Жижиг, дундынхныг баярлуулах цаг ойртсоор

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих нь олон дундаж орлоготой өрхийн амьжиргааг дээшлүүлэхийн зэрэгцээ эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн үндэс гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ жижиг, дунд бизнес эрхлэхэд тулгардаг цөөнгүй бэрхшээлийн хамгийн чухал нь зээлийн барьцаа хөрөнгө байдаг билээ. “Манай улсад 2006 оноос хойш жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 5000 орчим иргэн, аж ахуйн нэгжид зээл олгожээ. Гэхдээ хүсэлт ирүүлсэн нийт зээлийн дунджаар 25 орчим хувь нь барьцаа хөрөнгө хүрэхгүй гэсэн шалтгаанаар буцаагддаг гэсэн тоо бий. Үүнээс үзэх юм бол дээрх хугацаанд 1250 орчим зээлдэгчийн барьцаа хөрөнгө нь хүрээгүй гэсэн үг” хэмээн ЖДҮГ-ын дарга Ц.Ням-Осор тайлбарлав. Тэгвэл Батлан даалтын сангийн тухай хууль гарснаар жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж ойролцоогоор дээд тал нь 20 сая хүртэлх төгрөгийн зээлийг 60 хүртэл хувийн батлан даалттайгаар авах боломж нээгдэхээрээ онцлог аж. Энэ нь товчхондоо, шаардлага хангасан аж ахуйн нэгж, иргэний зээлийн 60 хүртэлх хувийг нь Батлан даалтын сангаас гаргана гэсэн үг юм.

Харин Зээлийн батлан даалтын сангийн санхүүжилтийн тухайд бол эхний ээлжинд гурван тэрбум орчим төгрөгийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ААДРА гэх мэт олон улсын байгууллага болон МҮХАҮТ, МАОЭХ зэрэг хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжигч байгууллага, холбогдох төрийн бус байгууллагуудын төлөөлөл, арилжааны банкуудтай хамтарч байршуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Түүнчлэн төр зээлийн санг давхар батлан даах тул бизнес эрхлэгчдэд ихээхэн давуу талыг олгож байгаа ажээ. Нөгөө талаас санхүүжилт олгож байгаа болон давхар батлан дааж буй тар, засгийн хувьд ч өндөр эрсдэлийг үүрнэ гэдгийг мэргэжлийнхэн сануулж байлаа. Учир нь, хэрвээ Батлан даалтын зээлийн сангийн зээлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүйд хүрэх юм бол төр хариуцлагыг үүрнэ гэсэн үг.

Мөн энэхүү эрсдэл, хариуцлагын аасуудал ихтэй хуулийн хэрэгжилтийн амин сүнсийг нь атгаж, зохицуулах хүмүүс болох Зээлийн батлан даалтын сангийн ТУЗ-ын гишүүд юм. Тус ТУЗ-ыг 11 гишүүнүүнтэй байлгахаар төлөвлөж байгаа аж. Үүнд нь хөрөнгө оруулсан байгууллагуудын төлөөлөгч есөн хүн, дээр нь Засгийн газраас хоёр гишүүнийг нь сонгон оруулах юм байна. Хоёр жилийн өмнөөс яригдаж буй уг хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн баасан гаригт хийж, дэмжжээ. Хоёр дахь хэлэлцүүлгийг удахгүй хийхээр төлөвлөж байгаа аж. “Хуульд УИХ-ын гишүүд ам сайтай байгаа. Эсэргүүцэж шүүмжлэх биш, нэмж сайжруулах чиглэлээр санал авч байгаа. Тиймээс шинэ хууль тун удахгүй гарах байх” хэмээн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баярмагнай хэлсэн. Ямартаа ч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чих тавин хүлээж буй Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль батлагдах ажил шуудрах замдаа орсоныг дуулгахад таатай.