Жон П.Финиган: Монголын банкууд өөрийнхөө хөрөнгөөр томрох магадлал тун бага

“Голомт” банкны гүйцэтгэх захирал Жон П.Финигантай ярилцлаа.

-Монголын хөрөнгө санхүүгийн зах зээл хөгжиж эхэллээ. Энэ салбарын хөгжлийн үндэс суурийг зөв тавих талд таны бодлыг сонсоё?

-Монголд гадаадын хөрөнгө оруулалт одоо л хөгжиж байна гэж ойлгож болохгүй. Харин сүүлийн 10-аад жилд гаднын хөрөнгө оруулалт Монголд илүү эрчтэй хөгжсөн байна. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хямралын ганцхан жилд л хөрөнгө оруулалтын үзүүлэлт буурсан тал бий. Түүнээс дэлхий Монголыг сонирхож байна, энэ сонирхол нь цаашид улам нэмэгдсээр байх болно. Тиймээс ирэх он жилүүдэд хөрөнгө оруулалт улам нэмэгдэж, хөгжих боломж нөхцөл нээлттэй харагдаж байна, Монгол Улсад. Vүний тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулиа боловсронгуй болгох, улстөрийн тогтвортой байдлыг хангах замаар хөгжлийн зөв загварыг бариад хөгжих хэрэгтэй. Монгол Улсад үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх таван чухал хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, нөөц бололцоо. Монгол маш онцлогтой,баялаг ихтэй орон. Химийн таблиц буюу Менделевийн хүснэгт дээрх 100 гаруй химийн элементийн 80 гаруй нь байна шүү дээ. Энэ баялаг, нөөц боломжоо ашиглаад зөв бодлогоор явуулбал, богино хугацаанд хөгжих бүрэн боломж харагдаж байна. Хоёр дахь нь хөрөнгө. Монголын хувьд хөрөнгийн эх үүсвэр хангалттай бус учраас гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Хөрөнгө оруулалт 2010 онд 176 хувиар нэмэгдэж 1.57 тэрбум ам.долларт хүрсэн. Гуравдугаарт, удирдах зохион байгуулах ур чадвар. Монголд энэ талын ур чадвар хангалтгүй тул гадаадын мэргэжилтэн судлаачдыг ажиллуулах замаар гадаад арга барилаас суралцаж, дотоодын удирдлагын системтэйгээ хослуулах нь зөв юм. Дөрөвдүгээрт, ажиллах хүч. Дэлхийн улс оронтой хөл нийлүүлэн явахад орчин үеийн техник технологийг эзэмшин ажиллах чадвартай боловсон хүчин зайлшгүй шаардлагатай. Монгол Улс орчин үеийн технологийг нэвтрүүлэхэд анхаарна гэж байгаа бол түүн дээр ажиллах боловсон хүчин хэрэгтэй болно. Vүний тулд сургалт явуулах, гадаадын мэргэжлийн хүмүүсийн туршлагыг судлах шаардлагатай болно. Тавдугаарт, зах зээл. Монгол Улс зах зээлийн хувьд азтай, адислагдсан орон. Дэлхийн өсөлт хөгжлийн төвд нь байна. Маш их эрэлт хэрэгцээг агуулсан их гүрний хажууд төдийгүй Азийн бусад хурдацтай хөгжиж буй орнуудтай нэг бүсэд байдаг. 2010 онд Монгол Улсад хийгдсэн хөрөнгө оруулалт буюу хөрөнгө бүрдүүлэлт ДНБ-ий 40 хувийг бүрдүүлж, хэрэглээ 68 хувьд хүрч, цэвэр экспортын хэмжээ найман хувийг эзэлж баланс барьж байна.

-Лондоны хөрөнгийн биржийнхэн МХБ-ийг хөгжүүлэх ажилдаа шуударлаа. Таны бодлоор манай хөрөнгийн бирж хөгжлийн ямар түвшинд хүрэх бол?

-Саяхан болж өнгөрсөн “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган дээр Ерөнхий сайд С.Батболд аюулгүй амьдрах чадвартай үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх талаар үг хэлсэн. Өнөөдөр хөрөнгийн биржийн үйл ажиллагааг өнгөц харвал тоон үзүүлэлт нь сайн харагдаж байгаа хэдий ч түүний үндсэн үйл ажиллагааны чанарын асуудалд учир дутагдалтай зүйл олон байна. Эндээс үзэхэд, гаднын буюу Лондоны хөрөнгийн биржийн удирдлагын менежментийг нэвтрүүлж байгаа нь сайн зүйл юм. . Ирэх 2-3 жилд хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд томоохон ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Миний туулсан болоод ДОХА-гийн vнэт цаасны зах зээлийн шинэчлэгдэж хөгжиж ирсэн туршлагаас үзвэл энэ нь дунд хугацааны зорилт юм. ДОХА-гийнх шиг амжилттай болж чадвал энэ нь олон улсын хэмжээний бирж буй болоход хүргэдэг. Одоо ДОХА-гийн хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгийн хэмжээ нь 110 тэрбум ам.доллараас давсан ба Катарын ДНБ-ээс жаахан л бага байгаа юм. Хэсэг хугацааны дараа Монголын хөрөнгийн бирж дээрх амжилтад хүрнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна

-Уул уурхайн салбараас гадна бусад салбарыг хөгжvvлэхэд хэрхэн анхаарах шаардлагатай байна вэ?

-Уул уурхайн салбарын хөгжил нь Монголын эдийн засгийг хөдөлгөх гол хүч болж байна. Энэ утгаар уул уурхайн салбар хөгжихдөө өөрийн үйл ажиллагаатай холбоотой олон салбарын хөгжлийг дэмждэг. Олон салбарт сайнаар нөлөөлнө. Хөгжил дагуулна. Уул уурхайг дагасан олон төрлийн бараа үйлчилгээ гарч ирнэ. Барилга, байгууламж дэд бүтэц, vйлдвэрлэлийг хөгжүүлнэ.Олон төрлийн vйлчилгээний салбарт нөлөөлнө. Ер нь бол уул уурхай ДНБ-ийг өсгөх гол хөдөлгөгч чиглүүлэгч хүч байна. Гэхдээ маш өргөн уудам газар нутагтай мөртлөө 2.7 сая хvн амтай улсад зах зээл ямар түвшинд хөгжих, хэрэгцээ ямар байх талаар ул суурьтай бодож төлөвлөх нь чухал байх.

-Монголын банкны салбарын өнөөгийн хөгжлийг бусад оронтой харьцуулахад ямар түвшинд явж байна вэ?

-Монголын банкны салбар хөгжлийнхөө эхний шатанд явж байна.Банкны нийт системийн хэмжээнд 5,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Бусад оронтой харьцуулахад хөрөнгийн хэмжээ маш бага гэсэн үг. Гэлээ ч өөрсдийнхөө түвшинд тийм ч муугүй хөгжиж байгаа. Монголын банкууд санхүүгийн хэцүү үеийг амжилттай даван туулж, хөл дээрээ зогссон. 2010 онд банкны нийт хөрөнгийн хэмжээ 41 хувиар өссөн ба үүний дунд “Голомт” банкных 56 хувиар өссөн. Энэ үзүүлэлт нь “Голомт” банкыг оны эцэст тус улсын хамгийн том банк болгосон юм. Банкуудын хувьд нөөц баялгаа хөдөлгөөнд оруулах тэр үүрэгт хамтарч ажиллацгаасан. Энэ утгаараа Монголын банкууд казино банк болж хувираагүй.Санхүүгийн буруу үйлчилгээ үзүүлээгүй харин ч үлгэр жишээ болж ирлээ. Чанаргүй нийт зээлийн хэмжээ зургаан хувь хүртлээ буурсан. Харин “Голомт” банкны хувьд чанаргүй зээлийн хэмжээ 1.5 болтлоо буурсан.

-Тэгвэл банкны хөгжлийг улам хурдасгахад төрөөс ямар арга хэмжээ авах шаардлагатай бол?

-2010 онд батлагдсан Банкны тухай хууль нь банкуудад тулгараад байсан хэцүү асуудлуудыг авч үзэж олон улсын практик үйл ажиллагааг тусгасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон сайд нар Монголын эдийн засгийн чуулган болон бусад төстэй уулзалт зөвлөлгөөнүүд дээр хэлж байсан үгнээс харахад зах зээлийн үр ашигтай ажиллагаанд саад тотгор болж байгаа болон оршин буй монополийг хадгалдаг хүнд суртал, олон дүрэм журмын хүндрэлээс зайлсхийх хэрэгтэй талаар онцлон тэмдэглэж байсан. Харамсалтай нь цаг зав бардаг хүнд суртлыг идэвхтэйгээр багасгаж, хүнд суртлыг халах арга хэмжээг дорвитой авч хэрэгжүүлж чадахгүй байна.

Энэхүү саад тотгорын нэгэн жишээ бол хөрөнгө бүрдүүлэлт болон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг болох өргөн хүрээтэй үйлчилгээг явуулахын тулд хуулиар банкуудад олгосон өргөн хүрээтэй эрх мэдлийн эсрэг явуулж буй үйл ажиллагаа юм. Санхүүгийн зохицуулах хорооноос банкуудын эрх мэдлийг гажуудуулж зөвхөн одоо оршин буй үр ашиггүй монополиудыг хадгалж үлдэх төдийгүй Монгол Улсын тэргүүлэгч банкуудын цаашдын өсөлт хөгжил болон өрсөлдөх чадварыг хязгаарласан хуулийн төслийг саяхан боловсруулжээ.

-Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хөрөнгө оруулалтын банк болон банкны үнэт цаасны үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос бий болгожээ. Банкны үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж байгаа. Хөрөнгө оруулагч болоод үнэт цаасны зах зээлд банкнаас явуулах үйл ажиллагааг хязгаарласан гэсэн үг. 60-аад брокер диллерийн компанийн үйл ажиллагааг хамгаалж үлдэхийн тулд банкны оролцоонд хязгаарлалт хийлээ.

-Монголын банкуудыг жижиг гэдэг. Тэгвэл томруулах, нөгөө талаар банкуудын зээлийн хvvг бууруулах ямар боломж байна вэ?

-Хvv өндөр байгаа нь Монголын эдийн засаг болоод төгрөгийн ханштай холбоотой. Төгрөгийн ханш 2010 онд 16 хувиар нэмэгдчихсэн байгаа бол 2011 оны нэгдvгээр сараас хойш төгрөгийн ханш тав хvртэл хувиар өссөн. Монголбанкны тогтмол хvv 11 хувь байгаа бол инфляци найман хувь руу орж ирлээ. Тэгэхээр энэхүү учир дутагдалтай хүчин зүйлүүдээс болоод Монголбанкны тогтоосон хүү зах зээлийн тохиромжтой хүүг тогтооход саад болж байна. Мөн хүү өндөр байгаа явдал нь банкны секторуудын тэнцвэргүй өрсөлдөөн, төрийн бодлого болон өөр бусад зүйлээс шалтгаалан буурахгүй байна. Ерөнхийдөө инфляцийн дарамт, төгрөгийн ханшны өсөлттэй байгаа ч зээлийн хүү буурна гэж таамаглаж байна. Дээрх хүчин зүйлүүдээс болоод Монголын банкууд томорч чадахгүй байна. Одоогоор Монголд гурван том банк байгаа. “Голомт” банкны хувьд 27 хувийн өсөлт гаргасан ч банкны системийн хэмжээнд энэ өсөлт харьцангуй бага 41 хувь байдаг. Тэгэхээр Монголын банкууд дотооддоо өөрийнхөө хөрөнгөөр томрох магадлал тун бага. Тиймээс гадаадын капиталыг татах замаар хөрөнгөө өсгөх, томруулах боломж бий. Энэ утгаар “Голомт” банк тэргүүлэх гаднын санхүүгийн хоёр том байгууллагатай хамтарч ажилладаг. Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын зөвлөл нөгөө нь Швейцарийн тэргүүний банк Кредит Свисс юм. Цаашдаа ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, ойрын хугацаанд IPO гаргана гэж төлөвлөж байна. Ер нь баялаг, боломжийг дагаад гадны санхүүгийн байгууллагууд Монгол орныг ихэд сонирхож орж ирнэ. Энэ нь Монголын банкуудад хөрөнгийн хуримтлал бий болгох, хүрээгээ тэлэхэд ашигтай байх болно. Гадаадын банкуудын суурин төлөөлөгчийн газар олноор байгуулагдах төлөвтэй байна. Тухайлбал, Нидерланд, Их Британи, Австралийн банкууд төлөөлөгчийн газраа байгуулчихлаа.

-Та Европ, Ази, Ойрхи Дорнодын банкуудад ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан олон улсын банкир хүн юм. Тэрхүү туршлагаасаа хуваалцана уу. Монголын хувьд таны өмнө нь ажиллаж байсан орнуудаас ямар онцлогтой байна вэ?

-40 жилийн турш банкны салбарт ажиллаж арвин их туршлага хуримтлуулжээ. Уул уурхайн салбар нь дөнгөж хөлд орсноос эхлээд хөгжилд хүрсэн үеийг туулсан орнуудад ажиллаж байлаа. Бруней, Индонез, Катар, Кувейт гэх мэт. Хамгийн гайхалтай, бахархмаар нь тухайн улс орныг дөнгөж хөгжиж цэцэглэх үед ажиллаж тэдгээр улс орны жаргал зовлон бэрхшээлийг хамтдаа даван туулсан явдал. Мөн зарим нь ашигт малтмалын бүтээгдэхүүнийг экспортолж хөгжсөн улс шүү дээ.

Миний хувьд туршлагаа илүү хуваалцсан нь Катарын үндэсний банкинд гүйцэтгэх захирал болоод Катарын Сангийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан үе. Тэр үед 1995 онд Катарын ДНБ нь зургаан тэрбум доллар байсан нь одоогийн Монголын нөхцөлтэй адилхан байлаа. Харин тус улс 16 жилийн дараа ДНБ-ий хэмжээгээ 120 тэрбум ам.доллар хүртэл өсгөсөн. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөрөө дэлхийн хамгийн хурдан хөгжилтэй оронд орно. ДНБ-ий өсөлт нь 11,6 хувиар өссөн. Дэлхийн хамгийн хурдацтай өсөлттэй орноор Хятадыг нэрлэдэг нь ташаа мэдээлэл юм.

Тэгэхээр миний бие Монгол Улсыг ДНБ-ий өсөлтийн хөгжлөөр дараагийн 10 жилд Катар улсыг гүйцэж очно гэдэгт итгэж байна. Катар нь дэлхийн хамгийн баян улс болж байгаа юм. Нэг хүнд 82000 ам.доллар ногдож байна. Монгол Улсын ДНБ ойрын хугацаанд бага орлоготойгоос дунд, дундаас их рүү хүрч өсч, хөгжихөөр байна. Монголын дөнгөж хөгжиж хөл дээрээ босч буй банкийг олон улсын стандартын мэргэжлийн банкны түвшинд хүргэхэд санхүүгийн тогтвортой хөгжлийг бий болгоход өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа цаашдаа ч оруулах болно гэдгээрээ бахархаж байна.

-Та манай уншигчдад анхны бизнесийн шинэ санаагаа хэрхэн амьдруулж байсан тухайгаа сонирхуулахгүй юу?

-Сонирхолтой асуулт байна. Туршлагатай менежер захирлуудын амжилтад хүрсэн түүх нь дандаа л өөрсдийн алдаанаас суралцсан байдаг. Нөгөө талаар алдаанаасаа сэргийлэх, тэр алдаа юунаас болж гарав гэдгийг мэдэж байвал амжилтад хүрэх нэг хүчин зүйл болно.

Хамгийн анхны шинэ санаагаа ярихын тулд дөрвөн жилийн өмнөх түүх яръя. 40 жилийн өмнө 1971 онд Бруней улсын Стандарт Чартеред банкинд ажиллаж байлаа. Бруней бол маш амжилттай хөгжиж байгаа орон. ДНБ нь 12 тэрбум ам.доллар хүрсэн байна. Тухайн үед улсын эдийн засгийг шингэн хийн экспорт авч явдаг байлаа. Тэр үед ДНБ нь маш бага буюу 170 сая ам.доллар. Маш бага орлоготой, жижиг жижиг хотхонууд тархсан байдалтай байсан. Миний хувьд энэ улсын хөгжлийн потенциалын чадавхийг харсан. Хэрэглээний банкны маш их шаардлага боломж байгаа нь анзаарагдсан. Манай банк гурван салбартай тул тэрхүү жижиг жижиг олон хотхон бүрт салбар нээх боломжгүй. Ингээд би мобайл буюу нүүдлийн банкны үйлчилгээг нэвтрүүлсэн. Интернэт, утаснаас өмнө шүү дээ. Яаж сэтгэсэн гэхээр автобусны дотор талд банкны салбараа байгуулаад жижиг хотхонууд руу дамжин явж, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэг байсан. Одоо тус банк долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

-Өнөөдөр Монголд бизнесийн шинэ санаатай хүн олон байна. Та тэдэнд зөвлөгөө өгөхгүй юу?

-Шинээр бизнес эхлэх, шинээ санаа санаачилгын хязгааргүй их боломж Монголд байна. Энэ бол зөвхөн бизнес эрхлэгч болон бизнесмэнүүдийн хөрөнгийн боломжоос шалтгаална. “Голомт” банк бизнесийн инкубатор хөтөлбөрийг зарим харилцагчтайгаа хамтраад хэрэгжүүлж байгаа. Монголын залуус болон бизнес эрхлэгчдийн бизнесээ төлөвлөх, хөрөнгөө нэмэгдүүлэхэд туслах зорилгоор ийм хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн 1000 хүн амтай Гурвантэс суманд хөтөлбөрийнхөө хүрээнд сургалт явуулахад 90 гаруй хүн хамрагдсан. Ингэснээр сумын иргэдэд жижиг бизнес эрхлэх суурь нөхцөлүүдийг сурч авч, уул уурхай дагасан жижиг бизнес эрхлэх боломжтой болж байгаа юм.

-Манай улсын хөгжлийн хандлага банк санхүүгийн байгууллагуудыг цаг үетэй нийцсэн үйлчилгээ үзүүлэхийг шаардаж байх шиг байна?

-“Голомт” банкны хувьд салбартаа тэргүүлэгч, шинийг анхлан санаачлагч байсаар ирсэн. Монголд анхны электрон банк, картын болон АТМ-ын үйлчилгээг нэвтрүүлсэн. Анхны хувийн тэтгэврийн санг өөрсдийн ажилчдын дунд нэвтрүүлсэн бол Хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирж байна. Энэ бүх үйлчилгээг зөвхөн манайх бус бусад банк ч явуулж байгаа. Ер нь улс орны болон иргэдийн хөрөнгө мөнгө нэмэгдэж байгаатай холбогдуулан хөрөнгө санхүүгийн шинэ үйлчилгээ, боломжууд гарч ирж байна. Зах зээлийн шинэ нөхцөл байдалтай уялдсан үйлчилгээг манай банк шуурхай үзүүлэх болно.