Залуу Монголд тулгамдаж буй асуудлууд

Монголын хүн амын 34.9 хувь нь хийж, бүтээх насандаа яваа залуус байна. Эл тоо 2040 он гэхэд 30 орчим хувь болж буурах төлөвтэй байгаа ч бас ч гэж өндөр үзүүлэлт гэдгийг НҮБ-ын “Хүний хөгжлийн үндэсний илтгэл 2016” арга хэмжээний үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман хэлсэн юм. Хүний хөгжлийн хувьд манай улс хэдийгээр 0.7 үнэлгээ авч үзүүлэлтээ ахиулан дэлхийн 188 орноос 90 дүгээрт буюу Хятадтай эн зэрэгцэн яваа. Түүнчлэн 2000 оноос хойш Хүний хөгжлийн индексээ жилд 1.35 хувиар урагшлуулж байгаа нь чамлахаар тоо биш юм. Учир нь Монголын өмнө жагсах орнуудын өсөлтийн хурд тэр хэмжээний эрч үзүүлэхгүй байгааг онцлох хэрэгтэй. Биата Транкман “Монгол бол залуу орон. Монголын нийт хүн амын гуравны нэгийг бүрдүүлэх 15-34 насны хүмүүс хөдөлмөрийн насных. 2040 он гэхэд Монголын хүн ам дөрвөн сая болж өсөх таамаг байгаа тул Үндэсний хүний хөгжлийн зургаа дахь тайланг Монголын 15-34 насны залууст чиглүүлсэн” хэмээсэн. Мөн тэрбээр “Энэхүү концепцийг анхлан танилцуулсан цагаас хойш Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтуудад тусгасан олон зорилтуудад сайн үзүүлэлт гаргасан. Үүний тусгалыг Хүний хөгжлийн индексээс харж болохоор байна. Өнгөрсөн онд гэхэд л Монгол Улс анх удаагаа “Хүний хөгжил өндөр” гэсэн ангилалд багтаж орсон” гэлээ.

Нэг хүн нэг жилд хэрэглэж буй согрууруулах ундааны хэмжээ (+15 нас, литрээр)

Гэхдээ залуусын хөгжилд тушаа болж буй олон асуудал байгаагаас дурьдвал тэднийг чадавхжуулах, тэдний нийгэм, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг багтаж буй. Харин сонирхол татаж буй асуудал бол залуусын эрүүл мэнд, аж амьдралын өнөөгийн байдал. Тэгэхээр Монголын маргааш болсон залуус хэрхэн аж төрж байгаагаас улсын хөгжил шалтгаалах юм.

Монголын эдийн засаг хурдацтай өсч байсан ч дундаж наслалт тийм ч ахисангүй. Дундаж наслалтын хувьд 2000 онд 64.2 байсан үзүүлэлт тогтвортой өссөөр 2014 онд 69.4 болсон нь 1990 оноос хойш хүүхэд, нярайн эндэгдлийг бууруулсантай холбоотой гэдгийг Хүний хөгжлийн үндэсний тайлангаас харж болно. Мөн нярай болон таваас доош насны хүүхдийн эндэгдэл 1990 онд огцом буюу 76.9 хувиар, 2013 онд 81.3 хувиар тус тус буурсан байгаа юм. Гэвч анхаарал татаж буй асуудал бол эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж насжилтын ялгаа улам нэмэгдэж байгаа явдал аж. Хоёр жилийн өмнөх тоогоор энэхүү ялгаа 10 жил байсан бол дэлхийн дундаж 4.6 жил байдаг аж. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт ахихгүй байгаа нь залуу эрчүүдийн наслалтай холбоотой байх талтай гэдгийг тайланд дурьдаж. 1990-2012 онд 15-34 насны эрчүүдийн дундаж наслалт буурсан үзүүлэлттэй байгаа юм. Иймд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насжилтын ялгаа улам нэмэгдэж байгаа нь анхааралдаа авах зүйл зайлшгүй мөн болохыг зөвлөжээ. Тэгвэл залуус юуны улмаас урт наслахгүй байна вэ?

Энэхүү асуултад хариулт олохын тулд хүний аюулгүй байдлыг хөндөх хэрэгтэй аж. Аюулгүй байдлын асуудал нь үндсэн долоон категориос бүрддэг: эдийн засгийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, хувь хүний аюулгүй байдал, нийгмийн болон улс төрийн аюулгүй байдал. Түүнчлэн хүний аюулгүй байдлыг хангахад заналхийлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, тэдгээрээс сэргийлэх болон хүний аюулгүй байдалд үзүүлж буй нөлөөллийг таслан зогсоох зэрэг нь тун чухал ач холбогдолтой аж. Гэтэл залуусын аж амьдралд сөргөөр нөлөөлөх маш олон зүйл манай улсад хэвийн үзэгдэл мэт оршин тогтнож буй. Тухайлбал, архи, тамхины зүй бус хэрэглээ, зам тээврийн осол зэрэг нь залуусыг эрүүл мэндийн хувьд өртөмтгий болгож байгаагийн зэрэгцээ гэмт хэргийн золиос болгож байгааг онцлох хэрэгтэй. Олон улсын хэмжээнд авч үзвэл гэмт хэргийн дийлэнхийг 15-30 насны эрчүүд үйлддэг байна. Монгол Улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогчдын 48.4 хувь 18-34 насныхан байгаа бол ял сонссон хүмүүсийн 63.9 хувь нь тус насныхан байгаа юм. Гэмт хэргийн золиос болсон эмэгтэйчүүд 2011 онд 37 хувь байсан бол өнгөрсөн оны дүнгээр 40 хувь болж өсчээ. Ийн өссөн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэнтэй холбоотой байж болохыг тайланд тусгасан байгаа юм. Мөн хүний наймаа, бэлгийн хүчирхийлэлд залуу эмэгтэйчүүд өртөх нь нэмэгдсэн гэх харамсалтай тоо бий. Дэлхийн хэмжээнд хүний наймаа нь асар хурдацтай тархаж буй зохион байгуулалттай гэмт хэргийн төрлүүдийн нэг болжээ. Жилд 800 мянган хүүхэд, эмэгтэй, эрэгтэйчүүд тус төрлийн гэмт хэргийн золиос болдог гэх таамаг байна. Ийм төрлийн гэмт хэргийн анхны тохиолдол Монгол Улсад 2000 онд бүртгэгдэж байж. Үүнээс хойш манай улс хүний наймааны “эх сурвалж”, дамжин өнгөрөх зогсоол гэгдэх болжээ. 2006-2007 онд хүний наймаатай холбоотой хэргүүд 10 дахин өсч 13 байсан тоо 115 болсон байгаа юм.

Хүний хөгжлийн үзүүлэлтүүд ахиж байгаа ч манай залуусын амьдралд төдий л хүртээлгүй байгааг дээрх баримтуудаас харж болно. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал аюулгүй амьдрах чухал хүчин зүйлүүд болох боловсролын хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, мөн эрүүл мэндтэй холбоотой байгаа нь залуу үеийхэнд хамгийн том эрсдэл болж буйг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжил, Мянганы хөгжлийн зорилтуудын хөтөлбөрийн багийн ахлагч Ж.Должинсүрэн өөрийн илтгэлээр хөндсөн юм. Тэрбээр “Өнөөгийн дүр зургаар гэр бүлийн хүчирхийлэл, дарамтлал, тэгш бус байдал, ажилгүйдэл гэх мэт нь залуусын хүчирхийлэлд өртөх эмзэг байдлын суурь шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс болж байна. Эдгээрт анхаарахын тулд эрх зүйн тогтолцоо, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төр болон нийгмийн дэмжлэг үзүүлэх нь тэдний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал” гэсэн юм. Түүнчлэн өнөөдөр манай улсад залуусын хөдөлмөр эрхлэх боломж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ур чадварын зөрүү болон жендерийн ялгаатай байдлаас үүдэн хязгаарлагдмаг байгааг Ж.Должинсүрэн дурьдсан. Иймд эдгээр залуусын хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, тэднийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэх, тэдний амьдарлын чанар, эрүүл мэндийн асуудал, аюулгүй байдал зэрэгт анхаарал хандуулах шаардлага тулгарч байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд “Монгол Улсын Хүний хөгжлийн илтгэл 2016”-г танилцуулах үйл ажиллагааны үеэр онцолсон юм.


Mongolian Economy сэтгүүлийн 2016 оны №12 /114/ дугаараас

Б.Үүрийнтуяа