Зэсийн үнэд юу нөлөөлөв

Олон улсын зах зээл дэх зэсийн ханш өнгөрсөн сарын хоёр дахь долоо хоногоос уруудаж, сүүлийн гурван сарын доод түвшин буюу нэг тонн зэс 7620 ам.долларт хүрсэн. Ханшийн уналтыг шинжээчид Азийн эдийн засагтай холбон тайлбарлаж буй. Тухайлбал, БНХАУ-ын үйлдвэрлэл саарч, Японы жижиглэнгийн худалдаа буурч, мөн Шанхайн биржийн зэсийн нөөц сүүлийн гурван жилийн дээд түвшинд хүрсэн зэрэг үзүүлэлттэй холбоотой аж.

Харин Лондонгийн металлын биржийн шинжээчид Ази номхон далайн бүсийн хөрөнгийн биржийн индексүүд буурч, Францад ажилгүйдэл өссөн нь ханш уруудахад нөлөөлсөн хэмээн үзэж байна. АНУ-ын барилгын салбар өргөжиж, урд хөршийн импорт өсөж байгаа учир тус таваарын ханш дахин өснө хэмээн зарим шинжээч тайлбарлаж, “тохиолдлын” уналтад санаа зовох хэрэггүй хэмээн зөвлөв.