Ж.Далай: “Туул-Улаанбаатар” төсөл Туул голыг аварна

Усны үндэсний төвийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ж.Далайтай усан хангамжийн хомсдолын талаар ярилцлаа.

-Жил бүрийн өдийд Туул голоо нэхэн санагалзаж, нийтийн хэлэлцүүлэг өрнүүлдэг боллоо. Бусад цагт нь мартчихдаг гэж болох энэ олон ажлын үр дүн нь юу вэ?

-Усны нөөцийн асуудал дэлхийн бараг бүх улсын амин чухал сэдэв болоод байна. Саяхан Франц улсын Марсель хотод хуралдсан Дэлхийн усны VI форумаар хүн бүр усаар тэгш хангагдах эрхийн асуудлыг хөндлөө. Тус хуралдаанаар 2050 он гэхэд цэвэр усны хэрэгцээ 1.5 дахин нэмэгдэх бөгөөд үүнээс үүдэн орон нутаг төдийгүй дэлхий дахинд усны төлөөх үймээн гарч болзошгүйг сануулсан. Оросын эрдэмтэн Ю.Лужков “Дэлхийн III дайн уснаас үүдэлтэй байх ба их ус хуримтлуулж чадсан улс л цаашид хөгжих болно” гэж хэлсэнчлэн усны нөөц, хангамж улам ач холбогдолтой сэдэв болж байна. АНУ-ын Нью-Йорк хот ус сэлбэх найман боомт бүхий усан сантай байхад Москва хот дөрвөн усан сантай байх жишээтэй. Харин манай улсын нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг голын сав дахь газрын доорхи усаар хангадаг нь Туул гол. Туул урсацаа сэлбэх усан сангүйгээс ачааллаа даахгүй амь тэмцэж жил ирэх тусам амьсгалаа татаж байна шүү дээ. Тиймээс л бид хэлэлцэж, ярилцахгүй бол болохгүй байна. Усгүй бол мөхөл ойрхон шүү дээ.

-Олон хэлэлцүүлэг, хэлэлцээр, төсөл хэрэгжиж байгаа ч үр дүн нь юу байна. Хамгийн ойрын жишээ болох Туул голд чиглэсэн хэдэн арван төсөл хэрэгжиж байгаа ч урсгал нь татарсаар л байна шүү дээ?

-Судалгаагаар 2016-2017 он гэхэд Улаанбаатар хотын усны хэрэглээг одоогийн газрын доорхи усны эх үүсвэрүүдийн хүчин чадал хангаж чадахгүйд хүрнэ гэж гарсан. Цаг хугацаа ийм давчуу байхад Туул гол анх удаа тасарч байгаа юм шиг гайхаж цочирдсон байдалтай сүржигнэцгээх нь зохимжгүй. Нэг үеэ бодоход бидэнд мэдлэг, санхүүжилтийн тал дээр бэрхшээл тулгараад байх нь гайгүй болсон. Хамгийн чухал нь ажил хэрэг болгох, хамтран ажиллах чадвар л дутагдаж байна. Хүн бүхэн тал талд өөр өөр юм ярьж, нэгнээсээ өөр юм хэлж байгаа нь чухал алхам, бодит үр дүнд хүргэхгүй байна. Ус бол улс орны оршин тогтнох, хөгжлийн стратеги юм.

-Өмнө нь “Хэрлэн-Говь”, “Орхон-Говь” төсөл хэрэгжиж байсан. Одоо “Туул-Улаанбаатар” төслөөс гадна “Тайшир-Алтай” төслийн талаар их яригдах боллоо. Эдгээр төслийн талаар товч танилцуулаач?

-Манайханд аливаа юмны алсыг харахгүй хэтэрхий улс төржүүлээд байх сул тал байна. Юутай ч “Хэрлэн-Говь” төслийн судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа. Харамсалтай нь түүнд зарцуулахаар тооцож байсан хөрөнгөөр олон улсын нисэх буудал барихаар болсон байна лээ. Дэмий л хугацаа алдаж байгаа юм. Гэхдээ тун удахгүй ойлгох байх гэж найдаж байгаа. Ойлгоод ч зогсохгүй Хэрлэн гол дээр хэд хэдэн усан сан байгуулж өгөөч гэж гуйх хүсэх цаг холгүй болов уу. Сүүлийн жилүүдэд хүмүүс боомт бүхий усан сан байгуулах, гадаргын ус ашиглах төслүүдийг ойлгож дэмжих болсонд баяртай байна. “Орхон-Говь” төсөл эхэлж хэрэгжихээр санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдсэн сайхан мэдээтэй. Салбарын бүх яамд болоод нутгийнхан ч дэмжсэн саналаа өгсөн. Тус төслийг хэрэгжүүлснээр Орхон голын усны нөөцийг баяжуулж цаг хугацааны аль ч үед жигд урсгалтай болох юм. Харин “Тайшир-Алтай” ус хангамжийн шугам хоолойн төслийн ТЭЗҮ-ийг 2010 онд манай төвөөс санаачлан ХБНГУ-ын “Феросстаал Индурстриенлаген” ХХК, “Пайплайн Инженер Тийм” ХХК, Монгол Улсын “Престиж” групп, Монгол-Швейцарийн “Евро Хан” компаниуд хамтран боловсруулсан. Говь-Алтай аймгийн Алтай хотын усны асуудлыг шийдэх нь төслийн зорилго юм.

-“Туул-Улаанбаатар” төслийн талаар дэлгэрэнгүй ойлголт өгнө үү?

-Нийслэлчүүд бид одоо зөвхөн Туул голын сав дахь газрын доорхи усыг л 100 хувь ашиглаж байна. Гэтэл хаврын улиралд худгийн усны түвшин доошлоод, Туул голын урсац тасраад байна шүү дээ. Иймд гүний хэдэн худаг нэмэх замаар шийдвэрлэж болохгүй. “Туул-Улаанбаатар” төсөл нь Туул голын урсацад олон жилийн юмуу улирлын тохируулга хийх замаар Улаанбаатар хотын усан хангамжийг ойрын ирээдүй болон алс хэтэд найдвартай хангах, усны эрчим хүч гарган авах, ус цэнгэгшүүлэх байгууламж бүхий цогцолбор байгууламж барьж, хүн амын ундны болон ахуйн, томоохон үйлдвэр, объектийн усан хангамжийг шийдвэрлэж, голын сав газрын экосистемийн таатай нөхцлийг бүрдүүлэх замаар Туул гол тасрах, гэнэт ихээр үерлэж сүйтгэл тарих зэрэг аюултай үзэгдлүүдээс сална . “Туул-Улаанбаатар” төслийн ерөнхий схем газрын доорхи болон гадаргын усыг хосолсон байдлаар ашиглаж, цаашдаа газрын доорх усны олборлолтыг багасгах бодлого баримтлах нь нөхөн сэргэлт удаантай газрын доорхи усны эх үүсвэрийг тогтвортой урт хугацаанд ашиглах, сав газрын экологи, байгаль орчныг хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ. Энэ шийдэл нь Туул голын болон түүний сав газрын экологийн орчныг доройтолд оруулахгүй, урсац тасрахгүй байх үндсэн арга зам болно. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хэрэглээнд 296,5 мян.м3/хон хүртэл ус нийлүүлэх боломжтой юм. Төслөөр хоёр усан сан байгуулна. Уг төсөл нь Туул голын сав газрын экосистем, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой, техникийн хувьд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Энэ төсөл богино хугацаанд өртгөө нөхөх эдийн засгийн чадавхитай. Энэ төсөл хэрэгжсэний дараа Туул гол тасрах гэдэг ойлголт алга болно гэдгийг баттай хэлье.