дотоодын цэвэр ширээр үйлдвэрлэсэн, монгол хүний онцлогт тохируулж хийсэн, европ гуталнаас 2-3 дахин хямд үнэтэй. Зарим хүн “Энэ монголд үйлдвэрлэсэн гутал мөн гэж үү” хэмээн дуу алдах тохиолдол ч бий. Гэхдээ үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдаж буй асуудал багагүй байна. Наад зах нь гутлынхаа арьсыг татаж, сунгахдаа гараар хийдэг. Үүнийгээ хөнгөвчлөх машин худалдаж авах шаардлагатай байна. Дээр нь хамгийн чухал нь өөрсдөө гутлаа зардаг нэрийн барааны дэлгүүртэй болох болох хэрэгтэй байна. Томоохон дэлгүүрүүдэд тавьж заръя гэхэд түрээс хэт өндөр байдаг учир бэрхшээлтэй. Манайх одоогоор гурван ажилтантай учир зарим үед ачааллаа дийлэхгүй байна. Нэг ёсондоо бидний бүтээгдэхүүнийг худалдаж авах зах зээл нь бүрэн бий гэсэн үг. Тэгэхээр цаашдаа үйлдвэрлэлээ илүү өргөжүүлэн, ажилчдынхаа тоог ч нэмэх шаардлага байна. Энэ таван өдрийн үзэсгэлэнд хүн цөөн байсан ч хоёр сая төгрөгний худалдаа хийсэн.


Ажлын байраа өргөтгөвөл илүү боломж нээгдэнэ

Т.Гэрэл /“Буянт Эгч” хоршооны дарга /
Манайх 1996 онд байгуулагдсан Орхон аймгийн анхны хоршоо. Монгол үндэсний хувцас, оёдол, барилгын материалын худалдаа, мужааны цех ажиллуулдаг. Бид есөн гишүүн, найман ажилтантай. Үзэсгэлэнд зориулж үхрийн зоо нурууны арьсан дээр зүү ороож, эсгий оймс хийж, түрүүг нь шаглаж таван сар гаруй оёсон монгол гутлаа авчирсан. Хүүхдийн монгол загварын баривч, цамц, дээл болон хонины ноосон зулхайгаар хийсэн гудсыг ч иргэд ихээхэн сонирхож, авч байна. Манайх үзэсгэлэнд 100 гаруй мянган төгрөгний борлуулалт хийлээ. Бид үзэсгэлэнд оролцсоноороо бусад хүмүүс юу хийж байгааг болон манайх аль түвшинд нь явж байгаагаа мэдэж авч байна. Ер нь үйлдвэрлэл эрхлэгчид арьс, ширэн бүтээгдэхүүн, нэхмэл, ширдэг зэрэг гараа гаргасан бүтээгдэхүүнээ бэлдэж авчирсан харагдаж байна. Бид нэг нэгэнтэйгээ танилцаж, дараа нь хамтран ажиллахаар тохирч буйгаараа ихээхэн ач холбогдолтой. Бид үйлдвэрлэл эрхлэхэд өөрсдийн гэсэн ажлын байртай болох л хамгийн нэн тэргүүнд тулгамдаж буй асуудал юм. Одоо хүртэл түрээсийн байранд үйлдвэрлэл явуулж байна. Хэрэв ажлын байртай болбол нэмж хэдэн хүн ажилд авмаар байна.

Хорт хавдрын эсрэг сайн эм бол зэс

С. Мягмарсүрэн /“Буурлууд холдинг” компанийн боруулалтын менежер/
Манай компани нь уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдтэй хамтарч, хүний биеийг зэс хэрхэн анагаах чадвартайг судалж үзсэний үндсэн дээр зэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Ингэхдээ зэсэн бугуйвч, бүслэвч, үсний даруулга, улавч, аяга зэргийг хийдэг. Зэс нь хүний биеийн хордлогыг тайлж, яс цусан судал болон арьсны хэвийн ажиллагааг хамгаалж, эсэргүүцэх чадварыг сайжруулдагаараа ач холбогдолтой. Хүний биед зэс дутагдсанаас бамбай булчирхайн үрэвсэл, хорт хавдрууд үүсэх, үс унах, сүрьеэ тусах болон бусад төрлийн өвчлөл илэрдэг. Зэсийг манайд эрт дээр үеэс хүн ардаа эмчлэхэд ашиглаж ирсэн түүхтэй. Тиймээс маш олон төрлийн өвчнийг анагаах, хүний биеийг эрүүлжүүлэх ид шидтэй. Жишээ нь, Зэс бүслэвч нь нуруу бөөр, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, үе мөчний өвчин зэргийг анагаах увидастай. Мөн зэс улавч нь хүний хөлийн улнаас толгойн орой хүртэлх бүх төрлийн өвчлөлийг эмчилнэ. Ингэхдээ хуян шар усыг тарааж, цусны эргэлтийг сайжруулж, ясны сийрэгжилтийг зогсоох ач холбогдолтой. Үсний даруулгыг толгойн эмгэгтэй хүмүүс зүүхэд тохиромжтой. Ялангуяа хүүхдэд багаас нь зэс бугуйвч зүүлгэвэл дархлаа сайжирч, цусны эргэлт сайжирч, шүд унахаас хамгаалдаг. Бидний хамгийн тэргүүний зорилт бол өөрийн гэсэн дэлгүүртэй болох явдал юм.