Замын түгжрэлийг шийдэх гарцыг хайж байна

НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж газар олголт, барилгажилт болон замын түгжрэлийг бууруулах арга замын талаарх ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцлаа. Энэ сарын 1-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх барилга байгууламжийн ажлаас бусад барилгын ажил шинээр эхлүүлж, өргөтгөхийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдаж тус асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал болвсруулжээ. Ажлын хэсгийн ахлагч С.Очирбат хэлэхдээ “Нийслэлд1300 га газарт шинээр барилгын ажил эхлүүлэхийг хотын ерөнхий төлөвлөгөө батлагдтал хориглох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, нийслэлийн барилгажсан хэсэг болох хэвтээ тэнхлэгийн дагуу нэгдүгээр хорооллоос Цайз зах, босоо тэнхлэгээр 19 дүгээр хорооллоос ЧД-ийн 32-ын тойрог хүртэл талбайд шинээр нэг ч барилга байшин бариулахгүй байхаар тогтоолын төсөлд оруулсан” гэв. Гэхдээ энэ тал дээр сөрөг байр суурьтай хүмүүс ч байсан. НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан “Хотын төв хэсэгт барилгын ажил шинээр эхлүүлэхгүй байх уг тогтоол нь иргэдийн эрх ашигт хэтэрхий халдсан, олон иргэдийг хөрөнгө мөнгөний хувьд хохироож болзошгүй дарангуйллын шинжтэй шийдвэр байх вий” хэмээн сануулсан. Дээр нь оруулж ирсэн төслөөр бол 1300 га талбайд нэг ч барилгын ажил эхлүүлэхгүй учраас энэ нутаг дэвсгэрт газар эзэмшиж буй иргэдийн газрын гэрчилгээг хүчингүй болгох хүртэл асуудал хуралдааны үеэр гарч ирсэн. Тиймээс тус асуудлыг дахин хэлэлцэж НИТХ-аар оруулж ирэхээр боллоо.

Үүний дараа Нийслэл тулгамдсан асуудлын нэг болж, олон хүний цаг завыг барж, уур бухимдлыг төрүүлдэг замын түгжрэлийг бууруулах арга зам, гарцын талаар ярилцсан юм. Үүнд нийт арван саналыг тухайлан гаргаж ирсэн. Үүнээс заримыг нь дурдвал, авто замын ачааллыг зохицуулахын тулд машинуудын улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялган ажлын өдрүүдэд 07.00-20.00 цагийн хооронд ачаалал ихтэй Их тойруу дотор, Нарны замын хойшхи хэсэгт замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох юм. Мөн Улаанбаатар хотод нийт 77 мянган төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 20 хувь буюу 15 мянган албан хаагч ажилдаа хувийнхаа унаагаар явдаг. Тиймээс тэднийг нийтийн тээврээр зорчуулах эрх зүйн зохицуулалт хийх, мөн зогсоол хүрэлцээгүйгээс иргэд машинаа томоохон худалдааны болон үйлчилгээний газрын үүдэнд болон нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулдгаас түгжрэл үүсгэдэг байдлыг арилгах зэрэг ажил хийх шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын орлогч Н. Гантөмөр онцолсон. Тиймээс уг төслийг ирэх долоо хоногт НИТХ-ын ээлжит хуралдаанаар ахиж хэлэлцэхээр тогтоолын төслийг дэмжлээ.