Жолооч нарыг хариуцлагатай болгоно

Монголын хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр “Жолоочийн даатгалын тухай хууль ба олон улсын туршлага” сэдэвт дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын Албан журмын болон амьдралын даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Ууганбаяр, мөн тус хорооны Хянан шалгагч Ц.Алтантуул, Б.Хүрэлбаатар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Бизнесийг дэмжих санаачилга төслийн зөвлөх хатагтай Кирстен Армстронг нар оролцлоо.

Оролцогчид жолоочийг харицлагын албан журмын даатгалд хамруулж, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх, зам тээврийн осолд өртсөн иргэдийн хохирол, нөхөн төлөөсийг даатгалын журмаар олгодог болоход юу саад болж байгаа зэрэг асуудлаар нээлттэй хэлэлцсэн. Энэ үеэр хатагтай Кирстен Армстронг “Энэ удаад би жолоочийн хариуцлагын даатгалын олон улсын жишиг болон танай улсад хамгийн амар хялбар хэрэгжүүлэх боломж хэр байгааг судаллаа. Зөвхөн зам тээврийн ослоор дэлхий дээр жилд 1.3 сая хүн амиа алдаж, 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоонд орж байна. Монгол Улсын хувьд зөвхөн өнгөрсөн онд л гэхэд зам тээврийн ослоор 300 гаруй хүн амиа алдсан байна. Энэ бол зөвхөн жолоочийн хариуцлага, санамсар болгоомж, туршлагатай холбоотой асуудал юм. Гэтэл Австралийн Виктория хотын автомашины тоо Монгол Улсынхаас 10 дахин их мөртлөө зам тээврийн осол маш бага гардаг. Энэ нь жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой асуудал юм. Учир нь, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсанаар гаргаж болох эрсдэл, хохирогчид төлөх мөнгө зэргийг жолооч бүр ухамсарлаж, хариуцлага, анхаарлаа сайжруулдаг нь судалгаагаар тогтоогдсон. Энэ утгаараа дэлхийн ихэнх орон жолооч нарыг хариуцлагын даатгалд хамруулдаг. Энэ жолоочийг хариуцлагатай болгохоос гадна хохирогчийг гомдолгүй болгох арга юм.

Жолоочийн хариуцлагын даатгал бий болоогүй байхад авто замын осолд өртсөн, хохирсон иргэдийн 6-30 хувь нь л нөхөн төлбөрөө авч чаддаг байсан байна. Энэ нь жолоочийн хариуцлагагүй байдлаас болж олон мянган иргэн амь насаа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй болж байсныг гэрчилнэ. Харин энэхүү системийг бий болгосноор дэлхийн ихэнх оронд хохирогч нөхөн төлбөрөө 100 хувь авч чаддаг болсон. Тиймээс энэ даатгалыг Монголд мөрдөх нь зүйн хэрэг юм” гэлээ.

Жолоочийг хариуцлагатай болгох, улмаар зам тээврийн осолд өртөгсдийн нөхөн төлбөрийг олгодог болгох энэхүү хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 10 гаруй мянган жолооч уг даатгалд хамрагдаад байгаа аж.

Муу жолооч ихийг, сайн жолооч багыг төлнө

Жолоочийн хариуцлагын даатгалд тээврийн хэрэгсэл эзэмшигч бүр хамрагдах ёстой. Гэхдээ нэг тээврийн хэрэгслийн нэр дээр хэдэн ч жолооч бүртгүүлж болох бөгөөд даатгалын суурь хураамж нэг байна. Даатгалд хамрагдсан жолооч зам тээврийн осол гаргахгүй бол жил бүр төлөх даатгалын хураамж гэрээнд заасан хувиар багасах аж. Харин гэрээний хугацаанд удаа дараа осол гаргаж, хариуцлагаа ухамсарлаагүй жолоочийн даатгалд төлөх өртөг нэмэгдэх журмаар явах юм.

Хариуцлагын даатгалдаа хамрагдаарай

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын Албан журмын болон амьдралын даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Ууганбаяраас зарим асуултад хариулт авлаа.

Даатгалд хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг байх ёстой. Гэтэл манайх заавал даатгалд хамрагдах ёстой гэж тулгаж байна. Ер нь хөгжингүй орнуудад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг вэ?

Зам тээврийн осолд өртсөн хохирогчийг хамгаалах, түүний эрүүл мэнд болон бусад зүйлд хамааралтай асуудал учраас заавал даатгалд хамрагдах ёстой. Даатгалд хамрагдах хугацаа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл байх аж. Аравдугаар сарын 2-ноос даатгалд хамрагдаагүй авто тээврийн хэрэгслийг журамлаж, торгуулын арга хэмжээ авна. Тиймээс жолооч бүр заасан хугацаанд хариуцлагын даатгалдаа хамрагдах ёстой болж байна.

Даатгалын компаниудтай хэрхэн гэрээ байгуулж байгаа вэ. Хариуцлагын даатгал нь даатгалын компаниудад ихээхэн дарамт болж байгаа тухай яригдаж байгаа. Мөн даатгалын компаниуд жолооч нартай компанидаа ашигтайгаар гэрээ байгуулбал яах вэ. Энэ тал дээр ямар зохицуулалт, хяналт тавьж байгаа вэ?

Даатгалын компаниудад энэхүү даатгал дарамт болоогүй. Харин ч хураамжийн орлого нэмэгдэж байгаа. Ямар нэг эрсдэл гарах эсэх нь жилийн дараагаас л мэдэгдэнэ. Санхүүгийн зохицуулах хорооноос жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний стандартыг баталсан. Хэрвээ гэрээнд ямар нэг өөрчлөлт орж, жолоочоос илүү мөнгө авах зэрэг үйлдэл илэрвэл тухайн компанид хариуцлага тооцож, мөнгийг эргүүлэн олгоно. Ажил дөнгөж эхэлж байгаа болохоор бэрхшээлтэй зүйл олон байна. Гэхдээ жилийн дараа бүх зүйл хэвэндээ орно. Хариуцлагын даатгалын 12 компани жолооч нартай гэрээ байгуулан ажиллаж байна.

Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдахын ач холбогдол юу байх вэ

Жолоочийн буруугаас бусдын бие болон эд зүйлд гэмтэл, бэртэл учруулсан нь тогтоогдсон тохиолдолд даатгалын компанийн тусламжтайгаар хохирогчийн нөхөн төлбөрийг блгино хугацаанд чирэгдэлгүй төлөх юм. Гэхдээ өөрт нь гарсан гэмтэл, хохиролыг даатгалын компани төлөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.