Зочломтгой бас хамтач байхын учир

Наадмаар зурагт үзэж суухад, гудамж, талбайгаар хэсүүчлэх гадаадын жуулчдаас “Монгол орон, монгол наадам хэр таалагдаж байна вэ?” гэж асууж буй хэсэг гардаг. Ёс юм шиг давтагддаг энэхүү сурвалжлагчийн асуултын хариу нь мөн л ёс юм шиг ижил байх нь олонтаа. Тухайлбал, “танай сайхан оронд ирсэндээ үнэхээр баяртай байна, хүмүүс нь их зочломтгой юм” гэх зэрэг үгсийг эелдэг инээмсэглэл дагуулан хэлдэг. Гэвч интернэт ухаж үзвэл, Монголд аялж үзсэн зарим жуулчдын сэтгэгдэл үнэндээ зурагтаар үзүүлсэн шиг сайхан байдаггүй нь харагддаг. Монгол руу очих үнэтэй, үйлчилгээний чанар дорой, мөн зарим нь уйтгартай гэнэ. Сэтгэгдэл нь мэдээж хэн нэг хувь хүн, эсвэл аль нэг аж ахуйн нэгжийг онцлоогүй, харин Монгол Улсыг ерөнхийд нь тодорхойлсон байдаг.

Дэлхийн ихэнх орон аялал жуулчлалыг экспортын бие даасан салбар гэж үздэг. Учир нь гаднын жуулчид ирж бараа үйлчилгээ худалдан авдаг. Монголын ихэнх ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрүүд ч энэ замаар экспорт хийдэг. Гэвч монголын ноолууран цамц, ороолт сэлтийг яг хэн аваад байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Монгол Улсад жилд 500 мянга орчим жуулчин ирдэг гэсэн албан ёсны статистик үзүүлэлт бий. Эдгээр “жуулчдын” тал нь буюу 50 орчим хувь нь өмнөд хөршөөс ирдэг улирлын чанартай ажиллагсад байдаг. Харин 25 орчим хувь нь жижиг наймаа хийхээр орж ирсэн умард хөршийн “ганзагачид” аж. Харин үнэхээр Монголд амръя, байгаль, соёл уламжлалтай нь танилцья гэсэн “жинхэнэ” жуулчид нь нийт зорчигчдын 25 хувь буюу 125 мянга орчим байх боломжтой. Эдгээр “жинхэнэ” жуулчдын ихэнх нь БНСУ, Япон, АНУ болон Европын Холбооноос ирж буй бөгөөд тэд ноолууран эдлэлийн гол худалдан авагч болно. Тэгэхээр Монгол Улс жилдээ 100-120 мянга орчим жуулчин хүлээж авдаг. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа юм. Мэдээж, эдгээр жуулчдын зарцуулж буй мөнгөний хэмжээ адилгүй. Зарим нь долоо хоногт 400 орчим америк доллар зарцуулж байхад зарим нь 1000 орчим америк долларт хүргэх жишээтэй. Зочид буудал, зоогийн газар, амралт сувилал, аяллын үйлчилгээ үзүүлэгчдийн орлого зэргээр дамжуулан аялал жуулчлалын салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 5-7 хувийг бүрдүүлдэг гэсэн тоо бий.

Эдийн засагт оруулж буй хувь нэмэр, түүнчлэн ажлын байр бий болгодог утгаараа аялал жуулчлалын салбар нь уул уурхайгаас ч дутахгүй ач холбогдолтой байх боломжтой нь харагдаж байна. Гэвч өсөх боломжтой энэ салбарт уул уурхайн салбар аюул занал учруулах болов. Түүхий эдийн экспортоос орж буй гадаад валютын урсгал нь төгрөгийн ханшийг чангаруулж, долларын ханшийг сулруулснаар, ихэвчлэн доллараар орлого олдог жуулчны компаниудын алдагдал өсч буй юм. Дээр нь сайн орчуулагч, хөтөч нараа томоохон уурхайн компаниудад алдах болжээ.

Түүнчлэн энэ салбарынхны өөрсдийн зохион байгуулалтгүй байдал бас нэрмээс болж байна. Уг нь Монгол соёлыг дэлхийд таниулж буй утгаараа аялал жуулчлалынхан даяаршиж буй өнөөгийн ертөнцөд үндэсний аюулгүй байдлыг бататгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь илт. Гэвч нэг уулын мухар сахиж аваад, бие биенээсээ өрсөн үнээ буулгаж, тэр хэрээр чанараа унагаж буй “довын сэтгэлгээ” нь нийт салбарынхаа нэр хүндийг унагаж, өрсөлдөх чадварыг нь доройтуулж буй юм.

Олон улсын нислэг үйлдэх эрх бүхий үндэсний агаарын тээврийн ганц компани нь төрд данстай. Төрийн өмчийн энэ компаниа хамгаалах гэсэн төрийн бодлогын үр дүнд гаднын томоохон авиа компаниуд манай агаарын тээврийн зах зээлд аажмаар ноёрхлоо тогтоосоор байна. Төрд ашигтай зүйл бүр ард түмэнд ашигтай байх албагүй. Харин ард түмэнд ашигтай зүйл бүр төрд ашигтай байх учиртай. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр аялал жуулчлалын салбарыг боомилж буй агаарын тээврийн үйлчилгээнд илүү өрсөлдөөн бий болгож, үнийг бууруулах замаар ирж буй урсгалын эрчийг нэмэх шаардлагатай байна.

Амь амиа бодсон аялал жуулчлалын олон компанийн амбицийн эсрэг үндэстний өрсөлдөх чадварын эрх ашгийг сөргүүлэн тавьсан төрийн бодлого ч ус агаар мэт хэрэгтэй байна. Жишээ дурдъя. Өнөөдөр Монголд банкны болон гар утасны зах зээл харьцангуй эрчтэй бас өрсөлдөөнтэй хөгжиж байна. Яагаад тэр вэ? Энэ хоёр салбарт нэгдсэн хэмжүүр болоод, нэгдсэн стандарт, шаардлага тавьдаг байгууллагууд байдаг юм. Монголбанкаар жишээ авья. Энэ нь банкуудад ижил шаардлага тавьж, бас зөвшөөрөл олгодог. Банкны нийт зах зээлийн статистик, тоон үзүүлэлтийг цуглуулан нэгтгэж, ерөнхий хандлагыг тодорхойлж өгдөг. Нийт зээлдэгчийн тоо, зээлийн чанар, банкуудын зах зээлд эзлэх хувь, нийт секторын өсөлт гэх зэрэг үзүүлэлтийг харах боломжтой. Үүрэн холбооны зах зээл ч мөн адил харьяа хороондоо мэдээллээ хүргүүлж байдаг. Гэтэл аялал жуулчлалын салбарт иймэрхүү өсөлт, бууралт болон хандлагыг хэмжих боломж маш хомс байна. Өөрөөр хэлбэл, “хэмжиж чадахгүй зүйлээ удирдаж чадахгүй, удирдаж чадахгүй зүйлээ сайжруулж чадахгүй” хэмээх үг энд биеллээ олж буй юм.

Энэ салбарыг харьяалдаг Засгийн газрын байгууллага бол бий. Гэвч тэдэнд Монгол банк шиг эрх алга. Энэ салбарт мэргэжлийн холбоод бий. Гэвч юу хийгээд байгаа нь ойлгомжгүй, бүрхэг байдаг нь эрхзүй болон үйл ажиллагааны чадамж нь тодорхой бус байдагтай холбоотой байж болох юм.

Ямартай ч энэ салбарт хамтач сэтгэлгээг түгээсэн, Монгол Улсын нэгдсэн маркетингийн бодлогыг зангидан боловсруулж, хэрэгжүүлэх чадавх бүхий байгууллага хэрэгтэй байна. Тус байгууллагын үндсэн үүрэг нь аялал жуулчлалыг кластр маягаар хөгжүүлэхэд оршино. Тэд нэгдсэн стандарт боловсруулж, дүрэм зөрчигчдийг сахилгажуулах замаар салбартаа дэг журам тогтоож, гадаад нэр хүндийг өргөх ёстой. Жуулчдаас сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, Монголд дахиж ирүүлэхийн тулд юу хийх ёстойг байнга тандаж байх хэрэгтэй. Интернэт сэтгэгдлүүдэд шинжилгээ хийсэн ч болохгүй зүйлгүй. Монголын компаниуд агаарын тээврийн аварга пүүсээс, хөдөөгийн замын дэргэдэх жижиг гуанз хүртэл нэг баг гэдгээ ухамсарлах шаардлагатай. Ингэж байж бид улс үндэстнээрээ далайн чанадын зах зээлд Хавайтай өрсөлдөж чадна. Өвөр хоорондоо өрсөлдсөн жалгын сэтгэлгээнээс хальж үндэстний хамтач сэтгэлгээг бий болгож чадвал Монголын аялал жуулчлалын салбарын өмнө асар том боломж нээгдэх нь тодорхой.