Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжинэ

Манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох шаардлага зайлшгүй гарч буйг онцолж, “Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан өнөөдөр анхны хэлэлцүүлгээ хийлээ. Хөтөлбөрийг энэ оноос эхлэн 2017 он хүртэл хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Гол зорилго нь зах зээлийн өрсөлдөөнд бизнес эрхлэгчдийг шударгаар оролцох боломжийг нэмэгдүүлэх, үр ашигтай, тогтвортой бизнесийн өрсөлдөөний орчныг бий болгох, төрөөс зах зээл, өрсөлдөөнд нөлөөлөх нөлөөлөл, зохицуулалтыг багасгах аж. Хэлэлцүүлэгт Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, МҮХАҮТ-ын төлөөлөл болон төрийн, төрийн бус байгууллагын төлөөлөл, эдийн засагч, эрдэмтэн судлаачид зэрэг 70 гаруй хүн оролцлоо. Тэд хөтөлбөрийн анхан шатны хувилбарыг хурлын үеэр хүлээн авч, санал бодлоо хэлсэн. Мөн байгууллагууд хөтөлбөртэй илүү нарийн танилцсаны дараа албан бичгээр удахгүй явуулахаар болсон.

Гэхдээ дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн хүрээнд багагүй хүндрэл буйг олон хүн дурдсан. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар энэ талаар ярихдаа “Монголын бизнесийн орчныг сайжруулахын тулд юун түрүүнд улс төр, бизнесийн бүлэглэлийн холбоо, сүлбээг салгах шаардлагатай байна. Бидний хийсэн судалгаагаар УИХ-ын гишүүдийн 80 орчим хувь нь ардаа ямар нэг том бизнестэй байгаагаас эрх ашгийн сонирхол үүсэж байна. Тиймээс үүнийг зохицуулах заалтыг хөтөлбөрт тусгах шаардлагатай” гэв. Мөн Өрсөлдөөний тухай хуулийг ч эргэн харах шаардлагатай байгааг тэрбээр сануулсан. Харин Нийтийн тээврийн газрын төлөөлөл ярихдаа “Өнөөдрийн байдлаар манай нийт зорчигчийн 53 хувь нь хуулийн дагуу үнэгүй зорчиж байна. Тиймээс ихээхэн хүндрэл үүсдэг. Өрсөлдөөний орчныг сайжруулахын тулд ихээхэн анхаарах шаардлагатай” хэмээв. Харин МҮХАҮТ-ын Нэгдсэн бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүй хэлэхдээ “Зах зээлд өрсөлдөөн бий болгоход хувийн хэвшлийн оролцоо чухал үүрэгтэй. Гэхдээ шударга өрсөлдөх эрх зүйн орчин бүрдсэн цагт л энэ байдал бүрдэнэ” гэв. Ингэхийн тулд өрсөлдөөний бодлогоо зөв тодорхойлж, эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоо болон төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгаж, төрийн зарим чиг үүргийг нь хувийн хэвшил, мэргэжлийн холбоод өгөх хэрэгтэй гэсэн саналыг гаргасан юм.

Ийнхүү Зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байгаад тэд санал нэгдэв. Гагцүү бодлогоо зөв тодорхойлж, олон талын санал бодлыг тусгасан өгөөжтэй байлгах нь чухал гэдгийг ч оролцогчид сануулсан.