Замын цагдаад баярладаг шүү

Сонгуультай, газар шорооны ажил ундарсан, энд тэндгүй зам засвар өрнөж, дээр нь халуун нар шараад л мөн ч хэцүүхэн байдалтай өнгөрсөн зуныг үдсэн дээ нийслэлчүүд маань. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэгчлэн шинэчлэлийн Засгийн газрыг эмхлэн зохион байгуулах сиймхийгээр хаа сайгүй цалгар назгай байдал үүссэн үед нэг л байгууллага “Овоо доо” гэж олзуурхахаар ажиллаж, олон түмнээс талархал хүлээж байв. Тэр бол Замын цагдаагийн ерөнхий газар. Тийм ч учраас “Mongolian Economy” сэтгүүл 2012 онд хамгийн сайн ажилласан байгууллагаар Замын цагдаагийн ерөнхий газрыг нэрлэж байна. Өвлийн тэсгим хүйтэнд ч, зуны аагим халуунд ч ажлын байрандаа буюу зам дээр зогсож байдаг замын цагдаа нарын ажлын хариуцлага өндөр. Төрийн тусгай алба, цагдаагийн алба юм чинь тэгэлгүй дээ гэж Та бодож магад. Хэдий тийм ч сиймхийг ашиглаад нийтийн жишгээр назгайрч бас болно оо доо тэд. Гэхдээ тэгээгүй учраас оны хамгийн сайн ажилласан байгууллагаар хэвлэлийн хуудаснаа бичигдэж байна. Тэдний ажил ард түмэнтэй цаг ямагт хамт байдаг учраас олон нийтийн зүгээс замын цагдаагийн ажилд тавих дүнг ч олж мэдэх амархан.

“Хот” цагдаа хоёрын нөхөрлөл

Тэдний ажлыг зүгээр нэг ажиглалтаараа өнгөц үнэлэхийг хүссэнгүй. Өнгөрч буй онд хотын замын хөдөлгөөний зохицуулалтад ямар шинэ өөрчлөлтүүд гарсан бэ гэдгийг саная. Намар хичээл сургууль цуглаж ид хөдөлгөөн ихсэх үеэр цэнхэр хантаазтай хүмүүс гарц, гэрлэн дохион дээр зогсож, хөдөлгөөн зохицуулж, замын цагдаагийн ажилд тусалдаг болсон. Түүнчлэн өнгөрсөн зун энд тэндгүй зам засварын ажил хийгдсэн ч түгжирч түүртэх нь харьцангуй бага байна гэлцсэн. Мөн Улаанбаатар хотын шинэ удирдлагуудын зүгээс хотын замын хөдөлгөөнийг сааруулах зоримог тогтоол, шийдвэр, дүрэм журам гаргасан нь замын цагдаа нарын ажлын ачаалал, үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдүүлсэн. Замын ачааллыг сааруулахын тулд автомашиныг улсын дугаарын сүүлчийн тоогоор нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулж хэвшүүлэх хоёр сарын аян, бага сургуулийн хүүхдийг автобусаар зөөх тухай захирамж тушаал амжилттай хэрэгжиж, олон нийтийн зүгээс “иргэдэд чиглэсэн чухал арга хэмжээ болсон” гэж өндөр үнэлгээ авсан нь замын цагдаагийн хүнд хөдөлмөрийн үр шим юм. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос аравдугаар сарын 27 хүртэлх дээрх аяны хүрээнд замын цагдаа нар уртасгасан цагаар нойр хоолгүй шахам ажиллажээ. Энэ хугацаанд автотээврийн ослын дуудлага 20-30 хувиар буурсан тухай сайн мэдээ Замын цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлд тэмдэглэгдсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ч хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд Замын цагдаагийн ерөнхий газартай нягт хамтарч, тэдний ажлыг дэмжиж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, энэ онд Нийслэлийн гэрээт хөдөлгөөний хяналтын хэлтэс гэж хоёр тасагтай 120 хүнтэй бүрэлдэхүүнээр замын цагдаа хүч сэлбэжээ. Ингэснээр нэг замын цагдаагийн хариуцдаг нэгж нутаг дэвсгэрийн хэмжээ хумигдах, цаасан дээр байдаг ажлын норм нормативыг мөрдөхөд дөхөмтэй болсон гэсэн үг.

“Иргэн Та ч замын цагдаа”

Өнгөрсөн зун ширүүн бороонд шалба норон ажлаа хийж зогсоо нэгэн замын цагдаа залуугийн зураг facebook, twitter хуудсаар олныг шуугиулсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ нь иргэдийн зүгээс маш их талархлын үгтэй сэтгэгдэл “цуглуулж” замын цагдаагийн хүнд ажлыг үнэлэх, өмөлзөх сэтгэл олон түмэнд төрсөн билээ. Замын цагдаагийн ерөнхий газраас өнгөрч буй онд нийслэлийн зам тээврийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг сайжруулах үүднээс хэрэг зөрчлийн талаар иргэдээс мэдээлэл авч ажиллахад нэлээд анхаарсан байна. Өөрөөр хэлбэл, хотын замын хөдөлгөөнд оролцож яваа иргэн Та ч замын цагдаа гэсэн ойлголтыг бий болгож, үйлчлүүлэгчиддээ ойртсон нь хэрэг зөрчлийг цаг алдахгүй илрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хянахад ихээхэн эерэг нөлөө үзүүлсээр байгаа аж. Иргэдийн санал гомдлыг хүлээн авах шууд утас ажиллуулахаас гадна facebook хуудас нээсэн нь замын хөдөлгөөний зөрчилтэй холбоотой мэдээллийг иргэд шууд газар дээрээс нь баримтжуулан дамжуулах байдлаар том дэвшил болсон байна. Замын цагдаагийн өглөөний ээлж 07.00-14.00 цаг, оройн ээлж нь 14.00-21.00 цаг хүртэл аюулгүйн манаанд зогсдог бол шөнийн ээлж нь 20.00-08.00 цагийн хуваарьтай ажилладаг байна. Тэдэнд бүх нийтийн амралтын өдөр болоод баяр ёслолын үеэр амсхийх, баярлах цаг тун хомс. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоог сонин хэвлэлд янз бүрээр мэдээлдэг. Харин хамгийн сүүлд Замын цагдаагийн газрын шинэчилсэн мэдээллээр бол нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тоо 300 гаруй мянгад хүрсэн байна. Унтах нойр, амрах завгүй явдаг замын цагдаа нарт өнөөдрийн олсон амжилтаа улам бататгаж ажиллахыг хүсэн ерөөе.