Залуу зохион бүтээгчдийн үзэсгэлэн

Залуу зохион бүтээгчдийн шинэ шийдэл, шилдэг бүтээлийн үзэсгэлэн болж байна. Хүүхэд залуучуудаа дэмжих, тэдний бүтээлийг олон нийтийн хүртээл болгоход зориулан гаргаж байгаа энэхүү үзэсгэлэнд дунд сургуулийн сурагч, оюутан залуусаас гадна “Ньюком” зэрэг зарим томоохон компани оролцож байна.

Үзэсгэлэнд оролцогчдын ихэнх нь дунд сургуулийн сурагч байсан бөгөөд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх төрөл бүрийн бүтээлийг дэлгэн тавьсан байлаа. Тухайлбал, гар аргаар ажилладаг угаалгын машин, гутал цэвэрлэгч, хувцас хатаагч гээд сонирхол татах бүтээл олон байсан юм. Тэр дундаа Говь-Алтай аймгийн Гуулин дунд сургуулийн 9а ангийн сурагч Г.Сандагдорж хүүгийн урласан шил зүсэгч олон хүний анхаарлыг татаж байсан юм. Тиймээс түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Бүтээлийнхаа талаар манай уншигчдад танилцуулж болох уу?
-Би хоёр найзтайгаа хамтар шил зүсэгч хийсэн. Жирийн шил зүсэгчийг бодвол илүү олон үйлдэлтэй учраас хэрэглэгчдэд таалагдах байх гэж найдаж байна. Тухайлбал, бөөрөнхий, гурвалжин, дөрвөлжин гээд шилийг өөрийн хүссэн хэлбэр, хэмжээгээр зүсч болно.

-Шил зүсэгчээ ямар материалаар хэдий хугацаанд хийсэн бэ?
-Шил зүсэгчээ хийхийн тулд гар доорх материал ашигласан. Рольк, алмааз, хос шарик, бумба буюу хананд тогтоогч, гол төмөр зэргээс уг шил зүсэгч бүрдэнэ. Мөн шилийг товших, хагалах, хөдөлгөөнгүй барих нэмэлт багаж байгаа. Хийхэд тийм ч урт хугацаа ороогүй ээ. Гэхдээ материалаа олох гэж жаахан цаг авсан.

-Бүтээлийнхий санааг хэрхэн олсон талаараа сонирхуулахгүй юу?
-Санаагаа найзуудтайгаа хотод ирээд олсон. Улаанбаатар хотод маш олон шилэн байшин байдаг. Тиймээс энэ том шилийг яаж зүсдэг бол гэж бодсон юм л даа. Тэгээд л шилийг янз бүрийн хэлбэрээр зүсдэг багаж хийх талаараа багш нартаа хэлсэн.

-Хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчилж болно шүү
-Бидний хийсэн шил зүсэгч лаг шүү. Цаашдаа шил зүсэгчээ сайжруулж, илүү гоё болгох бодолтой байгаа. Одоогоор жаахан үзэмж муутай байгаа л даа. Гэхдээ удахгүй гоё болноо.

Үзэсгэлэн Монголын залуучуудын холбооны “Залуучуудын нээлттэй танхим”-д гурав хоног үргэлжлэх юм байна.