Жижиг, дунд үйлдвэрийнхэн алдаа оноогоо дүгнэнэ

Аливаа улс орны эдийн засгийн тогтвортой тулгуур хүчний нэг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж гэж цөөнгүй хүн ярьдаг. Тэгвэл энэ салбарын удирдах ажилтнууд, эрдэмтэн судлаачид, жижиг, дунд үйлдвэрдлэл эрхлэгчид энэ сарын 6-нд ЖДҮ-ийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөлгөөн, энэ сарын 7-8-нд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлгөөн болох аж. Түүнчлэн энэ сарын 9-нөөс 23 хүртэл сар шинийг угтсан “Монголд үйлдвэрлэв – 2012” үзэсгэлэн зохион байгуулах юм байна. “Зөвлөлгөөний үеэр өнгөрсөн дөрвөн жилийн үйлдвэржилтийн бодлогоо дүгнэж цэгнэнэ. Ингэхдээ юун түрүүнд, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээ шинэчлэн тогтоож, орон нутагт сум хөгжүүлэх сан, ЖДҮ–ийг дэмжих сангийн зээл хэр үр өгөөжөө өгсөн, алдаа оноогоо ярилцана” гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баярмагнай онцоллоо. Түүнчлэн энэ салбарт өдгөө мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчны талаар ч харилцан ярилцаж шийдлийг хамтдаа хайна гэдгийг ч тэрбээр хэлсэн юм. Тус улсын зөвлөлгөөний үеэр ЖДҮ–ийн Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хэрэгжилт, ЖДҮ-ийн тухай хуулийг шинэчлэн найруулах талаар болон санхүүжилтийн механизмыг илүү тодорхой болгож хүү багатай, хугацаа урттай зээл олгох тал дээр анхаарч ярилцана гэдгийг ч хурал зохион байгуулагчид хэлж байлаа.