Зайрмагны борлуулагчаас Nestle-гийн захирал хүртэл

1944 онд Австрийн Виллах хотод төрсөн Петер-Брабек Летмате Веннын Олон улсын худалдааны их сургуулийн эдийн засгийн ангийг төгсчээ. 1968 онд “Nestle” компанид борлуулагчаар орж, удалгүй шинэ бүтээгдэхүүн боловсруулагчийн албан тушаалд дэвшжээ. Тэрбээр Чили улсад компанийнхаа борлуулалтын менежерээр 10-аад жил,1981 онд Эквадор дахь компанийнхаа захирлаар, 1983 онд Венесуэл дэх захирлаар тус тус ажилласан байна. Түүний хувьд албан тушаал байнга өсч явсаар 1997 онд компанийнхаа гүйцэтгэх захирлаар сонгогдсон юм. Летмате 2008 оныг хүртэл энэхүү албыг хашаад эдүгээ “Nestle”-гийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Түүний шаргуу дайчин, хөдөлмөрч чанар, мөн ажилдаа сэтгэлээсээ дуртай байдал нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэж үздэг. Шүлс асгаруулам амттай зайрмагийг өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл борлуулж, өөрийн бизнесийн бяцхан амжилтдаа хөөрөн баярлаж явсан Петер-Брабек Летмате тухайн үедээ дэлхийд алдартай том компанийг удирдан чиглүүлэгч болно гэж төсөөлж явсан болов уу.

Летмате “Ньюком” компанийн урилгаар Монголд зочилж манай хувийн хэвшлийнхэнтэй бизнесийн арга туршлагаас хуваалцахаас гадна усны асуудлаар сонирхолтой лекц уншиж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Түүний энэхүү лекц, ярилцлагыг манай сэтгүүл дараа дараагийн дугаартаа нийтлэн хүргэх болно. Харин энэ удаа бизнесийн нууц, амжилтын талаар түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Mongolian Economy сэтгүүлийг сонгон ярилцлага өгч байгаа танд талархсанаа илэрхийлье. Хоёулаа таны бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байсан түүхээс ярилцлагаа өрнүүлье?

-Би гэдэг хүн Nestle- тэй амьдралаа хол­боод 44 жил болчихжээ. Бараг бүхий л амьдралынхаа туршид энэ компанитай хамт байсан гэж хэлж болно. Анх би Австри улсад мөхөөлдөсний худалдаа хийдэг байлаа. Өглөөний нарнаас орой хүртэл мөхөөлдсөө зарж, олсон мөнгөндөө баясаад их л аз жаргалтай байдаг байсан санагддаг. Хурдтай хөгжиж буй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын дунд бизнесээ эхлэх хуучны сайхан аргуудын нэг нь ийм төрлийн жижиг бизнес байсан тул тэр үед тийм ч гайхаад байхаар сонин зүйл байгаагүй юм. Учир нь, бизнесийн гол цөм нь борлуулалт байдаг. Бүтээгдэхүүн хийж, үйлдвэрлэл явууллаа гээд мөнгөжихгүй. Харин тухайн бүтээгдэхүүнийг борлуулж эхлэхэд мөнгө орж ирдэг. Бид ийм л замаар бизнесээ эхлүүлсэн.

-Та кофе уух дуртай юу?

-Миний өглөөний цай гэж хэлж болно. Өглөө босоод хамгийн түрүүнд бага зэргийн шоколад хийсэн аяга кофе уудаг.

-“Nestle” дэлхийд тэргүүлэгч­дийн нэг. Амжилтын нууцаасаа хуваалцана уу?

-Амжилтад хөтөлсөн тодорхой хүчин зүйлүүд бий. Нэн тэргүүний хүчин зүйл бол урт хугацааны зорилт. Танай компани урт хугацаанд хөгжиж чадах эсэх нь алсын хараатай шийдвэрүүд гаргаж буй эсэхдээ итгэлтэй байхад оршдог. Ахархан хугацааны өндөр ашгийн төлөө бус урт хугацаанд нийгэм болоод хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангасан үнэт зүйлийг бүрдүүлэх асуудал маш чухал.

Хоёрдугаарт, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг ихэд хүндэтгэдэг байх хэрэгтэй. Дэлхийн хэрэглэгч гэсэн нэг тодорхойлолт байдаггүй. Та дэлхий дээрх хэрэглэгчдийг хоорондоо яг таг адилхан гэж бодож болохгүй. Бүс нутаг, улс гүрнээрээ өөр өөр байдаг. Тухайлбал, Монгол, Хятад, Японы хэрэглэгчдийг хооронд нь харьцуулбал тэдний хооронд асар том ялгаа бий. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд хэт ерөнхий авч үзэхгүй байх нь ихээхэн чухал. Хэрэглэгчдэд нөлөөлөхүйц шийд­вэр нь үргэлж тухайн бүс нутгийн түвшинд гардаг.
Гуравдугаарт, санхүүгийн хүчирхэг суурь баазтай байх хэрэгтэй.

-“Nestle”-гийн баримталдаг зарч­муудын талаар сонирхуулахгүй юу?

-Манай компани хүмүүсийн насан туршын сайн хүнс, сайхан амьдралын төлөө зогсдог. Үүний төлөө л гол зарчмаа тодорхойлж, дагаж мөрдөж, ажиллаж ирсэн. Сайн хүнс, сайхан амьдралыг нь цогцлоох үүрэг хүлээсэн хүмүүс хамгийн чанартай бүтээгдэхүүн хийхийн төлөө явах нь ойлгомжтой. Үнэндээ бид хүмүүсийг хорвоод мэндлэхээс нь өмнө халамжилж эхэлдэг.
Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд манай хэрэглэгчид. Үүний дараагаар хүүхдүүдийг амьдралын гараагаа зөв зохистой эхэлж цаашлаад сайхан амьдарч буй эсэхэд анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, нярайн тэжээ­лийн бүтээгдэхүүн Milo байна. Хүүхдийн өсөлт хөгжилтөд дэмжлэг үзүүлж, өсвөр насанд нь хань болдог бүтээгдэхүүн гэж хэлж болно. Мөн ахмад насны иргэдэд зориулсан бүтээгдэхүүн ч бас бий. Энэ мэтчилэн хүний амьдралын бүхий л хугацаанд “Nestle” кофе болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээрээ дамжуулан хамтдаа байдаг. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын бүхий л үеүүд бидэнд хамаатай юм даа.

-Танай компанийн түүхэн туршлага болоод амжилт юуг өгүүлдэг гэж Та бодож байна вэ?

-Аливаа нэг компанийн амжилтад 2-3 голлох хүчин зүйл байдаг. Бидний тухайд, огцом эргэлтэд хөтөлсөн замыг сонгосон юм. Зах зээлд байдаг эсвэл тухайн үеийнхээ хамгийн шилдэг арга замыг сонгож аваагүй. Харин түүнээс илүүтэйгээр зах зээлд тэсрэлт хийсэн тийм л шинэлэг санаанд анхаарлаа чиглүүлсэн. Жишээлбэл, өөрөө уусдаг кофены тэргүүлэгч VR компанийг аваад үзье л дээ. Бид тэр үед яасан бэ гэхээр кофены борлуулалт, үйлчилгээний зах зээлд жинхэнэ шинэчлэл болсон Nespresso кофе-г гаргаж ирсэн юм. Үүнтэй адил манай компани өнөөдөр цайны ертөнцөд тэсрэлт хийхээр дөнгөж саяхнаас төслүүд хэрэгжүүлээд эхэлж байна. Иймэрхүү жишээг, бизнесийн шинэ санааг та өөрийн компанидаа ч туршиж үзэж болно. Шинэ бүтээлээр тэсрэлт хийж, өрсөлдөгчөө хол хаях нь аль ч компанид хамгийн үнэ цэнэтэй асуудал юм. Монголын компаниудын хувьд ч ийм үүд хаалга нээлттэй шүү дээ.

-Nestle эдүгээгийн дэлхийн шилдэг томоохон компани болохдоо багагүй бэрхшээл саадыг туулсан байх. Хүндрэл бэрхшээлийг туулах нь бизнесийн амжилтын үндэс болдог гэдэг. Та юу гэж хариулах вэ?

-Амьдралд хэцүү асуудал бишгүй тохиолддогийн адилаар миний бие энэ компанид 44 жил ажиллахдаа маш олон саад бэрхшээлтэй тулгарч явлаа. Хамгийн гол нь чиглэлээ зөв тогтоож, өөрөөр хэлбэл, өгөөж сайтай чигийг тууштай барьж явах нь эрсдэл саадын алийг нь ч ажралгүй өнгөрөөнө гэсэн үг. Улмаар та өөрөө бэрхшээлийг боломж болгон хувиргах арга замыг төвөггүйхэн олж чаддаг болно. Эрсдэл, боломж хоёр хоорондоо маш ойрхон оршдог. Зарим үед энэ нь тухайн хүний сэтгэлгээний л асуудал байдаг. Сайнаар харвал маш том саад бэрхшээл дундаас сайхан боломж олддог.

-Бизнесийн сайн удирдагч гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Дэлхий дээр бизнесийн нэр хүндтэй, алдартай эсвэл танил бус удирдагчид надад олон бий. Миний хувьд сайн удирдагч гэж өөрийн компанийн үйл ажиллагааг нэг шатаас нөгөө рүү шилжих үйл явцад бодитой тус хүргэж чаддаг хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, жинхэнэ удирдагч хэзээ нэгэн цагт сэтгэл зүтгэлээ зориулсан компаниа орхиод явах тохиолдолд тухайн компани нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан байдаг. Ийм хүн бол удирдагч мөн.

-Монголчуудын хувьд компанийн нийгмийн хариуцлагыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх тухай ярьж эхлээд байгаа. Манайхан үүнийг түлхүү мөнгөн хандив, янз бүрийн арга хэмжээг ивээн тэтгэх гэж ойлгодог. “Nestle” нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

-Энэрэнгүй сэтгэлээр бэлэн мөнгө өгөөд байх нь нийгмийн хариуцлага үнэндээ биш. Бидэнд хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг бий. Өршөөнгүй сэтгэлээр мөнгө тараагаад байх эрх ерөнхий захиралд ч байхгүй. Өглөгч загнах нь хувьцаа эзэмшигчдийн хувийн мөнгөнд л хамаатай асуудал. Хэрэв хүн өөрийн мэдлийн мөнгөөр ямар нэг зүйл хийхийг хүссэн бол тэр хүний эрх. Гэхдээ ерөнхий захирал, удирдлагуудад хувьцаа эзэмшигчдийн мөнгийг хэрэглэх, хамаагүй зарцуулах асуудал байж болохгүй л дээ.
Миний бодлоор нийгмийн жинхэнэ хариуцлага гэдэг нь компанийн зүгээс голлох бодлого чиглэлдээ хувьцаа эзэмшигч болон нийгэмд зориулсан үнэт зүйлийг бий болгох асуудлыг сайтар тусгаж өгсөн байхыг хэлэх болов уу. Компанийн нийгмийн хариуцлагыг хүртээмжтэй үнэт зүйлийг бүтээх гэж нэрлэдэг. Бид ингэж ойлгож, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн.

-Тухайлбал?

-Энэ бол их энгийн зүйл. Та хотын гадна нэгэн тосгонд шинээр гарч ирж буй зах зээлд чиглэсэн үйлдвэртэй боллоо гэж бодъё. Гэтэл бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй тул нийгэм дэх нөлөөлөл тэр хэмжээнд маш томорч, асуудал үүснэ гэсэн үг. Тиймээс та үйлдвэрээ барихаас өмнө хүмүүсээ бэлтгэж эхлэх хэрэг гарна. За тэгээд ханган нийлүүлэгч олдохгүй, хэрэгтэй механик, цахилгааны мэргэжилтэй хүмүүс ч олдохгүй болно. Тэднийг сургаж авах шаардлагатай тулгарна. Мөн эргэн тойронд байгаа ханган нийлүүлэгчид чанартай нийлүүлэлт хийх үү, үгүй юу гэдэгт итгэлтэй байх ёстой.

Таны бизнесийн зүгээс үзүүлж буй нийгэм дэх нөлөөлөл маш том учир та нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнийг бий болгох шаардлага гарна. Жишээлбэл, тухайн тосгон хаягдал усыг цэвэршүүлэх эх үүсвэргүй бол тийм төрлийн станц барих хэрэгтэй. Үүний дараа та тосгоны иргэдийг бохир усаа ус цэвэршүүлэх станц руу хийхийг зөвшөөрнө. Энэ нь таны нийгэмд тулгамдсан асуудалд оролцож буй нэг хэлбэр болох юм.

Компанийн нийгмийн хариуцлага бол ажил хэргээ зөв зохистой явуулахын хажуугаар үүргээ ухам­сарлаж нийгэм дэх үнэт зүйлийг бэхжүүлэхэд оролцоогоо чиглүүлэх гэж ойлгож болно. Энэ нь манай компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлдэг арга барил юм.

-Дэлхийн бизнесийн чиг хандлага хаашаа явж байна вэ?

-Бид одоо их эгзэгтэй эмзэг үед байна. Бидний урьдчилж хараагүй олон өөрчлөлт болсоор байна. Тухайлбал “Арабын хавар” тэргүүтэй олон хямралыг нэрлэж болно. Нөгөө талаас, эерэгээр харвал асар хүчирхэг ардчилсан хөгжил байна. Дэлхий дээрх хүн бүрт хүртээмжтэй шинэ боломж, шинэ үүрэг хариуцлага гарч ирж байна гэсэн үг. Сайхан амьдралд хөтлөх сайн хүнсийг илүүтэй чухалчилдаг компанийг төлөөлөн Монголд ирсэн бизнесмэнийн хувьд ирэх жилүүдийг, ирээдүйг өөдрөг сэтгэлээр харж байна.

-Дэлхий дээр кофены олон компани бий. Танай компанийн хувьд өрсөлдөгчөө хэрхэн харж, үнэлж дүгнэдэг вэ?

-Nestle бол ямар ч эргэлзээгүйгээр дэлхий дээрх кофены хамгийн том компани гэж хэлнэ. Бид бусдыг их хол орхисон гэж боддог. Өнөөдөр дэлхий дээрх 100 аяганы 25 нь NesCafe-гаар тамгалагдсан байдаг. Бид зах зээлд өөрсдийн бизнесээ тогт­вортой хөгжлийн замаар хөтлөн авч явж, манлайллаа тэр хэмжээнд дээшлүүлэхийг зорьдог. Магадгүй бу­сад компани кофенд илүү ач холбогдол өгч ажиллаж байгаа байх. Гэвч бидний хооронд маш том ангал бий. Тэр бол бидний манлайллыг өдийг хүртэл авч явж байгаа онцлог хөшүүрэг юм. Манай шинэ кофены төрлүүд тухайлбал, NespressoNesCafe, Dolce, Gusto мөн удаан хугацаанд хадгалж болдог Сappuccino гэх мэт бүтээгдэхүүн байна. Бид янз бүрийн хүсэл сонирхолд тохирсон бүхий л төрлийн кофены хэрэглээг бий болгож чадсан.

-Монголын уул уурхайн баялаг дэлхийн анхааралд орж, үндэстэн дамнасан корпорациуд хэдийнэ манайд үйл ажиллагаа явуулж байна. Таны хувьд Монгол орноос ямар шинэ боломжуудыг харж байна вэ?

-АНУ-ын Вашингтон хотод байр­ладаг Дэлхийн банкны дэргэдэх Төр, хувийн хэвшлийн түншлэлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Германы Усны нөөцийн группын даргынхаа үүднээс би Монголд хоёр ч удаа ирсэн. Өмнө нь ирэхдээ “Монгол дахь боломжууд ба усны менежментийг хэрхэн сайжруулах вэ” гэсэн асуудлаар Монголын Засгийн газартай ярилцаж байлаа. Тэр үед би энэ удаагийнх шиг Nestle-гийн захирлын үүднээс ирээгүй.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийг миний хувьд бахдан хүлээн авч, ихээхэн дэмжиж байна. Танай оронд улс орноо хөгжүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох, мөн шинэ бизнесийн олон боломж байгааг харж байна.

-Та усны асуудлаар дэлхийг төлөөлж ажилладаг хүн. Ер нь усыг хэн хамгаалах вэ?

-Ус бол хүн төрөлхтний хамгийн үнэтэй түүхий эд. Иймд хүн бүр усыг хайрлаж хамгаалах ёстой. Энэ бол ямар нэг хувь хүн, албан байгууллагын голчлон хариуцах асуудал бус дэлхий дээр хүн болж мэндэлсэн иргэн бүрийн үүрэг хариуцлага юм. Харамсалтай нь бид урт хугацааны тогтвортой амьдралын үндэс гэдэг үүднээс нь устай хүндэтгэлтэй харьцдаггүй. Тийм л учраас өнөөдөр бид ингэж их усны асуудалд санаашраад санаа тавиад байгаа хэрэг л дээ.

-Монгол Улс хүрэн эдийн засгаас ногоон руу шилжих тухай мөн л ярьж байна. Та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ногоон эдийн засаг хэмээх чиг хандлага дэлхий дээрх олон орны эдийн засагт үндэс сууриа баттай олжээ. Копенгаген хотноо долоо хоног үргэлжилсэн дэлхийн нийтийн дээд хэмжээний Ногоон уулзалтад оролцож байхдаа энэ асуудал бүх нийтийн зовнилыг хүртэж эхэлснийг мэдэрсэн. Байгалийн нөөцийг ашиглаж буй өнөөгийн арга барил тогтвортой бус гэдгийг бид ойлгож байгаа. Одоогийнх шиг нөөц баялгаа ашигласаар байвал энэ дэлхий дээрх 11 тэрбум хүнийг байгаль яагаад ч тэжээж, бас аз жаргалтай амьдруулж чадахгүй юм. Бидний хувьд е. Ногоон эдийн засгийн үндсэн уриа хэт материаллаг хэрэглээг халъя л гэсэн үг шүү дээ. Дэлхийн олон орон энэ уриаг хэрэгжүүлээд Засгийн газрынхаа нэн тэргүүний бодлого болгоод явж байна.

-Та Монголын бодлого тодорхой­логчидтой уулзаж усны асуудлаар ярилцсан байгаа. Манай төрийн түшээдийн хандлагыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Анх Давосын уулзалтын Байгалийн баялгийн хэсгийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаад ихэд гайхан биширч билээ. Намайг усны талаар ярьж байхад, тэрбээр над руу эргэж хараад “Юу гээч таны саяын хэлсэн зүйлс чинь Монгол Улсад дэндүү их хамааралтай юм байна. Та бидэндтэй хамтарч ажиллах тухай бодож үзээрэй” гэж билээ. Энэ удаагийн миний айлчлал бидний ярилцсан асуудлуудын хүрээнд хийсэн ажил биш. Харин өнгөрсөн оны зургадугаар сард би Монголын Засгийн газраас зохион байгуулсан усны чуулга уулзалт дээр Монголд тулгарч буй сорилтуудын талаар санал бодлоо хэлэх зорилгоор оролцсон юм. Өдийг хүртэлх хугацаанд бид усны асуудлын гүнд бага ч гэсэн орж чаджээ.

Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын хамтаар байгаль орчны тунхагт гарын үсэг зурсандаа маш их баяртай байна. Уулзсан хүмүүсээс харахад Монголын ирээдүйд усны асуудал ямар их ач холбогдолтойг ийм хэмжээнд ойлгож ухаарсан байгаад миний сэтгэл их хөдөлсөн. Тэдэнд усны төлөөх сэтгэлийн болоод улс төрийн чин хүсэл эрмэлзлэл байгаа нь хамгийн сайн зүйл юм.