Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлжээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Мал аж ахуй, газар тариалан хосолсон загвар аж ахуйг хөгжүүлэх экстейншиний тогтолцоог бэхжүүлэх” төслийг гурван жилийн өмнөөс зургаан аймгийн 14 суманд хэрэгжүүлж буй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв нь Нийслэлийн есөн дүүрэг, улсын 21 аймаг, 330 сумдын иргэд, аж ахуйн нэгжид хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн техник, технологийн чиглэлээр сургалт, талбайн үзүүлэх сургалт зохион байгуулах, төсөл, хөтөлбөр, бизнес төлөвлөгөө боловсруулах, зөвлөгөө өгөх, технологийн сонголт ба түвшний үнэлгээ хийх, шинэ технологийг нэвтрүүлэхэд чиглэлд зөвлөгөө өгдөг байна. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний мэргэжилтнүүдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх сургалтад 2000 орчим хүнийг хамруулжээ.

Мөн “Технологи нэвтрүүлэх гарын авлага”-ыг аж ахуй эрхлэгчид, фермерүүдэд хүргэжээ. Төсөлд хамрагдсан аймаг, сумдын Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, амжилтыг нэвтрүүлэх төвүүдэд 137.1 сая төгрөгийн үнэ бүхий комьпютер, интернетийн модем болон бусад шаардлагатай сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна.Түүнчлэн Япон улсаас зөвлөх мэргэжилтнүүд тухайн бүс нутагт айлчлан аж ахуйн нэгжийн эзэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй уулзаж, шинээр бизнес эрхлэхэд тулгарч буй саад, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгчээ. Төслийн зүгээс 298 сая төгрөгийн өртөг бүхий “CISCO” брэндийн зайн сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжийг төсөлд хамрагдсан Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймаг болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, түүний харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвд суурилуулж өгсөн байна.