Ж.Эрдэнэбат: ХАА-н биржээр улаан буудай арилжаална

Хөдөө аж ахуйн биржээр өнгөрсөн онд дөрвөн төрлийн бүтээгдэхүүн арилжжээ. Малаас гарч буй түүхий эдийг ченжүүдэд дамжуулахгүй байх зорилгоор уг биржийг нээсэн. 2013 онд тус бирж 400 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Цаашид биржийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой буй аж. Тус биржийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбаттай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.
-ХАА-н биржээр хэрхэн арилжаа хийж буй талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Брокер диллерийн компаниуд малчдын бараа, түүхий эдийг нь зарж өгөөд үнийн дүнгээс 1-3 хувийн шимтгэл авч байгаа. Энэ журмыг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан. Тухайлбал, манай биржээр өнгөрсөн онд 403.6 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Үүнд 26 брокерийн компани оролцсон. Дээрх арилжаанаас бирж 0.3-0.5 хувийн шимтгэл авдаг. Харин харилцагчтайгаа брокерийн пүүсүүд хэрхэн тохирсныг би мэдэхгүй. Ашигтай учраас арилжаанд оролцсон байх.
-Бүтээгдэхүүнээ арилжихын тулд брокерийн компаниудад тухайн малчин хэрхэн хандах вэ?
-Малчдад хоёр сонголт бий. Тухайн бүтээгдэхүүн малчны өөрийнх нь өмч. Ноолуураа зах зээл дээр шууд зараад бэлэн мөнгөө авч болно. Эсвэл брокерийн компаниудад бүтээгдэхүүнээ өгч арилжигдсаны дараа мөнгөө банкаар дамжуулан авах боломжтой. Үүний нэгдүгээр хувилбарыг малчид сонгож байна. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөөр шууд арилжих нь илүү гэж тэд үздэг. Бирж байгуулагдсанаар үнийн мэдээлэл тэнцвэртэй хүрдэг болсон. Өмнө нь ченжүүд тухайн сумын малчидтай дурын үнээр тохирдог байв. Харин одоо малчид биржийн нэгдсэн үнэ харж байгаад оргил үед нь арилжаа их хийж байна. Бирж ажиллуулаад эхлэхэд хоршоо зайлшгүй байгуулах шаардлага гарч ирсэн. Багийн хоршоо байгуулж, тэр нь суман дээрээ төвлөрөн түүхий эдээ нийлүүлэн, савлаж арилжаалах боломжтой болгохын тулд “Хоршоо” төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна.
-Биржийн үнэд хэн хяналт тавих вэ. Ченжүүд биржийн ханшаас өндөр үнэ хэлэх байх?
-Хэн өндөр үнэ хэлсэн нь түүхий эд авах нь ойлгомжтой. Гэхдээ үйлдвэрлэгч болон экспортлогч нийт зах зээл дээрх дундын үнийг харгалзан үздэг. Өөрөөр хэлбэл, нэг хүн 68 мянган төгрөгийн ханштай байгаа бүтээгдэхүүнийг 100 мянгаарзаръя гэвэл хэзээ ч биелэгдэхгүй. Брокерийн компаниуд тухайн бүтээгдэхүүний зарах ханшийг нэг цагийн турш нээлттэй авдаг. Үүний дараа хамгийн их арилжигдах боломжит үнийг тогтооно.
-Улсын хэмжээнд хэчнээн цэгт арилжаа хийж байна вэ?
-Хөдөө аж ахуйн биржийн брокерийн компаниудад хязгаар тогтоогоогүй. Орон нутагт аймаг хариуцсан брокерийн компаниуд бий. Нийслэлд ч мөн адил. Манайд одоогийн байдлаар 30 брокерийн компани арилжаа хийж байна.
-ХАА-н биржээр амьд мал арилжаална гэж байсан. Энэ хэзээ ажил болон хэрэгжих бол?
-Бэлтгэл ажил хангагдсан. Одоо сургалт явагдаж байна. Брокерууд амьд мал хэрхэн арилжих талаар мэдээлэлтэй болсны дараа малчдаас захиалга авах юм. Санхүүгийн арилжаа учраас алдаа гарах магадлалтай. Тиймээс энэ талын мэдээллийг дэлгэрэнгүй өгөх шаардлагатай байгаа.
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд биржээр хэчнээн төрлийн бүтээгдэхүүн арилжаалсан бэ?
-2013 онд ҮХАА-н сайдын тушаалаар таван бүтээгдэхүүн арилжихаар батлагдсан. Ноолуур, хонь, тэмээний ноос, улаан буудай, тосны ургамал юм. Үүнээс улаан буудайг арилжаалж чадаагүй. Үүн дотор хамгийн их нь 6382 тонн буюу 380 гаруй тэрбум төгрөгийн ноолуур арилжигдсан. Энэ жил мал өнгөрсөн оныхоос 10.3 хувиар өссөн статистик гарсан байна. Тэгэхээр малаас гарах түүхий эдийн хэмжээ ихсэх байх.
-Малын гаралтай түүхий эдээс бусад бүтээгдэхүүн биржээр арилжих боломж байгаа юу. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Малын гаралтай түүхий эдээс бусад бүтээгдэхүүн арилжих бүрэн боломжтой. Гэрээний хэлбэрт оруулж арилжина гэсэн үг. Гэхдээ манайд Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн тухай хууль гэж гарсан учраас энэ чиглэлд ажиллаж байна. Цаашид өргөжиж, бусад бараа арилжаалахыг үгүйсгэхгүй.