Жим бүдгэрч, зам тодорлоо

-Найман хувийн зээл үргэлжилнэ-

Засгийн газар, Монголбанкны хамтран хэрэгжүүлж буй найман хувийн зээл энэ онд үргэлжилнэ. Ажилтай, орлоготой, тэмүүлэлтэй бас зүтгэлтэй хэн бүхний өмнө ипотекийн зээлийн босго тийм ч өндөр биш ээ. Иймээс худалдан авах гэж буй байрныхаа урьдчилгаа 30 хувийг та төлсөн тохиолдолд үлдэгдэл 70 хувиа найман хувийн зээлд хамруулах бүрэн боломжтой. Бэлээхэн хуримтлалтай хэний ч өмнө нээлттэй зээлийн “коридор” хэрэгжиж эхлээд арван сар болох гэж байна. Бэлтгэл тааруу нэгэнд нь итгэл найдвар төрүүлэх боллоо.

Бараг л жил хүрэхгүй хугацаанд монголын мянга мянган өрх шинэ орон сууцтай болжээ. Тэд түрээсийн байр, гэр хорооллоос татгалзаж, найман хувийн зээлээр өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж амжсан. Зарим нь найман хувийн зээлд багтах гэж хуримтлал бүрдүүлж, шинэ хороолол судлаад эхэлсэн байна. Магадгүй, өнгөрсөн жилийн томоохон өөрчлөлтийн нэг нь энэ байх. Тэр тусмаа найман хувийн зээлээр тухтай сууцтай болсон хүмүүсийн хувьд боломж атгасан он байв аа.

Бэлэн мөнгөөр шууд орон сууц худалдан авах амаргүй. Ажилтай, орлоготой хэн ч ийм бэрхшээлтэй нүүр тулах нь бий. Тиймээс зөвхөн манайх гэлтгүй дэлхийн бусад орнууд ч мөн адил хямд зээлээр иргэдээ орон сууцжуулсан байдаг. Ингэж хоолойд тороод буй асуудлаа нэг тийш нь цэгцэлсэн. Үүнтэй хамт агаарын бохирдол, замбараагүй хотжилтын ул мөр ч арилсан нь бий.

Дээрх жишгээр бага хүүтэй, урт хугацааны зээл гарч ирсэн. Энэ нь моргейж. Уг тогтолцоог Монголд амжилттай хэрэгжүүлэх гэж Монголбанк уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд “Барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцжуулах” хөтөлбөр санаачилсан нь өчигдөр. Тэгвэл өнөөдөр хөтөлбөрийн үр дүнг нийт монголчуудын цөөнгүй хэсэг нь хүртээд эхэлжээ.

Жил хүрэхгүй хугацаанд иргэдээс 910 тэрбум төгрөгийн ипотекийн зээл хүссэн өргөдөл арилжааны банкуудад ирсэн. Үүнээс 14637 иргэнд 836.7 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгожээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дундаж давхаргын түүчээ, ажилтай, орлоготой иргэдийн төлөөлөл болохуйц 14637 иргэн /өрх/ ипотекийн захын шинэ тоглогч болсон нь энэ.

Мөн өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан 17102 зээлдэгчийн нийт 482.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, найман хувийн зээл рүү шилжүүлсэн байна. Урьд нь зээл авсан хүмүүст найман хувь хожоо гаргасан гэж хэлж болно.

Найман хувийн зээлийн “автор” нь Монголбанк. Учир нь хөтөлбөрт шаардлагатай эхний ээлжийн хөрөнгийг төв банкнаас шилжүүлсэн. Тиймээс дунд болон урт хугацаанд хөтөлбөр хэрхэн хэрэгжих нь мөнгөний бодлогоос ихээхэн хамаарах нь дамжиггүй. Хэрэв Монголбанк бодлогын хүүгээ алсдаа зугуухан чангалаад байвал ипотекийн зээл хумигдах талтай. Гэхдээ төв банкны зүгээс сөрсөн бодлого нэг хэсэгтээ явуулахгүй болов уу.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Манай эдийн засагт хөрөнгө оруулалтын сан, урт хугацаатай мөнгөний эх үүсвэр алга. Хамгийн том хуримтлал буюу тэтгэврийн сан ерөнхийдөө 0 дүнтэй яваад байсан. Одоо моргейжийн хөтөлбөр орж ирсний үр дүнд тэтгэврийн санд зарим нэг эерэг үр дүн гарч байгаа. Цаашдаа ч сайжирна” хэмээн тэмдэглэсэн.

Орон сууцны ипотектийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр удахгүй бие даана. Түүнд Засгийн газар, Монголбанкны давхар дэмжлэг шаардлагагүй болно гэсэн үг. Цаашдаа урт хугацаанд ипотекийн зээл тогтворжоод ирэх юм. Гэхдээ өмнө нь хийх ажил байхгүй биш байгаа. Энэ нь нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэх. Ингэснээр Монголбанк ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасаа нийгмийн даатгалын санд байршуулах замаар төгрөгөө өөр дээрээ татах юм. Үүний “гол дүр” нь Монголын ипотекийн корпораци /МИК/. Ирэх өдрүүдэд МИК ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах замаар хөрөнгөжих бол нөгөө талдаа Нийгмийн даатгалын сан мөнгөжих учиртай. Үүний эргэлтийн дүнд ипотекийн зээл намтраа зузаална.

Ипотекийн зээл нь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх. Мөн Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, зах зээлийн зарчимд суурилсан төрийн зохистой оролцоог бий болгох. Мөн ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх. Орон сууцны санхүүжилтийн тогтвортой, урт хугацааны тогтолцоог бэхжүүлэх давуу талтай. Энэ хэрээр эдийн засгийн болон бодлогын эрсдэл отож байгааг үгүйсгэх аргагүй.

Монголд өөрийн гэсэн орон сууцтай болох чанга. Тиймээс богино хугацаанд мөнгө хуримтлуулах гэж залуус хилийн дээс алхсан нь үнэн. Тэд нэжгээд баян болох гэж бус нэг, хоёр өрөө байрны төлөө ийн бусдын орныг зорьсон. Хосгүй мөнгөтэй болох гэж бус хонгор үр, хайртай ханьтайгаа дулаан байранд амьдрах гэж олноос урьтаж зүтгэсэн нь тэр. Өөрөө ч үүнийг хүссэн хэрэг. Тэгвэл дээрх жим цаашдаа бүдгэрч, Монголдоо сайхан амьдрах боломжоор солигдох болтугай. Жим бүдгэрч, зам тодорлоо.