Замын-Үүд нисэх онгоцны буудалтай болно

Дорноговь аймгийн Замын-Үүдэд нисэх онгоцны буудал байгуулахаар болжээ. Онгоцны буудлыг барих Ажлын хэсэг албан ёсоор томилогдсон бөгөөд тэднийг ИНЕГ-ын Нисэх буудлуудын үйлчилгээний газрын ерөнхий менежер М.Даваажав ахалж байгаа аж. Ажлын хэсгийнхний эхний ажил нь онгоцны буудал барих аэродромын талбай сонгох юм байна. Тэд одоогоор 3-4 газар сонгоод байгаа бөгөөд нарийвчилсан судалгаа хийсний дараа эцсийн шийдвэрээ гаргах гэнэ.

Энэ талаар ИНЕГ-ын Буудлын мэргэжлийн хэлтсийнхнээс тодруулахад “Онгоцны буудал барих газрыг сонгоход дэд бүтэцтэй ойр байхаас гадна өндрийн саад, салхины чиглэл, хилийн зурвасаас хэдэн км хол байх гээд судлах зүйл их байна. Жишээ нь, салхины чиглэлийг тооцохын тулд сүүлийн таван жилийн судалгаанд үндэслэх хэрэгтэй. Ингээд газраа сонгосны дараа зураг төсвөө гаргаад, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулна. Тэгэхээр барилгын ажил хараахан эхлэх болоогүй” хэмээв.