Засуул төрийн эрэлд

Монгол түмэн дэлхийд юугаараа танигддаг вэ? гэсэн асуултын хариу их энгийн байх боломжтой. Чингисийн их байлдан дагуулал, онгон зэрлэг байгаль, хагас нүүдлийн соёл, уул уурхайн асар их баялаг гэх мэт. Гэвч сүүлийн үед энэ жижиг үндэстнээс дэлхийн урлаг, спортын тавцанд олон залуу авьяастан хүч түрэн гарч ирэх болсон билээ. Энгийн жишээ авахад нэг хүнд ногдох олимпийн наадмаар тухайн цагтаа БНМАУ өөрийн ах ЗХУ-аас дутахааргүй сайн байв. Сүүлийн жилүүдэд ч тэр 1000 хүнд ногдох олимпийн алтан медалийн тоогоороо дэлхийд эхний гуравдугаарт бичигдэж буй юм.

Бостон Баллетын гоцлол бүжигчин Монгол залуу Нью-Йоркийн сонгодог урлагийн тайзнаа өөрийн өнгө төрхийг нэмж буй бол Москва хотноо зохиогдсон дэлхийд алдартай олон улсын дуурийн дуулаачдын ээлжит тэмцээнд 200 шилдгүүд өрсөлдсөнөөс монгол бүсгүй түрүүг нь авч байлаа. Өсвөрийн математикчдын олимпиадад ч, эсвэл шатарчдын уралдаанд ч тэр өсвөр насныхан маань айрагдсан дуулдаж л байдаг. Эндээс үзэхэд монгол авьяас дэлхийн тавцанд гологдохооргүй байна. Онцлог нь эдгээр нь бүгд л хувь хүний авьяас, мөн хүчин зүтгэлээс хамаарч буй юм. Мэдээж авъяастнуудын маань ард буй багш, дасгалжуулагч нарын хөдөлмөрийг энд дурдах нь зүйтэй. Гэвч багаар тоглодог спорт, багийн ажиллагаанаас бүрддэг бизнесийн салбарт монголчууд төдийлэн сайнгүй. Өөрөөр хэлбэл, авъяаслаг монголчууд маань багаараа, компаниараа эсвэл нийгэм, нийтээрээ хамтарч ажиллах болохоор л үзүүлэх амжилт нь бүдгэрээд байх шиг. Монгол ухаанаар “хахаж цацаж”, “ханхалж” байдаг улс төрчдийн маань бодлогын чадавх ч тийм сайн биш гэж хувийн хэвшлийнхэн үздэгийг Дэлхийн банк, Дэлхийн өрсөлдөх чадварын төв, Дэлхийн эдийн засгийн чуулга (Давосын форум) зэрэг байгууллагын судалгаанаас бэлхэн харж болно.

Дэлхийн эдийн засгийн тавцанд монголчууд түүхий эдийн супер нийлүүлэгч буюу тоглогч болон гарч ирлээ. Энэ нь гэхдээ Монголын эдийн засагчид, улс төрчид, бизнесийнхэн сайндаа гэсэн үг бол мэдээж биш. Харин эцэг өвгөдөөс үлдэж ирсэн газар шороо, байгалийн хэвлийн үүцийг нээсэн хэрэг. Манайхтай адил жижиг үндэстнүүд биднээс дутахгүй сайхан амьдарч, санхүү, шинжлэх ухааны салбараа хөгжүүлж өөрсдийгөө тэжээж байна. Тодорхой хэлбэл, төр нь эдгээр салбарт бизнес эрхэлж буй компаниудаа зориудаар сайтар дэмждэг юм. Тэдэнд зориулж боловсролтой ажилтнуудыг нь бэлтгэж өгнө, тэдэнд зориулж зам барьж өгнө, ажлын байр бий болгох юм бол урамшуулж татварын хөнгөлөлт үзүүлнэ, гадаадын ижил төстэй компаниудтай “олон улсын рингэнд зодолдох” -д нь ил далдаар дэмжинэ. Америкийн капитализмын бэлгэ тэмдэг болсон “Женерал Моторс”-ыг ид мандаж байх үед “ЖМ-д сайн бол тэр нь АНУ-д ч сайн” гэсэн утга бүхий уриа хүртэл гарч байжээ.
Гэтэл Монголд байдал өөр. Гаднынхантай өрсөлдөх нь бүү хэл, дотроо ажлын байр бий болгох гэж ядаж буй хувийнхныг төр нь дэмжих гээд байгаа ч юм шиг, дарамтлах гээд байгаа ч юм шиг. Төрийн үндсэн үүрэг болсон нам инфляци, эрх зүйн тогтвортой орчин, боловсролын чанар, дэд бүтэц зэрэг нь социалист, капиталист чиг баримжаатай нь ялгарахгүй болжээ. Нөөц баялаг нь улам бүр багасаж буй дэлхий ертөнц дээр мэдлэг, хүн, нөөцийн төлөө ширүүн өрсөлдөөнөөр тодорхойлогдох цоо шинэ энэ цаг үед Монголын эдийн засаг “зэсийн засаглал”-ын ноёрхлоос “зэс-нүүрсний засаглал”-ын ноёрхол руу аажмаар шилжиж байна.

Уул уурхайн компаниуд ашигтай ажиллахын хэрээр чадалтай боловсон хүчнийг бүхий л салбараас “ховх сорох” болов. Өндөр цалин, байр, унааны тааламжтай нөхцөл амлах замаар банк, аялал жуулчлал гэх зэрэг үйлчилгээний салбарын ажилтнуудыг өөртөө урвуулах боллоо. Уул уурхайн салбарын экспортын орлогоос үүдэн төгрөгийн ханш чангарч байна. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг, эсвэл гаднын жуулчдаас гадаад валютаар орлогоо олдог компаниудын хувьд туйлын таагүй байдал үүсгэх аюултай. Учир нь, орох орлогоо өндөр ханшаар тооцсон үед гадаад валютын ялангуяа ам.долларын ханш унах нь тэдний ашигт сөргөөр нөлөөлөх юм.

Уул уурхайн бус салбарынхны хувьд ийнхүү зардал өсөж, ашиг буурах үзэгдлийг Голланд өвчин гэдэг. Зүйрлэвэл айлын хотонд хэдэн том биетэй тэмээ орж ирээд тэнд байсан бог малыг хөөж гаргаснаас өөрцгүй.
Энэ нөхцөлд төрийн үүрэг ямар байх вэ? Эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

Бид уул уурхайн бус салбаруудаа хэрхэн олон улсын зах зээлд бэлтгэх талаар анхаарах ёстой. Эдгээр салбарт ажиллахаар очиж буй төгсөгчдийн мэдлэг, чанар олон улсын шаардлагыг хангахуйц байж энэ өөрчлөлт хийгдэнэ. Харин энэ талаар төрийн оролцоо тун болхи хэвээр байгаа юм. Улсын нэртэй хэдэн их, дээд сургуулийн удирдах зөвлөлд тэр чигээрээ улс төрчид суухыг өнөөдөр бид төрийн сайн оролцоо гэж хараад дасчихаж. Гэтэл хааяа хэдэн хүүхэд шахахаас өөр ид шидгүй, хуралдаа ирж шийдвэрээ гаргаж өгдөггүй тэдгээр улс төрчдөөс болж их, дээд сургуулиудад хийгдэх ёстой реформ хийгдэж чадахгүй байна. Хөшүүн удирдлагын тогтолцооноосоо болж их, дээд сургуулиудын бүтээгдэхүүнүүд зах зээлийн эрэлтийг хангахуйц уян хатан байж чадахгүй байна.

Гадаад ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Монгол Улс ч гэсэн хувийн хэвшлийнхний шургуу хөдөлмөрөөр нүүр царайгаа алгуур өөрчилж, байгалийн хэвлийд биш, хүний овсгоо самбаандаа найдаж хөгждөг орон болох замдаа алгуур гулссаар буй юм. Гэвч бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн зах зээлд төр өөрөө биш, харин хувийн хэвшлийнхэн өрсөлдөнө. Хувийн хэвшлийнхэн маань дэлхийн дэвжээнд зодоглохоор дэвж буй хүчит бөхчүүд билээ. Харин төр маань ердөө л бөхийн засуул юм. Хясуул биш, засуул төр болсон цагт монголчууд бид “зэсийн засаглал”-аас “зах зээлийн засаглал” руу шилжсэн гэж хэлэх эрхтэй болох билээ.